Э.Эрдэнэжамъян: Удирдах зөвлөлөөс эцсийн шийдвэр гарна

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян: Удирдах зөвлөлөөс эцсийн шийдвэр гарна

МАХН-ын Гүйцэтгэх товчоо даваа гаригийн орой хуралдаж, шинэчлэлийн Засгийн газраас гарах шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ хууль зүйн талаасаа шууд МАХН-ын гишүүд шийдвэр гараад эцсийнх болчихгүй аж. Энэ талаар болон бусад асуудлын хүрээнд МАХН-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас дараах асуултад хариулт авлаа.

-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрийг “Засгийн газраас гарах шийдвэр биш, сүрдүүлэг байсан” гэж зарим хүн тайлбарлаж байна?

-Би бол намыг албан ёсоор төлөөлж шууд албан ёсны мэдэгдэл гаргах эрхгүй хүн. Намыг намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга төлөөлж албан ёсны байр суурь илэрхийлдэг. Энэ утгаараа өчигдрийн Гүйцэтгэх товчооны хурлын шийдвэр өнөөдөр албажиж, албан ёсны болж гарна гэдгийг л хэлж чадах байна. Ер нь маргаашнаас Шадар сайд буюу МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва албан ёсоор бүрэн дүүрэн тодорхой мэдээлэл өгнө. Харин өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар ямар асуудлууд яригдсан бэ гэхээр орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцсэн. Энэ асуудалтай холбоотойгоор хэд, хэдэн бэрхшээл гарсан. Хамгийн гол асуудал нь шат, шатандаа манай намын 250-иад шахам хүн орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч нэр дэвших эрхээ хасуулаад өрсөлдөж чадаагүй. Өнөөдөр ч гэсэн орон нутгийн сонгуульд оролцоод ялчихаад гараад ирсэн хүмүүсийг ямар нэг байдлаар Сонгуулийн ерөнхий хороо, шүүхээс нь янз янзын аргаар татах гэж үзэж байна. Үндсэндээ “Шударга ёс” эвслийнхний хувьд энэ Засгийн газарт орсон хамгийн том үндэслэл нь улстөрийн хэлмэгдүүлэлтийг явуулахгүй гэсэн байдаг. Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр ч тусгагдсан заалт. Энэ заалт аль ч шатандаа хэрэгжихгүй даргаасаа эхлээд гишүүд, дэмжигчид орон нутагт хэлмэгдэж байна. Ийм нөхцөлд дээд удирдлагууд нь Засгийн газарт хамтраад байх шаардлагагүй гэж МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Тогтоолын тодорхой асуудал, дараа дараагийн алхмуудаар МАХН-ын дэд дарга тодорхой мэдээллийг маргаашнаас хийгээд явна гэж бодож байна.

-Гэхдээ МАХН дангаараа ийм шийдвэр гаргах эрхгүй биз дээ?

-Засгаас гарах шийдвэр нь хуулийнхаа дагуу заавал МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээр яригдах ёстой. Энэ шийдвэрээ албажуулаад эвслийнхээ Удирдах зөвлөлд хүргүүлнэ. Мөн МҮАН-ынхантай ярина, тэгээд Удирдах зөвлөлөөс шийдвэр гараад Засгийн газар, УИХ-д хүргүүлнэ.

-Хэрвээ МҮАН-ынхан “Засгийн газраас гарахгүй” гэвэл түүнийг нь дагана гэсэн үг үү?

-“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хурал дээр л шийдэгдэнэ, олонхи ямар шийдвэр гарна. Түүнийг дагана.

-Удирдах зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

-Удирдах зөвлөл 23 хүний бүрэлдэхүүнтэй, түүнээс найм нь МҮАН-ынх, үлдсэн нь МАХН-ын гишүүдээс бүрддэг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж