Засгийн газрын баталгаатай анхны бондын арилжаагаар 1,5 тэрбум
ам.доллар Монголбанкин дахь тусгай дансанд орж ирнэ. Энэ өдрөөс Монголын
төр уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй болов. Энэ онцгой эрхийг
онцгой хариуцлага дагаж ирдэг. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс өрийн тоолуур
гүйж эхэлнэ. Монгол Улс Засгийн газрын баталгаатай 1,5 тэрбум
ам.долларын хүүнд хоног тутамд 130-140 мянган ам,доллар төлөх юм. Энэхүү
өндөр “үнэтэй” мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд Эдийн засгийн
хөгжлийн яамыг байгуулсан билээ. Нөгөө талаас төсвийн зардлыг хэрхэвч
хэтрүүлэхгүй байх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдөх
зэрэг ахиухан ачааг Сангийн яам үүрч буй. Тэд яг 1,5 тэрбум ам,доллараа
гартаа барьж “үздэг”-ийн даваан дээр нам нь тэдэнд сайдын албаа
хүлээлгэн өгөхийг даалгав. Энэ бол улс төрийн намаас өгсөн даалгавар
учраас дагахгүй байх аргагүй. Товчхондоо өрийн тоолуур, төрийн хямрал
зэрэг эхлэв. Үүний цаад уршиг тун аюултай.
баталгаатай бондыг худалдан авахаар томоохон банк, санхүүгийн
байгууллага, том, жижиг хөрөнгө оруулалтын сангуудаас нийт 15 тэрбум
ам.долларын хүсэлт ирсэн.
Тэдгээрээс нийт 20 гаруй
байгууллагыг шилж 1,5 тэрбум ам.долларын бондоо тараан байршуулсан.
Тэдний дунд манай Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, зарим компанийн
бондыг худалдан авч байсан хөрөнгө оруулагчид ч бий. Тэр ч байтугай
үнэт цаасны зах зээл дээр нийт 1,6 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт
хийдэг хөрөнгө оруулалтын сан тодорхой хэсгийг нь худалдан авсан гэнэ.
Олон хөрөнгө оруулагчтай байхын нэг сайн тал нь хэн нэгнээс хэт хараат,
хэт хамааралтай байхаас сэргийлэх, чөлөөт өрсөлдөөний замаар хамгийн
боломжтой үзүүлэлтийг сонгож авах боломжийг олгосноороо сайн талтай.
Монголын Засгийн газрын баталгаатай “Чингис” бондыг чухам хаанахын, ямар
байгууллагуудад арилжсан тухай мэдээллээ Сангийн яам, Эдийн засгийн
хөгжлийн яамны вэб сайтуудад байршуулан олон нийтэд мэдээлнэ гэдгээ
Сангийн сайд Ч.Улаан телевизээр амлачихсан. Харин одоо “Тамирын голын
мөсийг долоох” шахаж байж олж ирсэн их мөнгөнөөс ч, өндөр хариуцлагаас ч
хашир сайд улс төрийн шалтгаанаар “мултарч” мэдэхээр байна.
Бондын
арилжааны үеэр дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд “Монголын Засгийн
газрын бонд дээр хамгийн олон хөрөнгө оруулагчид бооцоо тавьж, хамгийн
боломжийн хүүг амлаж, богино хугацаанд арилжаалан дээд амжилтуудын
оргил болж буй” талаар мэдээлж байсан. Гэхдээ манай улс зээлжих
зэрэглэлийн хувьд тогтвортой төвшинд байгаа нь түгшүүр төрүүлсэн. Харин
Сангийн сайд үүнийг тайлбарлахдаа “Нэмэлт үзүүлэлтээр дээрх төвшин
дотроо “Ирээдүйтэй” гэх үзүүлэлтээр солигдох ч гэдэг юм уу тухайн
Засгийн газрын бодлого, үйл ажиллагаат, эдийн засгийн нөхцөл байдал,
ойрын төлөв байдалтай холбоотойгоор ингэж тодорхойлсон. Тэр тусмаа өнөө
жил Монголд УИХ-ын сонгууль болсон, мэдээлэл бүрэн бус байгаа зэргээс
шалтгаалсан гэж үзэж болох талтай” хэмээсэн. Харин зээлжих зэрэглэл бүр
дордвол яана. Эдүгээ Монголд үүсээд байгаа шинэ нөхцөл байдал, тэр
тусмаа Засгийн газарт “салхи сэвэлзэж” мэдэхээр байгаа энэхүү сураг
чимээ үүгээрээ хор хөнөөлтэй.
“Хөрөнгө оруулагчид Монголыг
сонирхож байна” хэмээн бондоо арилжаалах ажиллагаанд оролцсон төрийн
төлөөлөл ам бардам ярьж байсан. Гэтэл хөрөнгө оруулагчдын тэрхүү
сонирхлыг Монголын төр итгэл болгон хувиргах ёстой билээ. Өөрөөр хэлбэл
улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн бодлого, бизнесийн орчин,
тэндээс хүлээж болох үр дүнгийн талаархи хөрөнгө оруулагчдын эргэлзээг
арилгах учиртай.
Гэтэл Монголын Засгийн газар нефтийн
бүтээгдэхүүний нийлүүлэлтээрээ байнга дарамтлагч хойд хөршөө хүртэл
атаархуулан байж бондоо арилжсан. Түүгээрээ нефть боловсруулах үйлдвэр
барих, 1800 км төмөр зам тавих, эрчим хүч, барилгын материалын
үйлдвэрлэл, зэс, металлургийн үйлдвэр гээд оросуудын “дургүй” бүхнийг
хийж хүчирхэгжих төлөвлөгөөгөө өөрсдөө улстөрийн шалтгаанаар,
тодруулбал нэг л хүний төлөө нураах нь хэнд ашигтай вэ. Монголын ард
түмний нийтлэг эрх ашгийн өмнө, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй
дүйцэхүйц яасан өндөр үнэтэй Н.Энхбаяр вэ.
Хэрэв Монголын шүүх
шийдвэртээ үнэнч үлдэж Н.Энхбаярыг уучлахгүй бол МАХН Засгийн газраас
гарах юм байна. Дараагийн Засгийн газар “Төсвийн алдагдал хаахгүй,
урсгал зардлыг санхүүжүүлэхгүй, нийгмийн халамжид зарцуулахгүй”
гэдгээрээ боломжийн нөхцлөөр арилжаалсан бондын зарцуулалт дээр
улстөржвөл яах вэ гэдэг асуултын хариуг хэн ч хэлж чадахгүй. Тэгвэл
хоног тутамд 130-140 мянган ам.долларын хүү төлөх нөхцлөөр “Чингис”-ээ
худалдчихсан Засгийн газрын дараагийн нүүдэл юу байх бол. Энэ бүхэн
Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны 24 жилийн ойн сюрприз гэхэд арай
хатуудах юм биш үү.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин