
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Шинэчлэлийн Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь өөрсдийнх нь хэлээд байгаачлан шударга ёс тогтоох гэсэн тэмцэл биш, зөвхөн Н.Энхбаяр даргынхаа шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгох зорилго агуулсан шинж агуулж байна гэж харах хүмүүс олон байна. Уржигдар Засгийн газраас гарах шийдвэр гаргасан атлаа өчигдрийн турш томчууд нь байр сууриа илэрхийлсэнгүй, албан өрөөндөө нам гүмхэн сууж өнжив. Хэвлэлийнхэн Шадар сайд Д.Тэрбишдагваас байр суурийг нь сонсох гэж албан өрөөнд нь очоод барсангүй, МАХН-ын дэд дарга гэдэг утгаараа түүний байр суурь хамгийн чухал байсан юм. Харин тэр өөрийнхөө өмнөөс Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаар МАХН ямар шалтгаанаар Шинэчлэлийн Засгийн газарт ажиллах боломжгүй болоод байгаагаа илэрхийлүүлж байх жишээтэй. Дэд сайд нь харин “Би МАХН-ын өмнөөс ярих боломжгүй байна” гэх мэтчлэн аяглах жишээтэй. Мөн түүний тайлбарласнаар МАХН-ын Засгийн газраас гарах эцсийн шийдлийг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл гаргана. Тэгж байж УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Засгийн газрын тэргүүнд шийдвэрээ хүргүүлнэ гэж байгаа нь аль болох цаг хожиж, барьцаа лавшруулахыг оролдсон явуургүй оролдлого мэт.
Төв байрандаа зарласан хэвлэлийн бага хуралд ч мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд удирдах шатнаас нь хэн нь ч оролцсонгүй. Уг нь МАХН Засгийн газраас гарах тухай асуудал улс төрд “АСУУЛТ” авчраад байхад тэд л хамгийн түрүүд дугармаар юм даа.
Г.ДАРЬ