Британийн угсаа залгамжлах хунтайж Уильямийн эхнэр Кэйт Миддлтон хөл
хүнд болсон тухай мэдээ сүүлийн өдрүүдэд энэ үндэстний хамгийн баярт
мэдээ болоод байна. Жирэмсний хүнд хордлоготой Кембрижийн залуу авхай
эмнэлэгт эмчийн хатуу хяналтад орсон аж. Их Британийн хатан хааны гэр
бүлийн залуу өв залгамжлагчид үрийн зулай үнэрлэх гэж буй тухайгаа олонд
зарлах арай болоогүй байсан ч Кэйт Миддлтоны жирэмсний хордлого энэ
нууцыг арай эрт зарлахад хүргэжээ. Өнгөрсөн амралтын өдөр Кэйт Миддлтон
төрсөн Беркшир дэх гэртээ зочлох үеэр гэнэт дотор муухайрч, бөөлжиж
эхэлсэн тул Уильям түүнийг Эдвард VII хааны нэрэмжит эмнэлэгт хүргэж
өгчээ. Уильямд ингэх ноцтой шалтгаан байсан нь түргэн тусламжийн тэрэг
дуудаж, Англи даяар цуу дэгдээхийг хүсээгүй аж. Учир нь энэ оны эхээр
түүний өвөө, хунтайж Филипп эмнэлэгт хэвтсэн тухай мэдээ багагүй шуугиан
дэгдээсэн юм. Кэйт Миддлтон хөл хүнд болсон мэдээг хамгийн түрүүнд
түүний аав ээж мэдсэн бол хатан хаан Элизавета болон өвөө болох гэж буй
хунтайж Чарльз нар дөнгөж өнгөрсөн даваа гаригт л сонсчээ. Залуу хос энэ
мэдээг Зул сарын баяраар дуулгах гэж байсан ч гэнэтийн явдлаас болж
олонд дуулгахаас өөр аргагүй болсон гэнэ. Харин Афганистанд алба хааж
буй хунтайж Харрид энэ мэдээг и-мэйлээр дуулгажээ. Хунтайж Уильямыг
эхнэрээ эмнэлэгт сахиж буй энэ үед хаан Элизавета ач хүүгийнхээ хүүхдэд
нэр бодож олохоор хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа сурагтай.
Өдгөө
30 настай Кэйт Миддлтон найман долоо хоногтой жирэмсэн бас хүүтэй болох
гэж буй тухай яриа ч Их Британи даяар хэдийнэ тарсан гэнэ.
Дөнгөж
долоо хоногийн өмнө гэгээн Эндрюсийн нэрэмжит дунд сургуулиар зочилж,
өндөр өсгийт дээр хоккей тоглож байсан Кэйт ингэж гэнэт хордлого өгсөн
нь хэн бүхнийг сандаргаж орхижээ.
Кэйт Миддлтон хөл хүнд болсон
тухай мэдээг олон нийтэд албан ёсоор зарласнаас хойш түүний хэвтэж буй
Эдвард хааны нэрэмжит эмнэлгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
“бүсэлсэн” бөгөөд Их Британийн хатан хааны гэр бүл одоо дэлхий нийтийн
анхаарлын төвд байна. Харин Эдварт хааны нэрэмжит эмнэлгийнхэн баярлаж
хөөрсөн Англичууд Кэйт Миддлтонд баяр хүргэх гэж эмнэлэгт нь “десант”
буулгахаас сэргийлж цагдаагийн хамгаалалт гаргасан гэнэ.
Кэйт
Миддлтоны туссан хордлого жирэмсэн эмэгтэйчүүдийн хоёр хувьд л
тохиолддог хүнд хэлбэр аж. Ялангуяа залуу эмэгтэйчүүдийн анхны
жирэмслэлтийн үед илэрдэг гэнэ. Эмч нарын хэлж буйгаар ийм хордлого
туссан эмэгтэйчүүдийн жин буурч, ядарч, сульддаг бөгөөд хоол тэжээлийн
дутагдалд орох эрсдэл бий аж.
Жирэмсний хордлогын ийм хүнд
хэлбэр маш ноцтой тул Кэйтийг эмчийн байнгын хяналтан дор шингэний
алдагдлыг нөхөх шаардлагатай гэнэ. Гэвч нөгөө талаар энэ нь жирэмслэлт
хэвийн үргэлжилж буйн шинж болохыг эмч нар хэлж байгаа аж. Эхнэр нь
хордлого өгч, бөөлжиж эхэлсэн нь хунтайж Уильямыг багагүй сандаргажээ.
Кэйт
Миддлтоны жирэмсний хордлого эмнэлгийнхнийг сандаргаж буй энэ үеэр
хорвоод мэндлэх гэж буй шинэ өв залгамжлагчийн тухай баярт мэдээ хатан
хааны ордонд хөл хөдөлгөөн үүсгэж байгаа аж. Кэйт Миддлтоныг хатан хааны
гэр бүлийн нэгэн гишүүн болсноос хойш англичууд түүнийг Диана гүнжийн
адил хайрлах болсон бөгөөд Их Британийн нэр нүүр гэгддэг байсан түүний
орон зайг нөхөх хүн хэмээж байгаа билээ. Хунтайж Уильямийг өнгөрсөн
долоо хоногт Кембрижид зочлох үеэр нэгэн эмэгтэй түүнд нярайн цамц
бэлэглэсэн нь санамсаргүй тохиолдол биш байсан аж. Хунтайж Уильям
“жижигхэн хамтран нисгэгч”-тэй болох тухайгаа найз нөхөддөө ярьж байсан
нь шинэ хүн хүү болохыг гэрчилжээ. Хунтайж Уильям өөрөө хатан хааны
тэнгисийн цэргийн нисэх хүчний албан хаагч билээ. Шинэ хүн хатан хаан
Элизаветагийн угсаа залгамжлах гурав дахь үеийн төлөөлөгч болох юм.
Тиймээс өвөө болох гэж буй хунтайж Чарльзд дахин нэг өрсөлдөгчтэй болж
байгаа нь энэ билээ.