Д.Бодоод ирсэн захидал буюу галууны мах

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Д.Бодоод ирсэн захидал буюу галууны мах

“Амьдрал ус мэт урсан өнгөрдөг, архив уул мэт сүндэрлэн үлддэг” гэж яасан үнэн үг вэ. Архивын баримт гэдэг бодит үнэний гэрч болдог. Өвгөдөөс минь эхлээд өнөө цагийн бидний өсч төрсний баримт архивт хадгалагдаж байдгийг хүүхдүүддээ таниулж өгмөөр. Монгол Улсад Архивын алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан Монгол цэргийн музейд “Батлан хамгаалахын эх сурвалжийг хадгалагсад” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Манай иргэдийн гар дээр ховор нандин түүх хадгалагдаж байдгийн нэг жишээ энэ юм. Түүнийгээ хав дараад байлгүй олонд таниулж байгаа нь бахархууштай. Энэ үзэсгэлэнгээс 1921 оноос өнөөдрийг хүртлэх Батлан хамгаалахын үе үеийн түүхийг харж болохоор юм. Энд удаа Батлан хамгаалахын сайд нарын гарын үсгийн татлал, тамга тэмдэг баталгааны өөрчлөлтүүдийг илтгэх баримтууд дэлгэгдсэн нь сонирхол татлаа. Үзэсгэлэнгээс он удаан жил хадгалагдан түүхийн шарласан нандин баримтууд байна.

Богд хаанд цэргийн явдлын яамнаас баяр тэмдэглэсэн тухай нугалбар бичиг нуглаасаараа салах шахжээ. Д.Сүхбаатараас цэргийн яамны тамгыг шилжүүлэх тухай айлтгалын бичиг, Бүх цэргийн зөвлөлд Гомбо-Идшингээс ирүүлсэн байлдааны мэдээ зэрэг нь сонирхол татлаа. Энд үзэгчдийг хошууруулсан гурван баримт байлаа. Үүний нэг нь Бишрэлт гүн Сундуйг Барон Унгернийг барихад үлэмж их гавьяа байгуулсныг үнэлэн сургуульд явуулж өгөхийг хүсч Д.Бодоо, С.Данзан нарт Цэвээнээс ирүүлсэн захидал байв. Захидалд “ Гүн Сундуй болбоос Монгол ардын журамт цэрэгт анхнаасаа хүчин зүтгэж, сайн цагийн зам мөрийг залалцаж явсан хүний нэг мөн” гэхчилэн бичсэн аж. Мөн 1921 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Д.Бодоод Хиагтаас журмын нөхөр Билэгсайханаас галууны мах хүргүүлсэн тухай захидал байна. Энэ нь “Эрхэм таны захиасыг даруй хүргүүллээ. Таны таалалд нийцэх ажаам уу. Хожим хойчдоо бидний холбоо үл тасарна” гэсэн утгатай ажээ.

Үзэсгэлэнгээс 1921-1922 онд гадаадын цэргийн эсрэг явуулсан үйл ажиллагаа, 1930-1932 оны эсэргүү бослого, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх  дайн,  1948 оны Баруун хязгаарын хилийн тулгаралт гээд олон түүхэн баримтыг сонирхож болохоор. Бид уран сайхны киноноос түүхийн улбааг гадарлаж байснаас биш жинхэнэ үнэнийг харж үзээгүй билээ. Харин бидний үл итгэх бодит баримтуудыг эндээс үзэж болохоор байна. Монгол ардын хувьсгалт цэргээс Баргын цэргүүдийн дунд хаяж байсан ухуулах хуудас, Япон, Баргын талаас манай цэргүүдийн дунд хаясан ухуулах хуудас байлаа. Үүнд бичсэн утга нь бидний мэдэх “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинонд гардаг шиг “Барга ахан дүүсээ та нар амь насаа хамгаалан бидэнд бууж өгцгөө. Японы милитаристууд та нарыг ашиглан бамбайгаа болгож байна. Хурдан бууж өгч бидэнтэй нэгдэцгээ” гэж бичжээ. Энэ бол тухайн цагийн бодит үнэн баримт юм. 1927 онд Баргын цэргийн харуулаас монгол цэргийн харуулд ирүүлсэн бичиг “Бид та бүхэнд итгэж болох уу. Бид нэгэн нутагтай ахан дүүс биз дээ” гэсэн утгатай аж. Монголчууд XIX зууны сүүлчээс Хайлаарт сонин хийж, Нийслэл хүрээнд түгээж  байсан. Дайны хүнд бэрх цагт гаргаж байсан сонины нэгэн баримт байна. Цэргийн нэгэн хороо сонин гаргаж байсны баримт дэлгээтэй байна. Тэр нь Монгол ардын хувьсгалт цэргийн XVII морьт хорооны нам, эвлэлийн товчооноос байлдааны үед гаргаж байсан “Улаан атак” нэртэй ханын сонин  бидний анхаарлыг татахаар юм. Олон мэдээ, нийтлэл багтаасан, том гарчиг тавьсан зэрэг нь гайхалтай. Өнөөдөр энэ түүхийн амьд гэрч алга. Тиймээс Монгол цэргийн музейгээс зохион байгуулан Батлан хамгаалах салбарын түүхийн ховор нандин зүйлийг хадгалан авч явж музейн сан хөмрөгт нийлүүлэн дэлгэн үзүүлж буй хувь хүмүүст талархахаас аргагүй.

Н.ЛХАГВАСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж