Дэлхийн сонгодог бүтээлийг мюзикл хэлбэрээр тавина

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн сонгодог бүтээлийг мюзикл хэлбэрээр тавина

Дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргилын нэг, Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”-г Монголд анх удаа мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүтээлийг “Классик мюзикл” продакшны ерөнхий найруулагч З.Лхагвадорж найруулж буй юм. Түүнтэй уулзаж шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Таныг “Ромео, Жульетта”-г мюзикл хэл­бэрээр Монголд анх удаа тавихаар  ажиллаж байгаа гэсэн. Энэ дөнгөж эхэлж буй ажил уу, эсвэл хэдийнэ үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон бүтээл үү?

-1990-ээд оноос хойш Франц болон Европын орнуудаас эхлэлтэй комеди мюзик төрлөөр уран бүтээл туурвидаг Францын нэрт төлөөлөгч хөгжмийн зохиолч найруулагч, яруу найрагч, Жэрар Пресгурвичийн 2001 онд тавьсан У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта”-г Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр тавихаар хөгжмийн зохиолчоос нь зөвшөөрөл авсны дагуу ажил явж байна. Энэ төслийг одоогоос  хоёр жилийн өмнөөс манай продакшн хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар уран бүтээлчдийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай яваа. Бэлтгэл сургуулилалт үндсэндээ дууссан гэж ойлгож болно. Уг нь энэ ондоо багтаад нээлтээ хийчихнэ гэж төлөвлөсөн ч амжсангүй. Гэхдээ удахгүй “UВ Palace”-ийн концертын их танхимд тоглоно.

-Мюзикл гэхээр дуулдаг, бүжиглэдэг жүжигчид хэрэгтэй болох байх. Гол дүрийнхээ эздийг ямар шалгуураар авсан бэ?

-Ромеод “A-Capella”хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн Б.Отгончимэгийг сонгосон. Мюзиклд тоглох уран бүтээлчдийг ур чадвар, хоолойны өнгө, дуучны дасгал, хөгжмийн боловсролыг нь харж сонгосон. Энэ бүтээлийг мюзиклээр тавихын тулд Францад  4-5 жил судлаж, бэлтгэж байж тавьдаг юм билээ. Манайх ч бас тийм жишгээр удаан хугацаагаар судалж, бэлтгэсний үр дүнд өнөөдөр тоглох хэмжээнд ирсэн гэж ойлгож байгаа. Мюзикл бүрэн бүтнээрээ тавигдахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Хөгжим нь гэхэд үндсэн эхээрээ буюу бүтэн хэлбэрээр тавигдах тул  гол дүрийн жүжигчний хоолой нь тухайн бүтээлийн хөгжимд тохирч байгаа эсэхийг онцгойлон харж сонгосон. 

-Тэгэхээр “Ромео, Жульетта”-д зориулж монгол хөгжмийн зохиолч бүтээл урлахгүй гэсэн үг үү? 

-Тийм ээ. Манайд хөгжмийг нь бичих боломж байхгүй. Тийм учраас л Францын үндсэн хөгжмөөр нь авч байгаа юм.

-Энд дуулахаас гадна жүжиглэх гэж том зүйл байх ёстой биз дээ. Таны сонгосон дуучид энэ талын авьяас хэртэй юм байна?

-Олонхи нь залуу уран бүтээлчид. СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг төгссөн, тодорхой хэмжээний дадлага туршлагатай сайн уран бүтээлчид.

Дуурийн дуулаач, эстрадын нэртэй дуучид болон ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчид бий. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн. Уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Учир нь сонгодог том бүтээл учир хаана хаанаа л хичээж байна.

-Поп хатагтай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа тоглож байгаа гэсэн, үнэн үү?

-Гол хоёр дүрээс гадна бусад дүрүүд дээр ч бид сайн сонголт хйисэн. Ромеогийн ээжид “Сүлд” чуулгын дуучин Г.Өнөржаргал, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Өрлөг эхэд гавьяат жүжигчин  Б.Сарантуяа нарын уран бүтээлчид тоглож байгаа.

-Голдуу эстрадын дуучид түлхүү оролцож байгаа юм аа даа?

-Дуучны хоолойны өнгө хөгжимлөг байдлыг нь харгалзаж уран бүтээлчдээ сонгосон гэдгийг тодотгож хэлмээр байна. Гавьяат Б.Сарантуяад Өрлөг эхийн дүрд тоглох саналыг жилийн өмнө тавьсан юм. Бидний саналыг сайхан хүлээж авсан.  Өөрийнхөө дуулах хэсгийг дуулаад бэлтгээд дууссан. Дуучин Сараа юмыг цагтаа хийдэг, залуу уран бүтээлчдэд үлгэр дууриал болж чаддаг нь бэлтгэлийн явцад харагдсан шүү.    

-“Ромео, Жульетта”-г монголоор дуулна гэхээр их сонирхолтой санагдаж байна. Орчуулгыг нь драмын жүжгийнхээр нь авсан уу?

-Хөгжмийн зохиолч нь эхлээд хөгжмөө бичээд түүндээ тааруулж үгийг нь бичсэн У.Шекспирийн зохиолоос өөр, орчин цагийн хөгжимд тааруулж ноотыг нь бичсэн юм билээ. Түүний бичсэн шүлгийг миний найз А.Алтангэрэл Францаас Монгол руу орчуулж өгсөн. Тэгээд ЦДБЭЧ-ын төгөлдөр хуурч Хонгорзул бидэнтэй хамтарч ажиллаж байна.  Дуучдад тааруулж үгийг нь хуваарилж, зааж сургасан мундаг багш. Зарим үед үг, ноотоос өөрсдөдөө эвтэйхэн байхаар зассан. Манай дуучид хоолойныхоо бичлэгийг дуусаад одоо бүжгийн бэлтгэлээ дуусч байна. 2001 онд “Ромео, Жульетта”  Францад мюзиклээр тавигдаад Европыг  тэр чигээр нь байлдан дагуулж дэлхийн 15 оронд тавигдсан. Мюзиклийг улс орон болгон өөр өөрийнхөө эх хэл дээрээ тавьсан юм билээ. Тийм учраас манайх яагаад монголоор тавьж болохгүй гэж бодсон.  2007 онд ОХУ-д, дараа нь БНСУ, Япон зэрэг оронд тавьсан. Цаашид олон оронд айлчлан тоглох нь тодорхой байгаа. Энэ хөгжмийг сонсохын тулд монголчууд татгалзахгүй байх. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлөвлөгөөгөө боловсруулж, судалгаа хийсний үр дүнд өнөөдөр Монголд тавих боломжийг бүрдүүлсэн.

-Хэр олон уран бүтээлч оролцож байгаа вэ?

-Гол дурийн 14 дээр 24 бүжигчин, найрал дууны 15, тайзны арыг хариуцсан 10 залуу гээд нийт 70-80 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг, уран бүтээлчид ажиллаж байна. Уран бүтээлчид чин сэтгэлээсээ хандаж байгаа. Гуравдугаар сараас хойш өдий хүртэл ямар ч цалингүй бэлтгэл хийж байна.

-Том бүтээл тайзнаа тавихад хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч таарна. Үүнийг ямар аргаар шийдсэн бэ?

-ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Ч.Гансүхэд анх санаагаа хэлэхэд дэмжсэн. Бэлтгэл сургуулилалт хийх бүхий л бололцоог хангаж өглөө. Мөн гоцлол бүжигчин, найрал дуучдаасаа бидэнд өгсөн. Гадаадаас тусламж дэмжлэг авч байгаа. Францын соёлын төв бидэнд том туслалцаа үзүүлж, гэрэл, дууны туслах мэргэжилтнээ тоглолтын үеэр ажиллуулна гэсэн. Уг нь мюзиклээ өнгөрсөн хавар тавихаар болж, Францаас урлагийн мэргэжилтнүүд ирсэн ч сонгуулийн үе таараад юун мюзикл манатай болсон. Тэгж байсаар ирсэн хүмүүсийн маань визний хугацаа дуусаад буцсан. Энд байх хугацаандаа хамтарч ажиллахдаа   судалгаа хийгээд “UB Palace”-ийг сонгоод явсан. “Totel Мusic” ч мэргэжлийн тоног төхөөрөмжөө өгч, хөгжмийн дуугаралт, гэрэл тайз, чимэглэл гээд бүх л ажлыг зохицуулж өгнө.

-Францаас авчирсан мэргэжилтнүүддээ хөлс өгсөн үү?

-Өгөлгүй яах вэ. Энэ мюзиклийг тавихад хөгжим, ноот хоёрыг нь Францаас худалдаж авсан. Бүхэл бүтэн хоёр цаг 20 минут дуугарах хөгжим шүү дээ. Мөн зохиогчийн ноотыг хүртэл тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж авсан. Мөнгөний тоог нь хэлээд дэмий байх. Францаас ирсэн техникч, мэргэжилтэндээ зардал мөнгийг нь өгнө. Ер нь уран бүтээл хийхэд олсон орлогоосоо зарлагаа нөхдөг. Манай бүх юм түрээсээр босч байна.Тийм болохоор зарлага өндөр байна.
 
-“Ромео, Жульетта”-г манайд өмнө нь хоёр ч удаа драмын жүжиг хэлбэрээр нь тавьж байсан. Мюзикл болохоор хүн хэр үзэх бол? 

-Европыг байлдан дагуулж буй Францын хөгжмийн зохиолчийн үндсэн эхээр нь Монголд тавьж байгаа гэхээр сонирхол татах байх. Дэлхийн сонгодог зохиолоос сэдэвлэж орчин цагийн хөгжмийн урсгалаар бичсэн гээд олон онцлогтой. Ийм мюзикл Европт том эргэлт хийж, залуусыг хөгжмөөрөө дамжуулан театрт татаж чадсан. Манайд сонгодог урлаг сонирхдог залуус олон болсон. Бид удахгүй мюзиклээрээ клип хийлгэнэ.

-Хэдэн үзэгдэлтэй вэ?

-Хоёр үзэгдэлтэй. Үзэгдэл бүр дотроо олон хэсэгтэй.

-Та энэ мюзиклээс гадна өөр уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ч.Ганхуягийн “Хязгааргүй”-д хоёрдугаар найруулагчаар ажилласан. Түүнчлэн 2010, 2011 онд манай “Классик мюзикл” продакшн дэлхийн сонгодог мюзиклүүдийг үндсэн эх хөгжим хэлээр нь Монголд хоёр гурван удаа тавьсан. Эдгээр тоглолтыг тавьж үзсэний үндсэн дээр би Францын соёлын төвд хандаж, “Магодор” театртай хамтарч тодорхой хэмжээнд судалж байгаад “Ромео, Жульетта” мюзиклийг тавих хүсэл төрж зориг шулуудсан хүн дээ. Тус театрынхны зааварчилгаа удирдлага дор үндсэн хөгжмөөр нь Монголд тавих зөвшөөрлийг авсан. Угаасаа урсгал нь хүнд учраас цаг хугацаа их шаарддаг юм байна.

-Таны уран бүтээлийг ивээн тэтгэдэг байгууллага компани олон байгаа юу?

-Миний уран бүтээлийг дэмждэг “Бимэкс” компанийн захирал Ц.Бат-Өлзий, “Бид сервис”-ийн захирал Алтангэрэл гэж миний найзууд бий. Сонгодог урлагийг дэмждэг “Unitel” группт санал тавина гэж бодож байгаа. Дэмжих байх аа.

О.САЙХАНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж