Такси, ажилчдын автобус нэгдүгээр эгнээгээр зорчино

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Такси, ажилчдын автобус нэгдүгээр эгнээгээр зорчино

Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр такси болон ажилчдын автобус зорчихыг зөвшөөрсөн байна. Энэ тухай нийслэлийн Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

-Нэгдүгээр эгнээгээр зорчих зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэгдүүлсэн гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн явуулахаар болж байгаа. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

-Мөн Хотын даргын захирамжаар хурдавчилсан буухиа үйлчилгээ явуулахаар болсон гэж байсан?

-Тийм ээ. Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, автобус, таксины тоог нэмэгдүүлэх хотын даргын захирамж гарсан.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж