Хаан сонголтыг луйвардсан нь

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Хаан сонголтыг луйвардсан нь

УИХ-ын сонгуулиас хойш таван сар гаруй хугацаанд сунжирсан Өвөрхангай аймгийн асуудал сая нэг эцэслэгдэн шийдэгдлээ. Гэвч хууль зөрчиж өвөрхангайчуудын сонголтыг луйвардсан нь шүүхээр тогтоогдсон МАН-ын нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэдийсээр.

Ард түмний сонголт бол яах аргагүй ХААН сонголт. Энэ сонголтыг хэн ч луйвардах ёсгүй. Сонгуулийн бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж, нэр дэвшигчид аль нам байх нь хамаагүй цэвэр шударга өрсөлдсөний үр дүнд ХААН сонголт гарна. Нэг үгээр хууль зөрчөөгүй, сонгогчдын саналыг арилжаагүй, луйвардаагүй байж сая ХААН сонголтын тухай ярих боломж нээгдэх юм.

Тэгвэл Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр юу болов. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс л МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, энэ талаархи мэдээллийг шударга иргэд аймгийн тойргийн хороонд мэдэгдсээр иржээ. Тухайлбал, айл бүрт архи, эд зүйл, оюутнуудад мөнгө тарааж, сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан зөрчлийнх нь гэрэл зураг, дүрс бичлэг, аймгийн хуулийн байгууллагынхан Н.Төмөрхүүгийн сонгуулийн ажилтны хашаанаас хураасан нотлох баримтууд бий.

Сонгуулийн аравдугаар тойргийн хороо Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсныг тогтоож, зургадугаар сарын 26-ны өдөр аймгийн МАН-ын хороонд хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг мэдэгдсэн албан бичиг илгээсэн нь баримт болон үлджээ. Зүй нь тухайн үед тойргийн хороо хуульд заасны дагуу арга хэмжээ авсан бол МАН-ын нэр дэвшигчдийн нэрийг эргүүлэн татах ёстой байв. Гэвч тойргийн хороо хуульд нийцсэн  хариуцлага тооцолгүй албан бичиг гэгчээр аргацааж өнгөрсөн бөгөөд хожуу ч гэсэн аравдугаар сард энэ алдаагаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Сонгуулийн хуулийг зөрчсөн энэ үйлдлээ хэзээ хойно залруулах гэхдээ МАН-ынхан мөнөөх насанд хүрээгүй хоёр хүүхдийг хотод авчирч хэвлэлийн бага хурал хийсэн нь “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болсныг энд сануулах учиртай. Тодруулбал, хүүхдүүд “Тэнд ажиллаж байсан ангийнхаа хүүхдүүд дээр очсон” гэж хэлээд Н.Төмөрхүү, С.Чинзориг нар хоёр хүүхэд биш бүр ангиар нь сурталчилгаандаа оролцуулан хууль зөрчсөнийг илчилж орхисон юм. Гэхдээ хуулийн энэ зөрчил шүүхээр нотлогдсон. 

МАН-ын нэр дэвшигчид Өвөрхангайд сонгуулийн хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн энэ мэт олон баримт байгаа. Энэ нь тэд өвөрхангайчуудын ХААН сонголтыг луйвардаж, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлсний нотолгоо. Хэрэв МАН-ынхан шударгаар өрсөлдсөн бол Өвөрхангай аймгийн сонгогчид сонголтоо луйвардуулахгүй, сонгуулийн үр дүн ХААН сонголт байх байлаа. Товчхондоо Өвөрхангайд ХААН сонголтын зарчим алдагдаж, хууль гууль болж, сонгогчдын саналыг луйвардсан этгээдүүд шүүх засаглал, хууль юутай хээтэй нь дээгүүр нь алхаж гарахыг санаархан өдийг хүрлээ.

Гэхдээ үнэн хэзээд ялдаг. Хууль хэзээ ч хаана ч хэрэгжих ёстой. Би олон хүний санал авсан гэж МАН-ын хууль зөрчигчид гомдоллож байгаа. Тэгвэл АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгсөн олон мянган сонгогчдын сонгох эрх гэж бий. Хуулийн хүрээнд шударга өрсөлдөөд авсан энэ санал жинхэнэ ХААН сонголт. Тиймээс луйвардаж авсан саналыг ХААН сонголт гэж хэлэхээсээ МАН-ын нэр дэвшигчид ичих ёстой. Сонгогчдын сонгох эрхэнд эрээ цээргүй халдаж, хууль зөрчсөн хариуцлагаа хүлээх учиртай. Эс бөгөөс шударга сонгууль, ХААН сонголтын ардчилсан зарчим алдагдаж, монгол төр хууль зөрчигчдөөр дүүрэх биз ээ.
 

Д.АНАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж