Улс төрийн тайзан дээр одоо ийм танц эргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Улс төрийн тайзан дээр одоо ийм танц эргэнэ

Шинэчлэлийн Засгийн газрын  амьсгал тасалдаж эхэллээ. Ердөө тавхан хоногийн өмнө тэд 100 хоногоо  тэмдэглэж, оргилуун дарс буудуулан, урлагийн тоглолт үзээд сууж байлаа. Харин өчигдрөөс эхлэн зүрхний цохилт нь хурдасч амьсгалын дутагдалд орж эхлэв. Гэвч зөвхөн Засгийн газрын гишүүд биш. Тэдний энэ архаг үрэвсэл парламентад халдварлаж улмаар улс төрийн намууд хийгээд бүх монголчуудынх болж хатгаа болон хувирахад ойрхон байна. Энэ бол клиник үхлийн тухай тааварт мэдээгээр монголчуудыг олон сарын турш айлгаж, өрөвдүүлж хэвтээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шоронгийн эмнэлгээс дэглэсэн жүжгийн үргэлжлэл. Та бид цаашид Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Гамлет” үзэх маягаар хувь хүний мөн чанар, зөрчил тэмцлийн утга учрыг олох эрэлд гарах хэрэггүй болно.

Учир нь Н.Энхбаярын бий болгосон тайзнаас харц салгах эрх бидэнд байхгүй болчихлоо. Тийм ч учраас Монголын улс төрийн тайзан дээр  хэн  ямар танц эргэх бол  гэдгийг урьдчилан таахыг хичээе.

ЭСВЭЛ ЗАДАРВАЛ НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ МЭДНЭ

Энэ удаагийн УИХ-ын бүтэцтэй эргээд хариуцлага хүлээлгэх, эргүүлэн татах асуудлыг ярих гэхээр тун бэрхтэй. Гэхдээ тойргоос сонгогдсон гишүүдтэй эн тэнцүү эрх мэдэл эдэлж буй намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд тэр юм. Эдгээр гишүүнийг эргүүлэн татах хуулийн тайлбар нь тийм ч тодорхой бус. Одоогийн байдлаар улстөрчид болон хуульчид “Хэрэв “Шударга ёс” эвсэл задарсан  тохиолдолд намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг татах ёстой” гэсэн байр суурийг  илэрхийлж байна. Хэрэв энэ тайлбар үнэн бол МАХН Засгийн газраас  салж  нүүдгээрээ нүүж, МҮАН-аас харилцаа холбоогоо тасалдгаараа тасаллаа гэхэд “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар гишүүн бол­сон О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баян­сэлэнгэ, М.Сономпил, Ч.Улаан, Ц.Цолмон нарын гишүүд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх учиртай. Мэдээж “Шударга ёс” эвсэл задарсан тохиолдолд. Тэгвэл эвсэл задрах уу.

Энэ талаар МАХН-ын зүгээс “Эв­сэл нэг байр суурьтай байх ёс­той” гэсэн. Харин МҮАН-ынхан  “МАХН-ын шийдвэрийг дэмжихгүй. Хэрэв тэд өөрсдийн бие дааж гаргасан шийдвэрээ “Шударга ёс” эвслийнх гэж тайлбарлаад байвал бид тодорхой шийдвэр гаргана” гэдгээ илэрхийлсэн. Эвслийн гэрээнээс харахад “Хэн нэгэн нь эхэлж, эвслийг тараах санал гаргасан тохиолдолд гэрээ цуцлагдана” гэсэн заалт  бий.  Нэг ёсны МҮАН-ынхан МАХН-ын шийдвэрийн эсрэг зог­сохоор шийдэж, гэрээгээ цуцлахаар болбол “Шударга ёс” эвсэл автоматаар цуцлагдана гэсэн үг. Эндээс “Шударга ёс” эвсэл задрах нь тодорхой болох юм. Тэгвэл үүнээс урган гарах хамгийн гол сэдэв нь “Шударга ёс” эвсэл задарлаа гэхэд шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэх асуулт.

“ЭХ ОРОН-АРДЧИЛАЛ” ЭВСЛИЙН АЛДААГ ДАВТАВ УУ

УИХ-ын 2004 оны сонгуульд Ир­гэний зориг, МАШСН, Ардчилсан намын хамтарч байгуулсан “Эх орон-Ардчилал” эвсэл 34 суудал авсан. Улмаар 2005 оны нэгдүгээр сард эвслийн удирдлагуудын зөрчил “Эх орон-Ардчилал” эвслийг задралд хүргэж, адил тэнцүү ялалт байгуулсан МАХН-д автоматаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх эрхийг олгосон байдаг. Тухайн сонгуульд МАХН 36 суудал авсан тул тус намын дарга Н.Энхбаяр “Эх Орон-Ардчилал” эв­сэлтэй гүйцэтгэх засаглалыг хоёр, хоёр жилээр ээлжилж удирдах гэрээ байгуулсан удаатай. Харамсалтай нь, “Эх орон-Ардчилал” эвсэл цагаасаа өмнө задарснаар Ардчилсан намын  гишүүд МАХН-ы бүлэгт орж бүлгийн дэд даргаар Р.Гончигдорж сонгогдож байлаа. Энэ бол өнгөрсөн түүх. Ту­хайн үед эвсэл задарснаар Засгийн газрыг автоматаар чадамжгүй хэмээн үзэж, огцруулсан. Энэ удаад яах бол. МАХН-аас сонгогдсон шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг хэн нэгнээр нөхөөд явах уу. Эсвэл засгаа  шинээр эмхлэн байгуулах уу. Нэгэнт өмнөх буюу 2005 оны эвсэл задарсан туршлага нь өөрөө Засгийн газрыг огцруулж байсан учраас “Шударга ёс” эвсэл задарлаа гэхэд гүйцэтгэх засаглалд бэрхшээл учрахгүй гэсэн үндэс байхгүй нь. Учир нь, Ардчилсан нам Засгийн газрыг байгуулж байхдаа МҮАН, МАХН-ын аль, алинтай дангаар нь бус “Шударга ёс” эвсэлтэй хамтад нь гэрээ байгуулсан. Нэг ёсны гэрээ байгуулсан хуулийн этгээд нь өөрөө эрх зүйн чадамжгүй болчих учраас “Эх орон-Ардчилал” эвслийн нэгэн адил засгаараа тоглохгүй гэж нэг талаас нь тайлбарлавал алдаа болох аж. Хэдийгээр МҮАН-ын дарга М.Энхсайхан энэ талаар “Засгийн газарт аюул байхгүй” хэмээн тайлбарлаж байгаа ч хуулиа дагасан тайлбаруудаас харахад гүйцэтгэх засаглалд нөхцөл байдал хүндээр тусах магадлалтай юм. Тэгээд ч эвсэл задарсан тохиолдолд МҮАН-аас намын жагсаалтаар гишүүн бол­сон М.Сономпил, Н.Батцэрэг нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн орчин нь нээлттэй үлдэж мэдэхээр байна.

"Мэдээж МАН-д санал тавилаа гэхэд тэд хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой учраас дээрхээс өөр гарц Ардчилсан намд байхгүй гэж болно"

ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ

Гүйцэтгэх засаглалд онгорхой үлдэх сайдын суудлыг нөхөх үү. Засгийн газрыг шинээр байгуулах уу. Энэ хоёр хувилбарын аль нь ч байсан “Хэнтэй” гэдэг асуулт гарч ирнэ. Ардчилсан нам УИХ-д үнэмлэхүй олонх биш учраас ямар ч тохиолдолд тэдэнд хажуу суганаас нь өргөж, дэм болох хамтрагч хэрэгтэй. Өвөрхангайн хоёр мандат дээр Г.Батхүү, Д.Зоригт нар орж ирж,  Ардчилсан нам 31-үүлээ бус 33-уулаа болоод ч тэд Засгийн газрыг дангаар байгуулж чадахгүй. Харин бие даагч гурав, Иргэний зориг-Ногоон намын хоёр, МҮАН-ын УИХ-д үлдэх Д.Батцогт, Г.Уянга хоёрыг өөрсөддөө нэгтгэж, 40-үүлээ болж чадвал өөр хэрэг. Дээр нь Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулж чадвал 41-үүлээ болох бүрэн боломж бий. Түүгээр ч зогсохгүй Увсаас сонгогдсон Ардын намын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх нь тус намын хувьд нэн тэргүүний зорилго болох болов уу.  Ардчилсан намд үлдсэн боломж нь энэ. Мэдээж МАН-д санал тавилаа гэхэд тэд хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой учраас дээрхээс өөр гарц Ардчилсан намд байхгүй гэж болно. Харин Ардын намын хувьд Увсын хоёроо ямар ч үнээр хамаагүй авч үлдээд зогсохгүй Сонгинохайрханд ялалт байгуулж чадвал тэд 26-уулаа болж чадна. Үүн дээрээ МАХН-ын Д.Тэрбишдагвыг нэмбэл сөрөг хүчнийхээ үүргийг өлхөн биелүүлээд явах боломжтой. Мэдээж бусад намын жагсаалтаар нэр дэвшсэн гишүүдийг нь эвсэл задарсан тохиолдолд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэнэ гэж тооцвол шүү дээ.

БИЕ ДААГЧ ГУРАВ ҮНЭД ОРНО

УИХ-д Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гэсэн гурван бие даагч бий. Тэдний ямар шийдвэр гаргахаас хамаарч Ардчилсан намын байгуулсан шинэчлэлийн Засгийн газар амь бөхтэй орших эсэх нь тодорхой болно. Энэ гур­ван гишүүнд таван сарын өмнө Ардчилсан намаас Засгийн газарт орох урилга илгээж болох байсан ч тэд “Шударга ёс” эвслийг чухал­чилсан. Гурван гишүүний тухайд ч гүйцэтгэх засаглалд орохыг төдий л чухалчлаагүй бөгөөд тодорхой чиглэлээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Энэ удаад Засгийн газрынхаа бүрэн бүтэн байдлыг хэвээр үлдээхийн тулд, Ардчилсан нам тууштай засаг барихын тулд энэ гурван гишүүнийг гуйхаас өөр аргагүй юм. Иймд Ардчилсан намд бие даагчид хэзээд үнэд орж, өөрсдийн хүслийг тулгаж байсан тэр зарчим энэ удаад ч тэр үйлчлэх болов уу.

МАН ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛЖ БОЛОХ УУ

Ардын нам одоогийн байдлаар УИХ-д 24 суудалтай байгаа. Мэдээж УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн оронд тус намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг орно гэж автоматаар тооцвол 25 болно. Мөн Баянзүрх дүүрэгт ялалт байгуулаад байгаа Д.Арвин гишүүнийг нэмбэл 26 гишүүнтэй болох юм. Харин Өвөрхангайн хоёр мандатыг авч, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгууллаа гэхэд 29-үүлээ болох учиртай. Гол нь тэд 29-үүлээ болоод болоод, МАХН-тай нэгдэж засаг байгуулах ямар ч боломжгүй гэж болно. “Шударга ёс” эвсэл задарсан тохиолдолд МАХН-ын тойргоос сонгогдсон ганц гишүүн болох Д.Тэрбишдагва л УИХ-д үлдэнэ гэж тооцсон тохиолдолд шүү дээ. Үндсэндээ ямар ч тохиолдолд Засгийн газарт урих эрх нь Ардчилсан намд үлдэх бөгөөд тус намын хувьд эрсдлээ тооцоолж чадвал гүйцэтгэх засаглалын огцрох өдрийг хүлээх хэрэггүй болно гэвэл алдах зүйл үгүй юм.

ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН СУРАГ

МАХН-ынхан Засгийн газраас гарахтай зэрэгцээд шинэ Ерөнхий сайдын таавар олон нийтийн дунд хүчээ авч байна. Ихэнх нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг нэрлэж буй бөгөөд түүний холын амбиц анхнаасаа гүй­цэтгэх засаглалын тэргүүн рүү чиглэж байгаа нь ч нууц биш. Гэх­дээ энэ удаад Х.Баттулга гэдэг хүн хувь улстөрчийнхөө үүднээс гэнэт гарсан боломжийг гэдсэнд халтайгаар ашиглах уу. Энэ бол асуулт. Түүний хувьд ирэх онд болох Ерөн­хийлөгчийн сонгуулийг хүлээх сонирхол байж болох. Гэхдээ Орон нутгийн сонгуулийн дүн Ардчилсан намын итгэл буурч байгааг илэр­хийлсэн учраас тус намын Үндэсний зөвлөлдөх хорооноос намынхаа нэр хүндийг өсгөх эцсийн шийдийг гаргаж мэдэх л юм. Учир нь сон­гогчдын итгэл Ардчилсан намаас урвасаар байх тохиолдолд шийдвэртэй шийдэлд хүрэх нь гарцаагүй шаардлага байна гэвэл нэг их холын эндүүрэл болохгүй л болов уу. Харин тэр гарцаагүй шийдлийн эзэн нь хэн бэ. Х.Баттулга уу, аль эсвэл өөр нэгэн үү…Хариултыг ирэх өдрүүдэд үлдээе.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж