Сонголтгүй гарц, нөхөшгүй гарз

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Сонголтгүй гарц, нөхөшгүй гарз

Галт тэрэгний цуваа дуут дохиогоо хангинуулан, хаа нэгтээ хүний дуу гарахаас өөр чимээгүй, нам гүмхэн талыг “амь” оруулна. Төмөр замаас холгүйхэн Сэлэнгэ мөрөн урсана. Алсаас дөлгөөхөн харагдах энэ мөрөнг нутгийнхан догшин мөрөн хэмээн хүндлэх, сүрдэх зэрэгцэн нэрлэх. Арга ч үгүй юм. Жилд бараг арав гаруй хүний амийг авч оддог гэхээр нутгийнхны энэ нэршил оносон мэт. Догшин мөрөн одоогоос хэдхэн хоногийн өмнө сүр хүчээ харуулсан. 30 хүрээгүй ээж, нэг нас хүрээгүй бяцхан хүүхдийн үнээр.

Тэд Сэлэнгэ мөрөнд зургаан цаг гаруй урссан. Галт тэрэгний урт цуваа энэ хооронд хоёронтоо өнгөрнө. Энэ хугацаанд тэр хоёрыг юу ч аварч чадсангүй. Одоо хүртэл тэднээс сураг чимээгүй. Амьд уу, үхсэн үү гэдгийг зөвхөн бурхан л мэдэх бөлгөө. Гэхдээ ар гэрийнхэнд нь ямар ч үнэнээр, үнээр солихгүй нэг хүсэл бий. Энэ бол итгэл. Амьд байгаа гэсэн  итгэл. Хүрээд ирэх болов уу гэсэн итгэл.

СОНГОЛТГҮЙ ГАРЦ

Хүйтний ам наашилж, Сэлэнгэ мөрөн зайрмагтахтай зэрэгцэн голын наана, цаана байгаа хүмүүст хоёрхон л сонголт тулгардаг аж. Эхний сонголт. 8 гаруйхан км-ыг туулаад голын цаана гарах. Сүүлийн сонголт. 160 гаруй км туулж, тойруу замаар, гэхдээ амь насаа алдахгүйгээр голын цаана гарах. Мөнгө төгрөг хомс, унаа машин барагтай нутгийн малчдад сүүлийн сонголт дэндүү хүнд. Аргагүйн эрхэнд тэд цаг, мөнгө хэмнэсэн эхний сонголтыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ төлөөс нь дэндүү үнэтэй. Үүнийгээ ч тэд мэдэж, амь насаараа дэнчин тавин бараг хөлддөггүй энэ мөрний нөгөө талд гардаг аж. Чухам үүнээс л ээж, хүү хоёрын эмгэнэлт тавилангийн эхлэл тавигджээ.

Сонголтгүй гарц Сэлэнгэ аймгаас баруун тийшээ, хотынхоор бол хотын захад байрлана. Төмөр зам татсан байдаг тул аюулаас хамгаалж өргөст торыг бэхэлжээ. Гэхдээ голын цаана гарах хүсэлтэй хүмүүс үүнийг аль хэдийнэ гарц болгон ашигладаг нь илт. Энд, тэндхийн машиний мөр, олон хүний хөлөнд дарагдан, харгуй маягийн зүйл үүссэн байх аж. Сурвалжлага хийхээр очсон тэр өдөр ч хүний хөдөлгөөн их. Тэр хавьд ер нь хүний хөдөлгөөн татарна гэж үгүй. Голын цаана байх малчид аймгийн төвд хэдэн нэхий, мод, цагаан идээ, сүүгээ зарахын тулд эхний сонголтоор нааш ирдэг болохоор арга ч үгүй. Дээрээс нь голын цаана байгаа гэр бүл бидний л адил хүн учраас өвдөж, зовно. Гэтэл бүх үйлчилгээний газар эмнэлэг, сургууль голын цаана байдаг.

Мөстсөн голын аль зузаан хөлдсөн хэсгийг ашиглан, иргэдийг гаргах “үйлчилгээ” ч энд цэцэглэсэн гэхэд болно. Үүрийн гэгээгээс, үдшийн бүрий хүртэл морьтой, явган нийлсэн олон хүн голын цаанаас аймгийн төв рүү, аймгийн төвөөс голын цаад руу зүглэн олон жилийг ардаа хийжээ. Чухам хэдэн жил гэдгийг хэн ч үл мэдэх.

ЭРГЭЖ НӨХӨХГҮЙ ГАРЗ

Осол болдог тэр өдөр энгийн л нэг өдөр байж. Өмнө нь хэд, хэдэн удаа голын наана, цаана гарч байсан хүмүүст энгийн байхаас ч аргагүй. Амьдралын шаардлагаар голын цаана гарч, аймгийн төв дээр очдог тэр хүмүүст жирийн л нэг ажлын өдөр. Чухамдаа ард нь юу хүлээж байгааг тэд тааварлахгүй байсан биз ээ. Н.Саранчимэг, Ш.Ганбат нарын хувьд тэр өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх зорилгоор голын цаана гарчээ. Даанч амралтын өдөр байсан болохоор дараа долоо хоногт ир гээд буцаасан байна. Эмчийн бичиж өгсөн эмийг авчихаад буцаж явсан нь энэ. Голын цаана гарах гэж явтал мөс цуурч эхэлжээ. Мөс цуурч эхэлмэгц зугатацгаасан гэдэг. Даанч тэд амжсангүй. Мөснүүд нь ширээний тавцангийн  дайтай тасарч хүмүүс живж эхэлсэн байна. Зарим нь мөсөн дээр үлдэн хоцорч, урсгал даган хөвж эхэлсэн байна. н.Өлзийсайхан, Ш.Ганбат, Н.Саранчимэг, хүүхэдтэйгээ нэг мөсөн дээр. Хоёр ахмад настай хүмүүс нь зузаан мөсөн дээр тэндээ үлдсэн байна. Настнуудын тэгнэсэн мөс нь зузаан байсан учраас хайрагдаад зогсоод байж. Харин нэг гэр бүлийн тогтсон мөсөн дээр байдал маш хүнд байлаа. Нэг мөсөн дээр дөрвүүлээ тогтсон учраас мөс нь дийлэхгүй байсан гэдэг. Үүнийг мэдэрсэн н.Өлзийсайхан, Ш.Ганбат нар үсэрчээ. “Би гол руу ороод үнэхээр амьд гарна гэж бодоогүй. Ингээд л живнэ гэж бодсон. Харин эхнэр хүүхэд хоёрыг минь аварчих байх гэж өөртөө урам өгч байсан. Би гол руу үсрэхээсээ өмнө “Онцгой байдлынханд дуудлага өгсөн гэнэ. Удахгүй та хоёрыг аварна” гэж хэлсэн. Харин эхнэр минь “Хүн биднийг авардаггүй юм аа гэхэд бурхан аврах байлгүй дээ” л гэж хэлсэн. Үүнийг сонсоход үнэхээр хүнд байсан. Ямар ч байсан эхнэр хүүхэд хоёроо нэг үнсээд л ус руу орсон доо” гэж Ш.Ганбат ярьж байна. Харин тэр багахан хэмжээний мөсөнд дайруулсан байсан болохоор эрэг дээр гараад л ухаан алджээ. Чухам тэр хэдэн цаг ухаангүй байсныг хэлж мэдэхгүй ч дөнгөж сэргээд эхнэр хүүхдийнхээ араас гүйж эхэлсэн байна. Тэр үед харанхуй нөмөрсөн байсан болохоор үзэгдэх орчин ч муудаж, зам ч цаашаагаа явахын эцэсгүй болсон гэдэг. Энэ хооронд ар гэрийнхэн нь эрэг дээр үлдэж, уснаас гарсан н.Өлзийсайхан, Ш.Ганбат нар “Монхор” гэж хүний гэрт очин дулаацжээ. Энэ хооронд тэд дулаан хувцас сольж өмсөн ослын газар дахин очжээ. Мориор шөнөжингөө хайсан ч тэд олсонгүй. Харин хатгаа тусаад байсан Ш.Ганбатын бие сульдан сульдсаар ухаан алдаж, тэнд байх хамгийн ойрхон айлд биеийг нь тэнхрүүлэхээр ах, дүү нар нь хүргэж өгсөн байна.

“Бид эрэг дагуу байсан. Авраарай. Миний хүүхдийг ч болтугай аварчих л даа гэж хашхирч байсан нь одоо ч чихэнд сонсогддог. Ш.Ганбат эрэг дээр гарчихаад буцаад орох гэж зүтгээд байсан. Бид түүнийг ч гэсэн алдчихгүйн тулд тал, талаас нь зуурсаар байгаад ус руу оруулаагүй. Уг нь онцгой байдлынхан түргэн хугацаанд ирсэн ч тэд юу ч хийгээгүй. Зүгээр л хараад зогсоод байсан. Бид өдөржингөө голын эрэг дээр байсан болохоор дулаацахын тулд түүдэг асаасан. Тэгээд яаж аврах вэ гэж ярилцаж байхад тэд зүгээр л сонсоод, галд гараа ээгээд байсан. Ядахдаа урт мод ч юм уу, мөчир олоод аврая, урсаад алга боллоо гэхэд тэд “Даргын тушаал хүлээж байна” гээд зогсоод л байсан. Хэрвээ бага ч болтугай аврах хэрэгтсэл, олстой ирсэн бол амь гарах байсан ч юм билүү” гэж Н.Саранчимэгийн хадам эгч н.Гэрэлт-Од ярьж байна.

Бас нэг харамсалтай зүйл нь аврах ангийн өөр тасаг осол болсон газар иржээ. Усны осол хариуцсан тасаг гэж байдаг ч гал унтраах ангийнхан ирсэн байна. Тэд өөр тасгийнх болохоор үндсэн тасгийнхнаа хүлээж хэсэг зогссон гэдэг. Энэ хооронд эх, хүү хоёр урссаар. Бүхэл бүтэн аврах ангийнханд нисдэг битгий хэл бүтэн завь ч байдаггүй гэх. Ядахдаа хоорондоо хэл, үг авалцах станц ч байдаггүй гэхэд итгэмгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫНХНЫ НҮЦГЭН ҮНЭН

Нөгөөх л танил болсон үг. Эмгэнэлт явдал болдог өдөр тэд мөн л даргын тушаалыг хүлээсэн. Тушаал өгөх гэж мунгинаж байх хооронд эх, хүү хоёрын сураг тасарсан. Сурвалжлага хийхээр очсон тэр өдөр ч даргын тушаалаа зөрчсөнгүй. Хэрвээ алба хаагчдыг тушаал хэлбэрлэлтгүй мөрддөгөөр нь үнэлвэл Сэлэнгийн онцгойгийнхон сайн алба хаагчид болж, тэргүүн байранд орох байсан биз. Даанч бодит байдал дээр үр, дүнгээр нь л дүгнэх нь харамсалтай.

“Эмгэнэлт явдал болсны дараа онцгой байдлынхан түргэн шуурхай гарсан, бид аварч амжаагүй гэж ярьсан байсан. Би бодит байдал дээр байсан хүн мэднэ шүү дээ. Тэд бүхэл бүтэн зургаан цаг үхэлтэй тэмцэлдсэн хүнийг шууд живчихсэн гэж хэлэхэд би үнэхээр харамссан. Тэд зүгээр л хараад зогсоод байсан шүү дээ. Ямар ч техник хэрэгсэлтэй ирээгүй. Орой нь эргээр самнасан сураг дуулдана лээ. Би өөрөө эргээр хайж байхад голд нэг ч завь байгаагүй” гэж Ш.Ганбат ярьж байна. Үүнээс хойш юу болсон бэ? үнэндээ юу ч болсонгүй. Аврагч нар даргынхаа тушаалыг хүлээж, ар гэрийнхэн нь харин цөхрөлтгүй араас нь мөшгөсөөр. Үүрийн гурван цагт өнөөх даргын сэтгэл эмзэглүүлсэн тушаал иржээ. Цэргүүдээ буу гэсэн тушаал. Эрлээ зогсоо гэсэн тушаал. Энэ хооронд ээж, хүү хоёр хэр хол урссан байсан бол. Ш.Ганбатын эгч нь гуйж, уйлж байгаад үүрийн 4:00 цагт голд завьтай оруулж чаджээ. Даанч хожимдсон гэдгийг тэнд байсан бүх хүмүүс мэдэж байсан.

“Үүрийн гурав, дөрвөн цагт мөс цөмөрсөн газраа байна гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй шүү дээ. Хэрвээ жаахан түргэн хөдөлсөн бол өнөөдөр би шар махтайгаа хатаад сууж байхгүй байсан” гэж Ш.Ганбат ярьж байна.

Сэлэнгийн онцгой байдлын аврах хэрэгсэлийн хүрэлцээ, өнөөгийн байдал, осол болсон өдрийн талаар тодруулах гэсэн боловч тэд хариулт өгсөнгүй. Аврах хэрэгсэлээ хангалтгүй байдаг, тэр өдөр хангалтгүй ажилласан гэдгээ хүлээхэд тэднээс юу уначих гээд байгаа юм бэ? Эх, хүү хоёр гаднах жавар, хүйтэн ус, нимгэн мөстэй бүтэн зургаан цаг тэмцэлдэх зориг байсаар атал аврагчдад буруугаа хүлээх, техникийн хүрэлцээ бага байгааг хэлэх зориг алга уу? Хариуг чухамхүү “аврагчид” л мэдэх байх. “Онцгой байдлынхан гэхээр өөр бүтэцтэй, далавчтай хүмүүс биш шүү дээ. Тэр ч утгаараа тэднийг ойлгож болох талтай. Гэхдээ би төр засгаас ганцхан л зүйл хүсмээр байна. Хоёр, гурван том гол мөрөнтэй энэ газрын онцгой байдлыг орчин үеийнхэнд нийцүүлээсэй. Хэрвээ тэгэхгүй бол цаашид хичнээн хүн нас барахыг би хэлж мэдэхгүй” гэж Ш.Ганбат захиж байна.

Өнгөрөгч бямба гаригт онцгой байдлынхан хоёрхон жижүүртэй сууж байв. Хэрвээ осол, эндэгдэл гарвал 4-5 хүн тэрхүү осол болсон газар очино. Эмгэнэлтэй бөгөөд гашуун үнэн. Техникийн хүрэлцээ боломж тун бага. Нутгийнхний хэлж байгаагаар нэг завьтай хэдий ч цоороод хэрэглэх боломжгүй болжээ. Холбооны станц ч байхгүй. Түймэр гарвал гар аргаар, үер болвол эр биеийнхээ хүчээр аврах ажиллагааг тэд зохион байгуулна. Дээрээс нь даргын үг алт гэдгийг санахад илүүдэхгүй.

“Аврагч хүн болж байгаа нөхцөл байдалтайгаа уялдан түргэн хугацаанд, бие даан шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Хэрвээ удирдлагадаа хэлэх, станцын доголдолоос болоод хэн, нэгэн хүний амь нас сүйдвэл тухайн аврагч хариуцлагаа бүрэн хариуцна” гэж БНСУ-ын онцгой байдлын мөрдөх дүрэмд заажээ.

ҮНЭН, ҮНЭ ХОЁРООР СОЛИХГҮЙ ИТГЭЛ

“Тэр өдрөөс хойш би гэж байхгүй болсон” гэж Ш.Ганбат ярьж байна. Гэхдээ түүнд ямар ч үнэ, үнэн хоёроор солихгүй нандин зүйл бий. Энэ бол итгэл. Тэр эхнэр, хүүхэд хоёроо амьд гэдэгт, хэзээ нэгэн цагт ороод ирнэ гэдэгт итгэж байгаа. Тиймдээ ч тэр амьдарч байна. “Би одоо болтол эхнэр, хүүхэд хоёроо амьд гэдэгт итгэдэг. Маргааш ороод ирнэ гэдэгт итгэдэг. Зүгээр л холын хүн, саахалтын хүн, хамаатны хүмүүс хаалга онгойлгоод ороод ирэхэд би эхнэр, хүүхдээ ороод ирэв үү гэж хардаг. Тэр болгонд надад ямар хэцүү байдаг гээч. Миний эхнэр үнэхээр ажилсаг хүн байсан. Ээж, аавыгаа алдаад удаагүй байгаа надад энэ хүн л хань болж байсан юм шүү дээ. Дээрээс НЬ би хүүхэдтэй болоод тэр их жаргалдаа умбаад үнэхээр сайхан байсан. Гэтэл нэг л өдөр цаг бусаар алдчихлаа. Гэхдээ би тэднийгээ муухайгаар бодож ердөө чадахгүй” гэж Ш.Ганбат ярив. Үнэхээр тэр өдрөөс хойш өмнөх Ш.Ганбат байхгүй болсон. Харин оронд нь тэр үнэний төлөө, шударгын төлөө явна гэдгээ хэлж байна.

ЗҮҮДЭНД ИРЭХ ЖАРГАЛ

Амьд үлдсэн нөхрийнх нь зүүдэнд эхнэр, хүүхэд хоёр нь ирсээр. Эмгэнэлт явдал болсноос хойш шөнө бүр элэг бүтэн гэр бүл дахин бүрэлддэг ажээ. “Зүүдлэлгүй яахав. Өмнө нь гурвуулаа унтдаг байсан орон дээр шөнө болгон хэвтэж байгаа болохоор байнга санана. Зүүдэндээ тэврээд хэвтэж байгаагаар, ярьж байгаагаар зүүдэлдэг. Зарим үед би зүүдэндээ итгээд тэмтэрч ч үзсэн. Маш их бодох юм даа” гэж Ш.Ганбат ярьж сууна.


 
Хэрвээ гэсэн үгээр тэд “амь зуусаар” явна. “Насны бөгсөнд их л юм үзэх толгой юм шиг байна. Үүнийг гавьяа байгуулсан юм шиг хэвлэл, мэдээллээр зарлаад байх хүсэл алга. Хэрвээ хүсэл бөгөөд зориг байсан бол хоёр хүүхэд алга болохгүй байлаа” гэж н.Цэрэнням ярьж байна. Энэ хүн бол тухайн үед осолдсон хүмүүсийн нэг. Тэр үед осолдсон хүмүүсээс гадна, ар гэрийнхэн нь аврах гэж хичээсэн. Бараг аврагчдаас илүү гэж хэлж болно. Эрэг даган гүйлдэж, урт мөчир, бүр өөрсдөө бүсээ нийлүүлэн оосор хийх гэж үзсэн аж. Даанч тэднийг ингэж байх хооронд арван саахалтын зайтай холдсон байжээ. Тэр үед н.Саранчимэгийн хоолой сонсогдсоор байсан гэдгийг ар, гэрийнхэн нь хэлж байна. Орой болгон тэр хоолой чихэнд нь хадаж, зөвхөн амьд үлдсэн байгаасай гэсэн их хүсэлтэйгээр тэд өдөр, өдрийн нарыг харж байна. Нөхөрт нь одоо ганц л зүйл үлдсэн. Энэ бол утасны дэлгэц. Дэлгэцэндээ эхнэр, хүүхэд хоёрынхоо зургийг байршуулжээ. Байн, байн утас руугаа харах.

Арваннэгдүгээр сарын 4. Эмгэнэлт осол болсон тэр өдрөөс хойш галт тэрэгний цуваа хорин дөрвөнтөө өнгөрчээ. Харин эх, хүү хоёроос одоо хүртэл сураггүй. Чухам амьд байгаасай гэсэн хүсэл л, амьд гарагсадтай цуг үлдэн хоцорчээ. 

Энэ талаарх "NEWS PRODUCTION"-ы бэлтгэсэн телевизийн нэвтрүүлэг өнөөдөр орой 21.30 цагт "Eagle News" телевизээр үзэгчдэд хүрнэ.

Б.БОЛОРСҮХ
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж