Цахим үнэмлэхийг хаяж гээвэл яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг хаяж гээвэл яах вэ?

УИХ болон Орон нутгийн сонгуулийн буянаар иргэд хурууны хээгээр баталгаажсан бүх мэдээллээ түрүүвчиндээ хийгээд явж болохоор шинэ цахим үнэмлэхийг үнэгүй авсан.

Гэсэн ч орон нутгийн сонгуультай уралдан заримд нь цахим үнэмлэх гардаж авч амжаагүй байтал эхнээсээ хаяж гээж эхэлсэн нь бараг тодорхой.

Гэтэл маш их үнээр хэвлэж, эхний удаад үнэгүй тараасан цахим үнэмлэхийг хаяж гээгдүүлэх юм бол их хэмжээний торгууль төлнө гэсэн яриа гараад байгаа. Тэгвэл цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлэх эсвэл хулгайд алдвал хаана хэнд хандах, хэдэн төгрөгөөр цахим үнэмлэхийг дахин авах талаар мэдээллийг хүргэж байна.

Иргэний цахим үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн эсвэл үнэмлэх дээрхи гэрэл зураг сэтгэлд тань нийцэхгүй байгаа шинээр цахим үнэмлэх гаргуулах хүсэлтэй иргэд оршин суугаа хороондоо хүсэлт гарган маягт бөглөх шаардлагатай юм байна. Гэхдээ одоо хүртэл ийм хүсэлт гаргасан хүмүүсийн цахим үнэмлэхийг хэзээ хэвлэж, олгох нь тодорхойгүй байна. Гэхдээ яг одоогийн байдлаар бол хэзээ хэвлэгдэх нь тодорхойгүй байгаа цахим үнэмлэхний үнэ харин хэдийнэ гараад байгаа юм байна. Тодруулбал, та шинэ цахим үнэмлэх авахын тулд цахим үнэмлэхний үндсэн үнэ 15 мянган төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг, хэрвээ хаяж гээгдүүлсэн бол Монгол Улсын иргэний үндсэн бичиг баримтыг гээсэн гэмээр Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 40 хүртэлх мянган төгрөгөөр торгох юм байна. Өөрөөр хэлбэл, 58300 төгрөгтэй байхад ухаалаг үнэмлэхийг дахин авах эрхтэй боломжтой болох аж.

Алмайрч яваад төрөөс үнэгүй өгсөн цахим үнэмлэхийг гээсэн бол торгуулийн мөнгийг төлж болох л юм. Гэтэл “урт гарт”-д эд зүйлээ “бэлэглэсэн” хүмүүст болбол  дахин 40 мянган төгрөгний торгууль өгнө гэдэг хүндхэн тусах нь мэдээж. Гэхдээ улсын байцаагч цахим үнэмлэхээ ямар учраас, хаяж үрэгдүүлсэн болон,  хэдий хэр хугацаанд цахим үнэмлэхгүй явсан зэргээс шалтгаалан торгуулийн хэмжээг тогтоох юм гэнэ. Өөрөөр хэлбэл 10-40 мянган төгрөгөөр торгуулийг тогтоож болно гэсэн үг. Тухайлбал, цахим үнэмлэхээ аваад удаагүй байхдаа гэсэн бол хамгийн өндөр буюу 40 мянган төгрөгийн торгууль оноох бүрэн үндэслэлтэй юм байна. Өмнө нь иргэний үнэмлэхийг шинээр авахад иргэний үнэмлэх, тэмдэгтийн хураамж нийлээд 13300 төгрөг байсан. Мөн урьд нь ч ялгаагүй Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу дөч хүртлэх мянган төгрөгөөр торгодог байсан. Албаны хүнээс энэ талаар тодруулахад “Цахим үнэмлэхээ аваагүй, гээсэн, үрэгдүүлсэн хүмүүс Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах хэрэгтэй.  Одоогоор цахим үнэмлэх хэвлэлт 99.2 хувь, олголт нь 97.5 хувьтай байгаа” гэж байлаа.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж