Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Ц.Ганзориг хаачив

Хоёр сарын өмнө Ц.Ганзориг гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн Хэл­мэгдэгсдийн хөшөөний дэр­гэд “Хүний наймааг зог­сооё” гэсэн лоозон дэлгэж хэд хоног суусан юм. Уншигч­дын зарим нь энэ талаар санаж байж ч магад. Тэгвэл охиныг нь хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлж бай­сан этгээдүүдийн тухай ноцтой асуудлыг дэлгэж орхисон Ц.Ганзориг өнөөдөр бидний дунд үзэгдэхээ байжээ.

Харин учир мэдэх хү­мүүсийн ярьснаар охиныг нь хулгайлж, би­еийг нь хүчээр үнэлүүлж байсан хүний наймаачдын гарт өрт­сөн байх магадлалтай гэнэ. Хэдийгээр охиноо хүний наймаачдын гараас мулталж авсан ч тэдний тухай мэдээллийг хууль хяналтын байгууллага болон олон нийтэд дэлгэсэн гэдэг ут­гаараа өш хонзонгийн золиос болсон хэмээн ар гэрийн­хэн нь сэрддэг.

Учир нь Ц.Ганзориг Хэлмэгдэгсдийн хөшөөний урд сууж олон нийтийн анхаарлыг татаж эхэлснийхээ дараахан нас барсан юм. Талийгаачийг олоход нэг гар нь ямар нэгэн зүйлтэй тэмцэлдсэн мэт улайж, үрэгдсэн байсан гэх. Харин задлан шинжилгээгээр талийгаачийг харвалт өгсөн гэдэг онош гарчээ. Талийгаачийн хувьд энэ жил 49 настай байв.
 
49 нас гэдэг бол тэр болгон аминд нь хүрэх хэмжээний хүчтэй харвалт өгөхөөр нас биш. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч хэлдэг. Ц.Ганзоригийн хувьд 2008 оноос хойш энэ асуудалтай холбогдож, харвалт өгөхөөр сэтгэлзүйн гүн дарамттай үеэ давчихсан гэх юм билээ. Иймээс л түүнийг гадны нөлөөтэй нас барсан байх гэж ар гэрийнхэн нь эргэлзэж байна. Үнэхээр гадны нөлөөтэй байх боломжтой.

Ц.Ганзоригийн гэр бүл хүний наймааны тухай асуудлаар цагдаад хандсаны дараагаас эсрэг талынхан нь эцэг нь төрсөн охиноо хүчирхийлдэг байсан хэмээн гүжирдэж, хүүтэйгээ хамт хүний наймаачин гэх Н.Алтанзулыг бүлэглэн зодсон зэрэг асуудлаар удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж байсан аж. Гэхдээ эдгээр гүжирдлэгийн аль нь ч Ц.Ганзоригийг болон гэр бүлийг нь буруутгаж, мохоож чадаагүй юм.
 
Ингээд Ц.Ганзоригийн амь насаа алдах шалтгаан болсон энэ хэргийн талаар өгүүлье. Ц.Ганзоригийн охин 19 настай Г 2010 оны нэгдүгээр сарын 19-нд хүүх­дийн­хээ асрамжийн мөнгийг авахаар гэрээ­сээ гараад сураггүй болжээ. Тухайн үед Г гурван сартай охинтой байж. Охи­ноо алдсан эцэг, эх сандарч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байна. Цагдаагийн хэлтэст бүртгүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч охиных нь сураг гарсангүй.

Аргаа барсан Ц.Ганзориг эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар сураг ажиг тавьж явсаар Уянга гэх эмэгтэйгээс охиноо хулгайлагдсан болохыг мэджээ. Уянгын хэлснээр Г-г “янхан зардаг Зулаа” гэх нэрээр олонд танигдсан Н.Алтанзул, Д.Адъяаням, Бат-Эрдэнэ гэсэн гурван хүн авч явсан байж. Энэ дагуу Ц.Ганзориг охиныг нь хулгайлсан байж болзошгүй Н.Алтанзул нарын мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдээлсэн аж.
 
Цагдаа нар ч сэжигтнүүдийг хайсаар нэгдүгээр сарын 26-нд Н.Алтанзулыг бусдад зодуулсан, архи уусан байдалтай байхад нь олж, байцаалт авсан байна. Харин Н.Алтанзул бусдад зодуулсан байдалтай ирчихээд дараа нь Ц.Ганзоригийг эхнэр, хүү болон цагдаа нартай нийлж өөрийг нь зодсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байдаг. Цагдаа нар хэдэн цагийн турш байцаалт явуулсны эцэст охины байгаа газрыг тогтоож, Ц.Ганзоригийг Н.Алтанзултай хамт явж охиноо ав гэжээ.

Охиныхоо сургийг гаргасан эцэг, эх хоёр хүний наймаачин гэх Н.Алтанзулыг дагаад Цагдаагийн хэлтсээс гарахад Н.Алтанзул “Яасан их цагдаа дууддаг хулгайч вэ” гээд Ц.Ганзоригийн эхнэр рүү дайрч, үсдэж авсан байна. Тэд Цагдаагийн хэлтсийн хашаанаас гарч амжаагүй байсан тул энэ зодооныг харсан цагдаа нар ирж салгажээ.
 
Эцэг, эх хоёр ч аргаа барахдаа Г-ын хөхнөөсөө гараагүй гуравхан сартай хүүхэд нь яаж зовж байгаа талаар Н.Алтанзулд хэлж, охиныхоо байгаа газрыг зааж өгөхийг гуйсан аж. Харин энэ үед Н.Алтанзул цөхөрсөн эцэг, эх хоёрыг дарамтлаж, “Нэг сая төгрөг өгвөл охины чинь байгаа газрыг зааж өгнө” гэжээ. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан эцэгт нэг сая төгрөг яаж олдох билээ. Ц.Ганзориг энэ тухайгаа тайлбарлаж, 500 мянган төгрөг өгөхөөр тохирчээ.

Гэвч Н.Алтанзул хэлсэндээ хүрэлгүй “Бие өвдөөд байна. Маргааш болъё” гээд тэр өдөртөө Г-ын байгаа газрыг зааж өгсөнгүй. Тэрбээр зургаа хоногийн турш иймэрхүү байдлаар булзаж, зугтсаны эцэст сая нэг охины байгаа газрыг зааж өгчээ. Ц.Ганзориг тухайн үед охиныг хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүмүүсийг шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүссэн аж.
 
Энэ дагуу УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Н.Алтанзул, Д.Адъяаням, Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үеэс л Н.Алтанзул нар Ц.Ганзоригийн гэр бүлийн гишүүдийг өс хонзонгийн сэдэлтээр удаа дараа заналхийлж байжээ.
 
Улмаар нэгдүгээр сарын 26-нд цагдаа нартай бүлэглэж, зодсон хэмээн гүжирдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлж байв. Гэхдээ шүүх Ц.Ганзориг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар төгсчээ. Шүүх Ц.Ганзоригт ямар нэгэн ял оноогоогүй учраас Н.Алтанзул нар бүр хэрцгийгээр гүтгэж, дарамталж, айлган сүрдүүлдэг болсон аж. Ц.Ганзоригийг төрсөн охин Г-г хүчирхийлдэг байсан, хүүхэдтэй болгосон гэдэг мэдээллийг цагдаа нарт өгч, мөн л хэрэг үүсгүүлжээ.
 
Ерөнхийдөө өөрсдийнхөө үйлдсэн хэргийг буцаагаад эцэгт нь тохож, цагаадах бодлоготой ажиллаж байсан гэнэ. Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хандан Г-гийн төрүүлсэн охин Ц.Ганзоригийн төрсөн охин мөн эсэхэд ДНХ-ийн шинжилгээ хийлгэжээ. Мэдээж Ц.Ганзориг төрсөн охиноо хүчирхийлдэг байсан гэдэг нь илт гүтгэлэг байсан учраас ШШҮТ-ийн мэргэжилтнүүд Ц.Ганзоригийн хүүхэд биш гэдгийг тогтоосон аж.

Харин хүний наймааны хэргээр шал­гагдаж байсан Н.Алтанзул нарын хэр­гийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2011 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгожээ. Прокурорын мэдэгдэх хуудсанд тэмдэглэснээр бол сэжигтнүүд Г-г ашиг олох зорилгоор хүч хэрэглэн эрхшээлдээ байлгаж, биеийг нь үнэлүүлж, бусдад худалдсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн байна.

Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон явдлыг Ц.Ганзориг эсэргүүцэж, хүний наймаачдыг хууль хяналтынханд нөлөөлсөн хэмээн үзэж байв. Иймээс энэ оны есдүгээр сард УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж, Хэлмэгдэгсдийн хөшөөний урд суулт хийжээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль хяналтын байгууллагын ажилд нөлөөлөх боломжгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

2008 оноос хойш охиныхоо төлөө явж, хүний наймаачид Г шиг өсвөр насны охидыг хэрхэн дарамталж, биеийг нь үнэлүүлдэг байсан талаар дуугарч, өөрийнхөө хэмжээнд тэмцсээр ирсэн Ц.Ганзориг учир битүүлгээр нас барсан юм. Тиймээс Ц.Ганзоригийг хүний наймаачид дуугүй болгосон байх гэдэг хар учир мэдэх хүмүүсийн дунд төрсөөр байна. Ц.Ганзориг хаачив аа.

Т.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж