“Шинэчлэл 2012-2013” форум болно

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

“Шинэчлэл 2012-2013” форум болно

Засгийн газраас Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран энэ сарын 11-нд “Шинэчлэл 2012-2013” форум зохион байгуулахаар болсон байна. Уулзалт  МҮХАҮТ-д болох бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, шинэтгэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, МҮХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцох юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж бизнесийн орчинг сайжруулах, бизнест хамгийн их саад бэрхшээл учруулдаг олон зөвшөөрөл, лиценцийг багасгах, мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн шинэчлэх зэрэг олон чиглэлээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар тусгай ажлын хэсгүүд байгуулсан. Ажлын хэсгүүд   хувийн хэвшлийн төлөөллийг оруулан тодорхой бодлого шийдвэр гаргахаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Засгийн газрын шинэчлэл хариуцсан сайд бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санал, бодлыг сонсон тодорхой ажлын хэсгүүдэд бизнесийн төлөөллийг оролцуулж, бизнесийн салбарт реформ хийхээр төлөвлөсөн байсан.

Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн болон 2012-2013 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх зорилготой юм байна.  Бизнес эрхлэгчид бүхнийг тус уулзалтад хүрэлцэн ирж бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой, 2012-2013 онд бизнесийн орчинд хийх нэн шаардлагатай байгаа шинэчлэлийн асуудлуудаар санал, бодлоо хуваалцан, идэвхтэй оролцохыг МҮХАҮТ-аас урилж байгаа аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж