-МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа албан ёсоор мэдэгдлээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Үнэхээр тус намынханд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах шаардлага үүссэн үү?
-Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдлын төлөө зогсоно. Одоогоор МАХН-ын нөхдүүд Засгаас ямар шалтгаанаар гарах болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна. Ер нь бол уур нь хөдлөхөөр Засгаас гарна гэдэг, сэтгэл нь хөдлөхөөр засагтайгаа хамт байна гэж хөнгөн гоомой хандаж болохгүй шүү дээ. Засгийн газрын хувь заяа бол хэдэн сайд, гишүүний асуудал биш, 2,8 сая монголчуудын асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. Тийм учраас асуудалд буурь суурьтай хандаасай гэж хүсэж байна.
-МАХН-ынхан “Шүүхээс Н.Энхбаяр даргын асуудлыг нааштайгаар шийдчихвэл Засгийн газраас гарах тухай асуудлаа эргэж харна” гэж байна лээ. Нэг хүний хэргээр Засгийн газрыг ингэж барьцаалж болох уу?
-Н.Энхбаярын асуудал бол тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. Нөгөө талаас МАХН-ыг ганцхан Н.Энхбаярын эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улстөрийн хүчин гэж бодохгүй байна. Хэрвээ тус намынхан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас мултлахын төлөө ийм алхам хийж байгаа бол дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл хийж байна гэж дүгнэнэ. Гэхдээ МАХН-д олон жил улс төрд явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай улстөрчид бий. Тэд улстөрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар харахгүй байхаа гэж найдаж байна.
-Хэрвээ МАХН Засгийн газраас гарвал Ардчилсан нам аль улстөрийн хүчинтэй хамтарч Засгийн газраа дахин эмхлэх бол?
-МАХН Засагт байсан ч, байгаагүй ч Монголын төр явдгаараа явна. УИХ-д олонхийн суудал авсан нам нь бодлогоо тодорхойлон, Засгын газраа хөтлөн, төрийн ажлыг явуулна. Ер нь парламентад суудалтай улстөрийн намууд болон бие даагчид МАХН-ын энэхүү ойворгон байдлыг таагүй хүлээн авч байгаа. Өнөөдөр би бие даагч гишүүд болон бусад намын төлөөлөлтэй уулзсан. Тэд ганц улстөрчийн төлөө бус нийт монголчуудын эрх ашгийг дээдлэн ажиллахаа мэдэгдсэн.
-Бусад намын төлөөлөлтэй уулзлаа гэдэг нь МАН-ынхантай уулзсан гэсэн үг үү?
-ИЗНН болон МҮАН-ын гишүүдтэй уулзсан. Тэд засаглалын тогтвортой байдлын төлөө байхаа илэрхийлсэн.
-Ардчилсан нам УИХ-д 31 суудалтай, маргаантай тойргууд дахь нэр дэвшигчдийнхээ УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлээд дээр нь ИЗНН, МҮАН-ынхныг оруулаад Засгийн газар байгуулах гарцыг эрэлхийлээд эхэлжээ гэж ойлгож болох уу?
-Амьдралд проблем байдаг ч гарц шийдэл хүлээж байдаг. Тэгэхээр амьдрал бол проблемоор ч баян, шийдлээр ч бас баян. Үүнд сандарч тэвдэх шаардлага байхгүй гэж би хэлмээр байна.
-Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа хоёр талаас байгуулсан гэрээнд “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах бол ямар үүрэг хүлээхээр заасан бэ?
-“Шударга ёс” эвсэл задарсан тохиолдолд өөрөөр хэлбэл, МҮАН, МАХН-ын байр суурь зөрчилдсөн тохиолдолд эвсэл задрахаас арга байхгүй. Эвсэл задарсан тохиолдолд “Шударга ёс” эвслийн листээр орж ирсэн гишүүд парламентын гишүүнээсээ татгалзана гэсэн үг. Автоматаар гишүүн биш болно, гишүүнийхээ эрхийг эдэлж чадахгүй болно гэсэн үг. Тэгэхээр “Шударга ёс” эвсэлд намын листээр өгсөн саналын хувь хэмжээ хуваагдаж очно. Энэ тохиолдолд Ардчилсан нам болон бусад намуудын парламентын төлөөлөл нэмэгдэх боломж харагдаж байгаа. Эргээд энэ нь Ардчилсан намд засаглалыг илүү тогтвортой авч явах боломж ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулна гэж мэдэгдэхэд та дэмжиж байсан уу. МҮАН-ын гишүүдэд та хэр итгэлтэй байгаа вэ, байр сууриа хамгаална гэдэгт?
-Би хувьдаа хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжиж байсан. Яагаад гэвэл “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн олонхи нь ялангуяа МҮАН-ын гишүүд ардчиллыг дэмждэг, Ардчилсан намд байсан, иргэний хөдөлгөөнд байсан, надтай хамтарч ажиллаж байсан хүмүүс. Энэ талаас нь илүүтэй итгэж байсан. Хэдийгээр одоо “Шударга ёс” эвсэл задарлаа ч түүний нэг бүрэлдэхүүн болох МҮАН-ынханд ардчиллыг дэмждэг, иргэний нийгмийн талын гишүүд байгаа болохоор Засгийн газрын тогтвортой байдлын төлөө, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө бид нэг талдаа байж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-Гэхдээ та “Шударга ёс” эвслийнхнийг Засгийн газарт хамтрахыг дэмжиж байсандаа одоо харамсч байна гэж ойлгож болох уу?
-Энэ бол МАХН-ын асуудал. Улстөрд ч, амьдралд ч салалт байдаг. Энэ бол Монголын улстөрд тохиолдож байгаа нэг салалт, нэг задрал гэж ойлгож болно. Ер нь салалт задрал болгон нэг шинэ амьдрал, шинэ орчин, шинэ төрөлт, шинэ нөхцлийг авчирч цэвэрших боломжийг олгодог. Тийм учраас энэ үйл явдал нь Монголын улстөрийн бас нэг цэвэршилтийн цаг нь юм уу л гэж харж байна.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдах байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага аваад МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг хойшлууллаа. Шалтгаан нь юу байсан юм бэ. Хэдий болтол танай намын бүлэг эл асуудлыг хойшлуулах юм?
-Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдал, мөн өргөн барьсан хуулийн төслийг илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай холбоотойгоор энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг хугацаагүй завсарлага авсан. Товчоор хэлбэл, бусад намуудтай УИХ-ын Дэгийн тухай хуулийн төсөл дээр бүрэн ойлголцолд хүрээгүй байна гэж ойлгож болно.
-МАН-ынхнаас гадна “Шударга ёс” эвсэл ИЗНН гээд парламент дахь бүхий л төлөөллийн намынхантай саналаа нэгтгээгүй байна гэсэн үг үү?
-Тийм ээ, аль аль нь хамаарна.
-УИХ дахь МАН-ынхан “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуулийн төсөл дээр эцсийн байдлаар Ардчилсан намтай тохиролцсон ч байнгын хорооны хуралдаан зарлахаар л зангаа хувиргаж байна” гэсэн тайлбар өгч байгаа. Танай бүлэг хэтэрхий хатуу хандаад байгаагийн зэрэгцээ хэлсэн амандаа хүрэхгүй байгаа юм биш үү?
-Ардчилсан нам МАН-д нэг л шаардлага хүргүүлж байгаа. Тэр нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуул гэж байгаа юм л даа.
-Бүлэггүй намынхан яаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Нэг зүйлийг онцолж хэлье, МАН-ын гишүүдийн буйдантай суулт, УИХ-ын чуулганд оролцож байгаа байдлаасаа эхлээд хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүн бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай ажлаа хийх ёстой. Бүлэг байгуулах хугацаа 24 цаг байдаг. Тэр хуулиа МАН-ын гишүүд өөрсдөө зөрчсөн. Харин үүнийг нь цайруулах гэж бид хууль зөрчигчдөд хууль батлах гэж байгаа нь сайн зүйл биш. Тэгж ярих юм бол энэ асуудлаас болж манай намын бүлэг дээр ч санал зөрчилдөж байгаа.
Ер нь бол хууль зөрчигчдийг дэмжих хэрэггүй, харин ч хариуцлага тооцох ёстой шүү дээ.
-Танай намын бүлгийн хатуу байр суурь нь эргээд олон нийтийн дунд намын рейтинг унахад нөлөөлөөд байгаа юм биш үү. Орон нутгийн сонгуульд эрх баригч хүчин, сөрөг хүчин хоёр ойролцоо суудал авсан нь эндээс илэрнэ гэж зарим хүн үзэж байна?
-Би бол эсрэг байр суурьтай байна. Учир нь орон нутгийн сонгуулиар МАН, МАХН хоёулаа маш хүнд цохилт авсан. Бодоод үз л дээ, МАН 21 аймгийн 12-14-ыг нь үндсэндээ алдчихлаа шүү дээ. Өмнөх орон нутгийн сонгуулиудаар бараг 90 хувийг шахам дангаараа МАН авдаг байсан бол өнөөдөр 40 хувь руу буулаа. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүдийн үйл ажиллагаа нь буруу байна гэдгийг нотлон харуулсан сонголт. Сонгогч түмэн сонгуулиар улстөрийн намтай хариуцлага тооцдог юм шүү дээ.
Ардчилсан намын хувьд хариуцлагатай, ил тод улс төрийн төлөө явж байгаа болохоос биш хууль зөрчигчдийг өөгшүүлж болохгүй гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа.
Тийм учраас нэг намд биш, нийт ард түмэн, нийтлэг эрх ашгийг хамгаалах хууль батлагдах ёстой гэж үзэж байна.