Тэрбумаар тооцогдох камерын будилаан

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Тэрбумаар тооцогдох камерын будилаан

90 саяын Б.Гансүх. Энэ нэр, түүний залилсан мөнгөний тоо өнөө үед тийм ч их сонсогдохоо байсан. Өдгөө төрийн томчууд тэрбум тэрбумаар тооцогдох мөнгө луйвардсан тухай бишгүй баримт бий. Ялангуяа төслөөр, тендерээр баяжсан гэх өндөр албан тушаалтнууд мундахгүй. Тийм болохоор л гаднаас тэрбумаар тоологдох санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд хэдэн арваараа хэрэгждэг ч нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн ховор.

Мянганы сорилтын сангаас хэрэгжсэн утаагүй зуухны төсөл гэхэд л улсын нэрийг унагаад амжсан. Маш их хэмжээний мөнгөөр хэрэгжүүлсэн энэ төслийн хөрөнгийг хувийн ашиг сонирхлын үүднээс зарцуулсан учраас АНУ-ын Мянганы сорилтын сангаас холбогдох албан тушаалтнуудаа солихгүй бол бид төслөө татахад хүрнэ гэж сануулж байлаа. Тэд соёлтой хүмүүс болохоор идсэн, уусан гэж хэлээгүй биз.

Нийтдээ 26 сая 300 мянган ам.доллараар хэрэгжсэн “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем”  хэмээх төсөл бий. Энэхүү төслийг БНСУ-аас 30 жилийн хугацаатай, 0,5 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлжээ.  

Камержуулах төсөл харийнхнын халаасыг түнтийлгэж, харин бидний халаасыг сэгсэрч, ирээдүйн эздийг өрөнд оруулсан гэдгийг та төдийлөн анзаараагүй болов уу.

Төрөөс төрсөн тэрбумтан бидний дунд цөөнгүй. Төрөөс хэрхэн тэрбумтан төрдөг, төрийн томчууд ажилдаа хэрхэн хайнга хариуцлагагүй хандаж, улсаа өч төчнөөн өр ширэнд оруулдгийн бодит жишээг News Production дэлгэж байна. Энэ төсөл 2,7 сая монголчууд биднийг 26 сая 300 мянган ам.долларын өрөнд унагасан байна.

Өдгөөгийн үлгэр ингэж эхэлжээ

2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэхдээ Монгол Улсыг төлөөлөн Сангийн сайд Н.Баяртсайхан, БНСУ-ыг төлөөлөн Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Ян Чон Шиг нар гарын үсэг зурсан байна. Улмаар 13 сая 500 мянган ам.долларын өртөг бүхий “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төсөл, 12 сая 800 мянган ам.долларын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх нэрийн дор Солонгосын талаас жилийн 0,5 хувийн хүүтэйгээр 30 жилийн хугацаатай дээрх мөнгийг зээлжээ. Солонгосчууд энэ зээлийг Монголын талд өгөхдөө “хүний хүн идэхээр өөрийн нохой долоо” гэдэг байдлаар хандсан нь илт. Тэднийг буруутгах аргагүй. Тэд аль болох л өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлэхийг эрмэлзэх нь лавтай.

Өөрөөр хэлбэл, “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төслийн (гэрээний нөхцөл, заалт нь адилхан) зээлийн гэрээний Худалдан авах ажиллагааны журмын 3-т “Нийлүүлэгч нь БНСУ-ын иргэн байх эсвэл тус улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна” гэж заажээ. Ингэснээр Солонгосын компаниуд сая сая доллараар тоологдох нийлүүлэлтийг хийх ашигтай боломж бүрдсэн аж. Харин дотоодын компаниуд Монголд бүртгэлтэйдээ гутраад үлджээ.

Мөн журмын 4-т “Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа үйлчилгээг зээлдэгч Солонгосын нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнт тендер зарлах замаар худалдан авна” гэж заасан нь солонгосчуудад давуу эрх олгосон заалт байлаа. Үүгээрээ Монгол Улсын болон өөр олон улсын аж ахуйн нэгж, байгууллага тендерт оролцох боломжийг хязгаарласан байна. Гэрээг байгуулсан монголчуудын төлөөлөл нутаг нэгтнийхээ эрх ашгийн үүднээс оролцов уу, эсвэл өөр нэгний сонирхлыг төлөөлөв үү гэдэг эргэлзээ байгаа биз. Миний хувьд “лав маньд ашиггүй гэрээ” гэж хэлэх байна.

Яагаад гэвэл төслийн гэрээний Зөвлөх ажиллуулах журмын 3-р заалт бий. Энэ заалтад “Зээлдэгч нь Солонгос компаниудаас зөвлөхөөр ажиллуулна” гэж заасан байгаа юм. Ингээд улсдаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө бид Сөүлд, эсвэл Солонгосын аль нэг тосгонд амьдардаг, Улаанбаатарт ямар байх нь падлий ч байхгүй нэгэн нөхрөөр зөвлүүлэхээр болсон гэсэн үг юм. Бид өөрсдөдөө итгэхгүй юмаа гэхэд  гадаадын буюу хөндлөнгийн туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг Зөвлөх компаниар ажиллуулж, төслийн гүйцэтгэлд хяналт тавих боломжийг мөн хязгаарласан байна.

Солонгосчуудаас зээлсэн, солонгосчуудад давуу боломж олгосон дээрх төсөл цааш ингэж үргэлжилжээ

Зээлдүүлэгч нар сая сая доллараа зээлэхдээ Монгол Улсыг банкгүй гэж тооцсон бололтой. Эсвэл манайхан банктай гэдгээ хэлээгүй ч юм уу, бүү мэд. “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төслийн ажлын санхүүжилтыг Монгол Улсын Сангийн яам, Монголбанкаар дамжуулан хийгээгүй аж. Түүгээр зогсохгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдоогүй, гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн байна. Сангийн яам болон Монгол банкаар дамжаагүй. Солонгосчууд зээлж, солонгосын компани нийлүүлж, хяналтыг нь солонгос тавьсан. Жаахан ойлгомжтой хэлэх гээд оролдъё. Солонгосчууд өөрсдийн компаниуддаа 26 сая 300 мянган ам.доллар өгсөн. Саяар тоологдох долларынх нь хариуд компаниуд нь өөрсдийн хүссэн үнээр бодон техник хэрэгслээ Монголд нийлүүлсэн. Монголчууд өндөр үнээр техник, хэрэгслийг нь хүлээж авсаныхаа хариуд албан болон гаалийн татвараас чөлөөлж, 26 сая 300 мянган долларыг жилийн 0,5 хувийн хүүтэйгээр гучин жилийн хугацаанд төлөх өртэй хоцров.

Энэ талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг удирдах төвийн дарга Л.Батцоож энэ талаар “Засгийн газар хоорондын тохиролцоо болон КЕХIM банкны нөхцөлөөр санхүүжсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь төсөл дууссантай холбогдон шинээр байгуулагдсан. Гадаад орнуудад нэгэнт хэрэгжсэн бөгөөд орчин үеийн хотуудын хөдөлгөөн зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай байсан “Зам тээврийн оновчтой систем” төсөл нь манай оронд хэрэгжиж үр дүнгээ өгөөд байна. Замын нэгдсэн зохицуулалттай болсноор улс, эдийн засаг, нийгэмд олон талын ашигтай байна. Харин төслөөр суурилуулсан тоног төхөөрөмж, программ хангамжийн үнийн асуудалд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс огт оролцоогүй учир үнийн хувьд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна” гэж мэдэгджээ.

Монгол Улсад хэрэгжсэн. Тэгсэн хэрнээ холбогдох хууль ёсны байгууллагууд нь төслийг хэрэгжүүлэхэд огт оролцоогүй юм чинь яаж ч мэдэх билээ. Тиймээс дээрх хоёр төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийнэ гэдэг бухал өвснөөс зүү хайхтай адил байх нь дамжиггүй. Ямартай ч интернэт ашиглан зах зээлийнх нь үнэтэй харьцуулж чадсан байна. Ингэхдээ шоконд орохуйц тоо, баримтыг олж харжээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэгдсэн систем төслийн хувьд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем’’ төслөөр суурилагдсан Main server HP rx 6600 маркийн төв серверийг 176 мянга 848 америк доллараар монголчуудад нийлүүлсэн байхад Google products сайтад 35 мянга 835 америк долларын үнэтэй байж. Харин БНСУ-ын JINDOO I.SCO.LTD компаниас 2009 оны есдүгээр сарын 1-нд ирүүлсэн 119’850 ам.долларын нэхэмжлэхийн хавсралтад дээрх маркийн сервер 21’000 ам.доллар гэж бичигджээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бид зах зээлийн үнээс нь  даруй таваас зургаа дахин өндөр үнээр авсан гэсэн үг болж таарах нь. Хамгийн гол нь нийлүүлсэн компанийн нэхэмжлэх дээрх дүн, манайхны тэмдэглэсэн дүн хоёр 50 мянган долларын зөрүүтэй байна. Солонгосчууд биднээс гурав дахин их, харин холбогдох албан тушаалтнууд хоёр дахин илүү мөнгө идсэн болж таарч байна. Зам барьдаг хятадууд зузаанаас нь, манай дарга нар өргөнөөс нь хасч ашиг олдог гэдгийг бодит жишээ нь энэ.

Баримт 1
HP rx 6600 маркийн Back-up server буюу нөөц сервер нь 176 мянган 848 ам.доллараар нийлүүлэгдсэн бол Google-ийн илэрцээр 35 мянга 835 ам.долларын үнэтэй байна. Нөөц серверийг зургаагаас долоо дахин өндөр үнээр шахжээ.  

Баримт 2
Үүгээр зогссонгүй ээ. Төсөлд 16’754 ам.доллараар MNS/SMS HPDL360G маркийн сервер нийлүүлэгдсэн бол HP худалдааны компанийн сайтат 2’289 ам.доллар, JINDOO I.S CO.LTD компаний 2009.09.01-ний нэхэмжлэхийн хавсралт жагсаалтад 2’000 ам.доллар байна. Энэ нь 9-10 дахин өндөр үнэ гэсэн үг.

Баримт 3
Төсөлд 15’823 ам.доллараар суурилуулсан HP Universal Rack 10642 G2 нь дээрх сайтад 1’249 ам.доллар байна. Энэ нь зах зээлийн үнээс даруй 12-13 дахин өндөр үнэ байгаа юм.

Баримт 4
Төсөлд 55’847 ам. доллараар суурилагдсан аудио болон видио бичлэг хийх DVR төхөөрөмж БНСУ-ын HI cctv.net сайтад 2’750 ам.доллар, SK C&CO.LTD компаний 2009.09.16 нэхэмжлэхийн хавсралт жагсаалтад 3’755 ам.доллар байгаа нь 14-15 нугалсан өндөр үнээр монголчуудад шахсаныг илтгэж байгаа юм.

Баримт 5
Төсөлд 41’885 ам.доллараар нийлүүлэгдсэн Fire wall аюулгүй ажиллагааны
төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 21’836 ам.доллар байна.

Баримт 6
Төсөлд 75’393 ам.доллараар нийлүүлэгдсэн Sniper маркын IPS системийн
хамгаалалтын төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 37’620’000 вон буюу 34’604 ам.доллар байна. Хоёр дахин өндөр үнээр худалдан авсан гэсэн үг.

Баримт 7
Төсөлд 16’754 ам.доллараар нийлүүлэгдсэн теле хяналтын болон хөдөлгөөн мэдрэгч HPDL360G маркийн телекамерын серверүүд тус компанийн худалдааны сайтад нэг бүр нь 2’289 ам.доллар байна. Ойролцоогоор долоо дахин илүү үнэтэй нийлүүлсэн гэсэн үг.

Баримт 8
Аль ч байгууллагад байж л байдаг /IP Phone/ утасны аппаратыг гэхэд л 359 ам.доллараар үнэлэн шахсан бөгөөд Samsung-ийн  Wiz070 сайтад 122 ам.доллар байна. 237 америк доллаараар илүү буюу гурав дахин илүү үнэтэй гэсэн үг.

Төгсгөлийн оронд

Хөөрхий цагдааг хөлчүү начин хүссэнээрээ зодож байгаа бичлэгийг та бид үзсэн. Зарим нь болж муу цагдаа гэж өмөөрсөн бол зарим нь дургүйцэн үзэн ядсан.

Хэрэвзээ замын хөдөлгөөнийг хянах камер суурилуулаагүй бол зодуулсан цагдаа худлаа ярьсан болж, бөхдөө дэндүү хайртай монголчууд буруугүй болгоод л өнгөрөх байлаа. Харин энэхүү камерийг суурилуулаагүй бол монголчууд 30-аад сая долларын өрөнд унахгүй байж. Төрөөс ч төрөх тэрмбумтнуудын тоо ч багасах байсан юм бил үү, хэн мэдлээ.

 2,7 сая монголчууд биднийг 26 сая 300 мянган америк долларын өрөнд унагасан “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем”  төслүүдийн хэрэгжилтийн талаар өгүүлэхэд ийм байна.

Үлдсэн ажлыг нь хууль, хяналтынханд үлдээе.  



Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж