Мөн дуучин Д.Болд монгол поп урсгалд зориулан шинэ дүр төрхийг бүрдүүлсэн нь үзэгчдийг байлдан дагуулах бас нэг шалтгаан нь байсан гэнэ. Хар өнгийн төмөр шигтгээ бүхий монгол дээл хувцас, гутлыг хэрхэн урлах санааг Д.Болд өөрөө гаргаж, Монголын урдаа барьдаг чадварлаг оёдолчдод захиалан урлуулжээ. Хээнцэр агаад чамин дээл, гар хийцийн гутлыг ёстой л "Монгол поп" загварын хувцас, хэрэглэл гэлтэй.
Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг тэрээр “Гоёо” брэндийн нүүр царай болж, Монголын урлагийн оддоос анх удаа өөрийн брэндтэй болж байсан. Магадгүй “Үүлэн домог”-т амилсан түүний орчин үеийн монгол хувцаснууд тун удахгүй шинэ брэнд болон мэндлэх ч юм билүү. Ямартай ч залууст клипний хувцасны загвар дизайн, хийц нь тун их таалагдаж байгаа дуулдсан.
Харин энэхүү дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл мөн дууг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч бас онцлог юм. Цэвэр монгол поп урсгалаар хийгдсэн уг бүтээл язгуур хөгжмийн зэмсгүүд, бөмбөрийн хэмнэл буюу бөөгийн хэнгэрэг зэрэг нь манайд өмнө нь дуугарч байгаагүй шинэлэг хөгжмийн дуугаралт чимж байгаа.
Харин дууны клипийг “V” студийн уран бүтээлчид гайхалтай зураглал, хийцтэйгээр бүтээсэн хэмээн үзэгчид ам сайтай байгаа юм. Клипний зургийг авалт нийслэл хотоос зайдуу, өвөрмөц тогтоцтой газар авсан. Гэхдээ чухам хаана зураг авалтаа хийсэн гэдгийг дуучин Д.Болд нууцалж байгаа аж.
Энэ бүхнийг хослуулсан монгол поп урсгалын хэв маяг, хөгжим дуугаралт, орчин цагийн туульс домгийг хүүрнэн харуулсан уг бүтээлээр дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн нээлтээ амжилттай эхлүүллээ. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын дараагийн тэсрэлт “Намрын тухай бодол” дуу байх гэнэ. Тэр болтол “Үүлэн домог”-ийн түүхийг хамтдаа сонсоцгооё!