Асуудал хийгээд “bus”-тай өдөр

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Асуудал хийгээд “bus”-тай өдөр

www.news.mn сайт өдөр бүрийн үйл явдлаа тоймлон хүргэдэг уламжлалаараа өнөөдрийн онцлох үйл явдлыг тоймыг хүргэж байна.

Арванхоёрдугаар сар гараад хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал орж, гацуураа чимж, баярын уур амьсгал өрнөж байна. Яг ийм үед улстөрийн амьдрал “манантаж” эхэллээ. Учир нь МАХН-ын удирдах зөвлөлөөс хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан гэж өнөөдөр мэдээлсэн юм.
 
“Муу”  мэдээ

МАХН хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг өчигдөр шөнө дөлөөр хуралдсан тус намын Удирдах зөвлөлөөс гаргасан гэсэн мэдээлэл яах аргагүй өнөөдөр олны анхаарлын төвд байлаа. Хамтарна хэмээн гэрээ үзэглэж, эвлэлдэн нэгдсэн МАХН-ыэ Засгийн газраас гарах шалтгаан нь “Монголын номер нэг хүн” буюу авлигын хэргээр ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн.

УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар 100 хоногийн ажлаа өнгөрсөн долоо хоногт тайлагнан баярын уриа цууриа намдаагүй байтал ийнхүү ан цав гарах мэдээлэл дэгдэв. Эвсэл задарна, хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаа гэсэн бор шувуу олон хоногийн өмнөөс нисч байсныг өчигдөрхөн гэхэд хэлээ гарган шоолж байсан МАХН-ыхан өнөөдөр харин ийн эрс шийдэмгий мэдээлэл хийв. Энгийн хүний нүд, сэттгэлээр үнэхээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагаанд доголдол үүсээд, санал нийлэхгүй маргалдаж мэтгэлцээд байгаа бол Засгийн газраас гарья гэж шийдэж болох гэтэл ганцхан хүний эр ашгаас болж ийн засаг хагарах дээрээ тулсанд гайхсан сэтгэгдэл, интернэтээр нисч байна.

Өнгөрсөн баасан гаригт Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал болох байсан ч долоо хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурлын тов гарснаас эхлэн “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдахгүй, чуулганы хуралдаанд оролцохгүй байсан юм. Харин үүнийгээ эвслийн бүлгийн дарга нь “Эвслийн бүлгийн гишүүд чуулганд оролцох эсэхээ өөрсдөө мэдэг” гэсэн юм. МАХН-ын зүгээс энэхүү мэдэгдлээ хараахан албан ёслоор Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон АН-ын гишүүдэд өгөөгүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Киргиз улсад болох Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын уулзалтад оролцохоор өнөөдөр Киргиз улсыг зорьсон. Ажлын айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд  пүрэв гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотноо ирэх юм.

“Сайн” мэдээ

Улстөрийн хувьд таагүй мэдээлэл байгаа нийгмийн амьдралд  нэгэн сайн мэдээ байна. www.news.mn сайт “Бага ангийхныг  автобустай болгоё”  хэмээх цуврал нийтлэлүүд бичиж, алслагдсан дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг автобустай болгох саналыг хөндөж бичиж байсан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 10, 102 дугаар сургуулиуд сурагчдын автобустай боллоо.  Тус сургуулиуд  автобусыг түрээслэн сурагчдаа тээвэрлэх бөгөөд  арванхоёр, нэг, хоёрдугаар  сарын түрээсийн төлбөрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж. Буянт-Ухаа цогцолбор сургууль нь  1200 гаруй хүүхэдтэй. Нисэх, Био, Морин даваанаас буюу ойролцоогоор 5-6 км алсаас 200 орчим хүүхэд  сургуульдаа ирдэг  байна. Сургуулийн автобусаар бага ангийхан үнэгүй, харин дунд ахлах ангийхан 200 төгрөг төлөн үйлчлүүлэхээр болсон байна. Захын дүүргийн хоёр ч сургуулийн сурагчид харанхуй бүдчин, айж сандрахгүйгээр гэртээ харихаар болж байна. Цаашид ч сайн мэдээ үргэлжилж, олон сургууль автобустай болоосой.

Шинэ элчингүүдийг томилно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  Монгол Улсаас гадаад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах тухай саналыг зөвшилцөхөөр УИХ-д өргөн мэдүүлэв. Нийт долоо улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн элчин сайдуудыг томилох төслийг Засгийн газар мөн дэмжээд байгаа юм.

Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн  нэр бүхий 25 компанийн  согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас  25 компанийн нэрийг зарлалаа. Үүнээс гурван  спирт, 17 архи, дөрвөн дарс, таван шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Улстөрийн хувьд олон асуулт дагуулсан МАХН-ын шийдвэр өнөөдрийн гол үйл явдал байлаа . www.news.mn сайт энэ талаархи талуудын байр суурыг хүргэсэн. Харин маргааш УИХ-ын чуулганы хуралдаан болохоор товлогдсон ч болох эсэх нь тодорхойгүй байна.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж