
УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, н.Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд болох байсан ч байсан ч яллагдагчдын өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Хоёр ч удаа хойшилсон шүүх хурал өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хурлын шүүгчээр О.Жанчивнямбуу оролцож байна. Увс аймгийн тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч болох Т.Гансүх Н.Жамсран, н.Лхагва нар Б.Хишигбаатар өмгөөлөгчөөс гадна О.Батжаргал гэж өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа юм. Өмнө нь хэрэгт холбогдсон этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байсан нь сонирхлын зөрчил үүссэн учраас н.Лхагва нь тусдаа өмгөөлөгч авсан аж. Түүнчлэн хувийн нууцтай холбоотой асуудал шүүх хурлын үеэр гарах учраас шүүх хурлыг хаалттай явуулах саналыг тэрээр гаргаад байсан ч шүүх хүлээж аваагүй юм. Шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байна.
Дашрамд дурдахад, Увс аймгийн оюутнуудад мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны референт байсан Ш.Чинбатын нарын мөнгө тараасан хэрэг мөн энэ сарын 10-нд болохоор хоёр дахь удаагаа хойшлоод байгаа юм.
Б.ХАЛИУ