“Засгаас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй”

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

“Засгаас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй”

МАХН-аас хамтарсан Засгийн газраас гарна гэх мэдээллийг өнөөдөр гаргаад буй.  Энэ талаараа өнөөдөр тус намын нарийн бичгийн дарга болон бусад гишүүд хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдсэн. Гэхдээ Засгийн газраас гарах шийдвэрээ Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон хамтран ажиллаж буй Ардчилсан намын бүлгийхэнд албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж.  Энэ талаар АН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга гишүүн С.Одонтуяагаас байр суурийг нь сонирхлоо.Дашрамд сануулахад Ерөнхий сайд бөгөөд АН-ын дарга Н.Алтанхуяг гадаадад томилолтоор яваад байгаа. Харин УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат өвчтэй байгаа аж. Тиймээс бид Ардчилсан намын байр суурийг илэрхийлэх УИХ дахь бүлгийн дэд даргын байр суурийг сонссон юм.

-МАХН  хамтарсан Засгийн газраас гарна гэсэн мэдээллийг өгөөд байна. Ардчилсан намын зүгээс үүнд ямар байр суурьтай байна вэ?

-МАХН хамтарсан Засгийн газраас гарах талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй Засгийн газарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. МАХН-ын зүгээс Засгийн газраас гарна гэдгээ Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор мэдэгдээгүй байна. Хэрэв гарах талаараа албан ёсоор мэдэгдвэл АН-ын бүлэг хуралдаж, байр сууриа илэрхийлнэ.

-Гэхдээ Засгийн газраас гарна гэж байгааг та юу гэж харж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн ажлаа тайлагнаж байгаа энэ үед Засгийн газраас гарна гэж байгаа нь ёсзүйгүй санагдаж байна. Хариуцлагатай хамтарч ажиллана гэж гэрээ байгуулсан шүү дээ. Монгол Улс эдийн засгаа хурдацтай хөгжүүлж, ард иргэдийнхээ нуруун дээрхи ачаанаас хөнгөлмөөр байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед ийм шийдвэр гаргана гэдэг оновчгүй санагдаж байна. Улстөрийн намууд нь өөрсдөө учраа олохгүй бол ард түмний нуруун дээрхи ачаа улам нэмэгдэнэ. Улстөрийн шийдвэрүүдийн цаана ард түмэн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байх. МАХН-аас албан ёсоор бидэнд мэдэгдвэл бүлэг хуралдаад байр сууриа илэрхийлэх болно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж