Д.Дорлигжав: Эрх мэдэлтэй хүн бусдыг загнаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Эрх мэдэлтэй хүн бусдыг загнаж болохгүй

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөв Д.Дорлигжавын Прокурорудын удирдлагын нэгдсэн зөвлөгөөнд хэлсэн үг, удирдах ажилтнуудад өгсөн үүрэг чиглэлийг товчлон хүргэж байна.

Прокурорын байгууллага 2012 оны арвандүгээр сарын 27-30-ны өдрүүдэд ажлаа ярьж зөвлөн хэлэлцлээ. Мөн сургалтууд зохион байгууллагдлаа. Эдгээр ажлуудаас үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Төв, орон нутгийн удирдлагууд та бүхэн анх удаа ажлаа нээлттэй мэдээлж тайлагналаа. Та бүгдийн ажлаа танилцуулж байгаад ч бид дүгнэлт хийлээ. Зарим нь ажлаа үнэлж, цэгнээд өөрийн болгоод ярьж байхад зарим нь хэдэн тоо хэлээд үр дүнгээ дүгнээгүй ярьсан нь ч байна. Эдгээр хүмүүсийг ажлаа мэдэхгүй байна гэж дүгнэхээсээ илүү сэтгэлгүй байна гэж дүгнэх нь илүү тохирохоор байна.

Мэдээж хэрэг ажлаа сайн хийсэн, бидний тавьж байгаа шаардлагын түвшинд хүртэл хийхийг хичээсэн аймгийн прокурорууд байна. Тухайлбал Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр зэрэг аймгийн прокурорууд, Нийслэл, Тээврийн прокурорын тавьсан илтгэл, мэдээллээс харахад ажлын сайн эхлэлүүд байна, ажлаа өөрөөр харах гэж оролдсон, зүтгэсэн байна. Харин Булган, Хэнтий, Дундговь зэрэг аймгийн прокуроруудыг учир дутагдалтай, санаанд төдийлөн хүрэхээргүй ажилласан гэж дүгнэлээ.

Бидний байнга яриад байгаа 2011 оны 01 тоот “Ажил эрчимжүүлэх тухай“ албан даалгавар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай хамтран гаргасан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” 2011 оны 87/111/118 тоот захирамж, тушаал, мөн УЕП-ын гаргасан 2011 оны “Прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах тал дээр та бүхний үйл ажиллагааг дүгнэн үзэхэд нэг талаас та бүхний сэтгэл дутсан, нөгөө талаас яаж хэрэгжүүлэх аргаа сайн мэдэхгүй тал нь илүү давамгайлсан юм уу гэж дүгнэхээр байна.

Та бүхний хэрэгжүүлж буй хариуцлагын арга хэмжээ харилцан адилгүй байдаг, мөн ойлгомжгүй тохиолдлууд ч байна. Тухайлбал яг адилхан алдаа гаргасан прокурорт нэгийг нь цалингийн тодорхой хувь, сараар тооцож сахилгын шийтгэл хүлээлгэж байхад нөгөөд нь сануулах маягаар ханддаг юм байна. Энэ бол та нар яаж хэрэгжүүлэх аргаа мэдэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаас субъектив байдлаар хандсан байх талтай. Энэ  миний үгийг сонсоод явдаг юм, энэ хүн ерөөсөө болдоггүй, энэ хүнд хариуцлага тооцно ч гэдэг юм уу иймэрхүү хандлагаар хандаж болохгүй. Ийм тэгш биш байдал эргээд удирдлагыг хамгийн муухай харагдуулдаг, хамт олон ч итгэл алддаг юм. Иймээс удирдагч нийт ажилтнууд өөрт чинь ямар сэтгэлээр ханддагаас үл хамааран яг байгаа хууль тогтоомж, баримт бичгийн дагуу жигд шаардлага тавьдаг, жигд хариуцлага хүлээлгэдэг  байх ёстой.

Энэ удаагийн зөвөлгөөний дүгнэн гурван зүйлийг үүрэг болгож байна.

Нэгдүгээрт:
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын гомдлоор доод шатны прокурорын шийдвэрийг хянахдаа гомдлыг хянахаас гадна прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэлд заавал дүгнэлт өгч байхыг анхааруулж байна.
Та бүхэнд тавигдах гол шаардлага бол энэ юм. Иргэн хүн аймаг, нийслэл, улсын прокуророор явсаар байгаад сүүлдээ Ерөнхий прокурор хүртэл шат шатандаа гомдол гаргаад ирж байна. Гомдол гаргасан хүний гомдлыг уншаад эндээс зөвхөн тэр хүний гомдол, хүсэлтийг харахаас илүүтэй та бүхний ажлын нүүр царай харагддаг. Үүнийг яагаад шалгуулаагүй юм бэ, яагаад даалгавар бичээгүй юм бэ, яагаад цаг алдав, яагаад хуулийг буруу хэрэглэсэн юм бол гэж харагдаг. Ийм зөрчил, дутагдлууд гараад байхад шат шатандаа арга хэмжээ аваагүй байдаг. Дээд шатны прокурор гомдлыг хянахдаа тухайн прокуророор өөрөөр нь яриулж аваад тэрэн дээр үндэслэж шийдвэрийг хэвээр батладаг буруу жишиг байдаг. Энэ нь дээд шатны прокурорын үндсэн үүрэг, хяналтын үр нөлөө муудаж байгааг харуулж байна.

Түүнчлэн иргэдэд гомдлын хариуг өгөхдөө хууль зүйн өөр боломжийг зөвлөж өгөлгүйгээр “таны гомдлыг хүлээж авах боломжгүйг мэдэгдье” гэж шууд ямар ч гарцгүй юм байна гэсэн ойлголт төрүүлэхээр хариу өгч байгааг өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал “эрүүгийн журмаар шалгах боломжгүй, харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирол, төлбөрөө нэхэмжлэх хууль зүйн боломжтой” гэх зэргээр гомдсон иргэнд зөв чиглэлийг тодруулж, тайлбарлаж өгдөг байх хэрэгтэй.

Мөн үүнтэй холбоотой харьцааны асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Би биечлэн долоо хоног бүр иргэдтэй уулздаг. Ихэнх нь манай шат шатны прокурорын үйл ажиллагаанд, гомдсон хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь тавьж байгаа шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгийг мэдсэн хэрнээ манай прокуроруудын харьцаанд гомдсон гомдол давамгайлсан байдаг. Иймд та бүхэн хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байж сур. Эрх мэдэлтэй хүн бүхэн бусдыг ширвээж, загнаж хашгичаад байж болохгүй. Сайхан зантай байна гээд хэрэг хийсэн этгээдэд зөөлөн хандаж цаг алдаад, шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнээд байж бас болохгүй. Бид төрийн албаны хууль сахиулагчид. Хэзээ ч хүнтэй ёс бус харьцсан, доромжилсон, гадна төрхөөрөө басамжилсан, үл тоосон ийм байдлаар хүнтэй харьцаж болохгүй. Энэ бол бидний ёс зүйд туйлын харш зүйл.

Харин яагаад өөрийнх нь гомдлыг хүлээж авахгүй байгаагаа тайлбарлаж өг гэсэн үүргийг өмнө нь нийт прокуроруудад өгсөн. Үүнийг арга барил болгох хэрэгтэй.

Дахин хэлэхэд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын гомдлоор доод шатны прокурорын шийдвэрийг хянахдаа гомдлыг хянахаас гадна доод шатны прокурорын алдаа, буруутай үйл ажиллагаа бий эсэхийг заавал хянаж хоёр шийдвэртэй байх ёстой. Нэг нь иргэнд өгөх шийдвэр, нөгөө нь прокурорт авах арга хэмжээ эсвэл өгөх үүрэг даалгавар байх ёстой.

Хоёрдугаарт: Удирдамжийн бичиг баримтуудаас дээр дурьдсан албан даалгавар, сахилга, хариуцлагын чиглэлээр гаргасан тушаал гэх мэт хамгийн чухал гэсэн зүйлүүдээ хойшоо тавьж болохгүйг анхаар. Тулгамдсан зорилт болсон чухал удирдамжийн баримт бичгүүдээ ширээн дээр байнга тавьж, өөрийнхөө гаргаж буй шийдвэр, хийж байгаа дүгнэлт, авч байгаа арга хэмжээндээ  байнга тусгаж анхаарлынхаа төвд байлгаж, ажлаа ач холбогдлоор нь зааглаж, ялгаж хэрэгжүүлж сур. 

Та бүхэн нэгдүгээрт прокурор, хууль сахиулагч, хоёрт хамт олон удирдаж байгаа удирдагч хүн. Тиймээс удирдах арга барилд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг анхаарч ажилла. Удирдах ажилд хүн суралцдаг юм, энэ ажлыг хийж чадахгүй тийм хүмүүс байдаг бол асуудлаа тавих хэрэгтэй, заавал удирдах ажилтан бол гээд чадахгүй байгаа хүнийг муугаар нь дуудаад яваад байх шаардлага байхгүй, энэ бол албан харилцаанд байдаг л асуудал.

Та нарыг нэг бүрчлэн ажлаа тайлагнуулж байгаа нь удирдах ажилд сургаж байгаа бас нэг хэлбэр гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл ажлаа дүгнэж багцалж хэлж, хүмүүст ойлгуулж байгаа байдал, ажлаа зохион байгуулж байгаа байдал, ажил зохион байгуулах аргачилалд, сургаж байгаа явдал юм. Мөн бусдаасаа үлгэр авах ёстой. Удирдах ажилтан байгууллага удирдахаас гадна өөрийгөө дүгнэдэг, цэгнэдэг, дээшээ ажлаа зөв тайлагнаж чаддаг, яаралтай үед зөв шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Тиймээс удирдах арга барилд санаачлага гарган суралцах шаардлагатай байна.

Гуравдугаарт: Ёс зүйн асуудлыг хамгийн гол шаардлагаа болгож хэвшүүл.
Хамгийн нэгдүгээрт согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Ер нь  дүрэмт хувцастай яваа үедээ, мөн хамт олноороо нийлж архиддаг, хоёр, гурваараа нийлж архиддаг асуудал тасрахгүй байна. Үүнийг хувийн асуудал гэж ярьвал хүлээж авахгүй. Энэ зөрчил олон гараагүй ч байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлнө. Албаны харьцааг хувийн харьцаатай хутгаж болохгүйг анхаарч ажилла.

Эцэст нь хэлэхэд прокурорын байгууллага үйл ажиллагаа бүхэлдээ цахим хэлбэрт орж байна. Одоо бид цаастай зууралдахгүй, дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлнэ. Бүх бүртгэл цахимаар хийгдэхээр болж байгаа. Энэ бол богино хугацаанд маш олон мэдээ мэдээлэл, тайлан авах, хол байгаа прокурорын газрын ажилтай ч хурдан хугацаанд танилцаж, хяналт тавих бүрэн боломж юм. Та бүхэн үүнийг хурдан нэвтрүүлэх үүрэгтэй гэдгээ анхаараарай. Сонин хэвлэл, телевиз радио элдэв байгууллагуудын дарамт шахалт, аливаа нөлөөлөх оролдлогод автахгүй итгэл үнэмшилтэй байх, шийдвэр гаргаж чаддаг байх нь хуульч хүний эрхэм дээд чанар болно.

Ингээд та бүхний ажил амжилт хүсъе, та бүхэн эрвийх дэрвийхээрээ хичээгээд хамтдаа гар нийлсэн хамтын удирдлагыг бий болгоё. Та бүгдийг чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж