М.Энхсайхан: МАХН алдаа хийх эрхтэй

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: МАХН алдаа хийх эрхтэй

МҮАН-ы дарга М.Энхсайхантай холбогдлоо.

-МАХН Засгийн газраас гарахаа зарлачихлаа. Харин МҮАН яах вэ?

-МАХН-ын  шийдвэрийг шүүх эрх бидэнд байхгүй. Энэ утгаар нь МАХН алдаа хийх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. МАХН-ын гаргасан шийдвэр Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудалтай холбоотой гэж ойлгож байна.  Үүнийгээ ч тэд нуухгүй байгаа. Мэдээж намын даргынхаа төлөө гишүүд, дэмжигчид нь дуугарч болно. Гэтэл нэг хүний асуудлыг  үндэсний эрх ашигтай эн зэрэгцүүлж шийдвэр гаргах хүртлээ төөрөлдөж болохгүй шүү дээ. МҮАН-ын хувьд үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт  тавина гэдэгт хатуу зогсоно.

-Та болон танай намынхан “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэдэгтэй санал нийлэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Шүүхийн шийдвэрээс болж Засгийн газраас гарна гэж ярьж байгаа бол шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийг салгасан Үндсэн хуулийн зарчим алдагдана. Энэ бол ардчилсан бус явдал болно. Шүүх нь шүүхээрээ, засаг нь засгаараа байх хэрэгтэй. 

-Урьд шөнө МАХН-ын Гүйцэтгэх хорооны хурлын дараа эвслийн Удирдах зөвлөл хуралдсан гэдэг үнэн үү?

-Хуралдаагүй. МАХН-ын гаргасан шийдвэрийг дагаж намирч, бачимдаж хуралдахгүй.

-Тэгвэл “Шударга ёс” эвсэл задарсан гэж үзэж болох нь ээ?

-Хэрэв МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ дангаараа гаргаж байгаа бол тэр намын л шийдвэр. Харин МАХН дангаараа “Шударга ёс” эвслийг төлөөлөхгүй. Тэгэхээр МАХН шийдвэрээ эвслийн шийдвэр гэж үзэж болохгүй.

-Танай намынхан Засгийн газраас гарах хүсэлгүй байгаа юм байна, тийм үү?

-Засгийн газрын асуудлыг хэзээ ч хөндөж болно. Ингэхийн тулд ноцтой шалтгаан байх ёстой. 100 хоногийн настай Засгийн газарт тийм шалтгаан харагдахгүй байна.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж