Хятадад нүүрсний импорт өссөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Хятадад нүүрсний импорт өссөн гэв

Хятад улс энэ оны эхний арван сарын байдлаар 220 сая тонн нүүрс импортлосон байна. Энэ нь өнгөрсөн жилийн импортоос 33,5 хувиар өссөн дүн гэж БНХАУ-ын гаалийн албанаас мэдээлжээ.

Энэ 220 сая тонн нүүрсний хэдэн хувь нь далайгаар болон хилийн боомтоор импортлосон болох нь тодорхойгүй байна. Импортын нүүрсний дундаж үнэ 103.3 ам.доллар байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2,9 хувиар буурсан нь үнэ гэж БНХАУ-ын Гаалийн газар нь мэдээлсэн гэж Хятадын нүүрсний худалдаа эрхлэгч компаниудын холбооны вэбсайт coalworld.net  мэдээлсэн байна. Гэхдээ БНХАУ-ын Гаалийн газар импортын нүүрсний хэдэн хувь нь эрчим хүчний болон коксжих нүүрс болохыг дурдаагүй байна.  

“Ройтерс”-ийн мэдээлж буйгаар Австралийн Хятадад нийлүүлдэг эрчим хүчний нүүрс нэг тонн нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 83 ам.долларын үнэтэй байсан.

Харин манай улсаас хилийн боомтоор нийлүүлж байгаа коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 40-70 гаруй ам.доллар байгаа юм.

Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортлосон нь өмнөх жилээс эрс буурсан үзүүлэлт юм. Манай нүүрс импортлогчдын тайлбарлаж буйгаар Хятадын коксжих нүүрсний зах зээлийн эрэлт тааруу хэвээр байгаа гэж буй. Монголын нүүрс импортлогч ихэнх компаниудын хувьд нүүрсний зах зээлийн үнэ олборлолтын болон тээвэрлэлтийн өртгөөс доогуур байгаа учраас экспортоо зогсоогоод байгаа билээ. 

Монгол Улсаас Хятадын зах зээлд нийлүүлж буй нүүрс Хятадын дотоодын нүүрстэй болон хойд нутгийн Өвөрмонголын нүүрстэй үнээр өрсөлддөг. Харин Хятадын хойд нутгийн нүүрсний үнэ бусад олон улсын зах зээл дэх үнээс ерөнхийдөө доогуур байдаг аж.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж