Филиппиний ольтригийн өмнөд хэсгийн 40 мянгаад хүн энэ жилийн хамгийн хүчтэй "Пабло" (Pablo; олон улсын ангиллаар "Бофа"-Bopha) шуурга мягмар гаригийн өглөөгүүр Минданао аралд орж ирэх үеэр аюулгүй газар нуугдан бүгсэн тухай мэдээний GMA News интернет-портал дамжууллаа.
Филиппиний Агаар мандал, геофизик, одон орон судлалын захиргааны (PAGASA) мэдээгээр, арванхоёрдугаар сард анхны, харин энэ жилийн 16 дахь халуун орны далайн шуурга 175-210 км/цагийн хурдтай салхи болон усан бороо дагуулжээ. PAGASA-гийн сүүлийн мэдээнд уг шуурганы төв нь Букиднон мужийн Малайбалай хотоос зүүн өмнө зүгт 80 километрийн зайд байна. Шуурга цагт 26 км-ийн хурдтайгаар баруун хойд зүгийг чиглэн явж байгаа гэнэ.
Гамшгийн хохирлын талаарх мэдээлэл одоохондоо гараагүй байна. Арван сая хүнтэй уг аралд онц байдлын дээд төвшнийг зарлаад байна. Онгоцны нислэгүүд хойшлогдон олон зуун хүмүүс нисэх буудлуудад “түгжигджээ”.
Жил бүрийн борооны улирал гэх зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд Филиппиний ольтигт 20 орчим шуурга, далайн хар салхинд өртдөг гэнэ. 1991 оны далайн хар шуурганд Лейте арлын 6000 хүн амь үрэгдэж байсан юм. Харин энэ жилийн наймдугаар сард шуурга болон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алджээ.