Өчигдөр орой Засгаас гарах дуулиан дэгдээсэн МАХН-ынхан сая мэдээлэл хийж, МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаараа хэлэлцсэн Шинэчлэлийн Засгийн газраас сайд нараа татах тухай асуудлыг албан ёсоор танилцуулсан бол тэдэнтэй “Шударга ёс” хэмээх нэг дээвэр дор багтаж МҮАН-ынхан “найз”-уудынхаа шийдвэрийг таалахгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт МАХН-ын Засгаас гарна гэх сонголтын талаар “Бүхэл бүтэн улсын Засгийн газарт орж, гарна гэдэг нь нэг намын гишүүдийн шийдчихдэг асуудал биш. Тэр тусмаа хувь хүний асуудлаас болж. МАХН-ын Гүйцэтгэх хороог би алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. МАХН-ын шийдвэр “Шударга ёс” эвслийг төлөөлөхгүй” гэсэн байр суурь илэрхийлээд байна.
МҮАН-ын гишүүд МАХН-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор албан ёсны хурал хийгээгүй байгаа ч зарим гишүүд энэ талаар санал бодлоо солилцож уулзсан байна. Харин МАХН-ын зүгээс өнөөдөр МҮАН-ынхантай уулзаж, Засгаас гарах шийдвэрийнхээ талаар танилцуулна хэмээж байгаа билээ.
Ш.ЧИМЭГ