Засгийн газрыг самарна гэв үү!

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг самарна гэв үү!

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдав. Харуй бүрий тасарч ажил алба өндөрлөсөн хойно тарсан уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт хүлээлгэсэн ял, түүнийг тойрон өрнөж буй  үйл явцыг хэлэлцэж дөрвөн шийдвэр гаргажээ. Юуны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үздэгээ дахин илэрхийлжээ. Уг  хэлмэгдүүлэлтийг таслан зогсоолгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ хамтарсан Засгийн газраас гарахыг даалгаж гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж шоронд хориод цагаатгаж гаргалгүй өдийг хүрсэн учир ийнхүү МАХН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар болж, энэ тухай Ерөнхий сайдад дуулгах үүрэг хүлээсэн Шадар сайд Д.Тэрбишдагва тэр дор нь Засгийн газрын тэргүүнд энэ тухай мэдэгдсэн гэх. Бас нэг хачирхалтай шийдвэр гаргасан нь хэрэв улс оронд тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэнэ гэжээ. Юунаас болоод, яагаад, хэзээ Монгол Улс үймэх гээд байгааг бүү мэд. Яагаад ч тэр нь засаг барилцаж байгаа МАХН-д хамаардаггүй юм. МАН төр барьж байх үед өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал гарч, нэр холбогдож байсан МАН-ын гишүүн Т.Бадамжунай, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг албан ёсоор АТГ-т өгч шалгуулна гэв.

Үдшийн бүрийтэй давхцан шийдвэр гаргасан МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон чухам хэний буруугаар Н.Энхбаяр хэлмэгдэж, хэн улс төрийн зорилгоор түүнийг хорьж, ямар хүчин Монголд тогтворгүй байдал үүсгэж, яагаад очиж очиж МАХН түүний хариуцлагаас бултаж уснаас хуурай гарахаар амь тэмцэв гэдэг их л бүрхэг үлдэж байна. Тэгснээ яагаад ч МАН-ын хэдэн гишүүнийг АТГ-т өгөхөөр болоод явчихав. Иймэрхүү ийш тийш самчсан мэдэгдлийг хариуцлагатай улс төрийн хүчин гаргасан гэхэд ч хаашаа юм.

Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгууль дөнгөж өндөрлөмөгц олон суудал авсан АН-ыг хамгийн түрүүнд гуйж гувшин шинэтгэлийн Засгийн газрын нэг субъект болж орсон МАХН-ынхан хамтарч байгуулсан засгаа самарна гэдгээ зарлалаа. Өчигдөр өглөөхөн “Эвсэл нам тайван, хачин сайхан ойлголцож ажиллаж байгаа, задарна сална гэж горьдохын гарз. Нэг муу жижиг бор шувуу нисч л байдаг” гэсэн үгийг сэтгүүлчдэд тайлбар болгон ам таглаж байсан эвслийн нэг субъект болох МАХН ердөө л тэр үдэш нь хуралдаж засгаас гарах тухай мэдэгдэл хийж үг, үйл нь алд дэлэм байтугай зөрлөө.

Үүний ард МАХН-ынхан УИХ-д бүлэг байгуулж, Засгийн газрын субъект болсны цаад зорилго нь ердөө л намынхаа даргыг “аав”-ынхаас гаргаж, УИХ-ын гишүүн болгох ганцхан зүйл дээр нэгдэж байсан нь харагдаж байгаа юм. Ямар сайндаа эртээдхэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерпол руу захидал илгээж Н.Энхбаярын хэрэгт холбогдоод буй Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн хайх хэрэггүй гэсэн “лүндэн” буулгаж байх вэ. Түүгээр зогсохгүй МАХН-аас улс төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд толгой дараалан Интерполд захидал илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Төр, засгийн өндөр албанд орсных нь цаад утга ерөөсөө л даргыгаа суллуулах зорилготой гэдгийг энэ үйлдэл гэрчилнэ.

МАХН-ынхан Засгийн газраас гарна гэсэн “шантааж” маягийн үйлдэл хийсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Киргизид айлчлахаар мордлоо. Тэгэхээр Засгийн газрыг Шадар сайд Д.Тэрбишдагва толгойлж үлдэнэ. Засгийн газраас гарах шийдвэрээ өнөөдөр Ерөнхий сайдад өгөх байсан юм гэсэн. Амжсангүй дээ. Ерөнхий сайдынхаа эзгүйд гэрээ самарч тоглох юм уу, яах юм, Шадар сайдын мэдэх хэрэг болж. “Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар заамдалцав” гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт дэгдэж байсан. Болж буй үйл явдлуудаас харвал тэгсэн ч байж мэдэхээр. Гэхдээ засгаас гарна гэдэг нь МАХН-ын ээлжит “айлгуур” төдий гэдгийг санахад илүүдэхгүй биз. Оросын ёгт зохиолч Крыловын “Чоно ирлээ” гэж худлаа айлгадаг хүүхдийн тухай үлгэр шиг гэхэд нэг их холуур болохгүй. Н.Энхбаяр даргын хяналтын шатны шүүх хурлын өмнөх ээлжит “Чоно ирэлт”.

Хэрэв МАХН-ынхан яг үнэнээсээ засгаас гарвал ямар үйл явдал болох вэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар байгаа. Дээр нь Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар нэмэгдэнэ. УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл одоогоор 10 гишүүнтэй, 11 дэх нь Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэгд “нөөцлөгдөөд” буй. Арван гишүүний тав нь МАХН-ынх. УИХ-ын дэд дарга Л.Цог, эрхэм гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар дээр МҮАН-аас Ц.Цолмон орж ирж тав болсон.

МАХН Засгийн газраас гарвал эвслийн нөгөө тал болох МҮАН-ынхан Засгийн газартаа үлдэх юм байна. Энэ нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Эвслийг бүрдүүлж байсан хоёр намын нэг засгаас гарвал хүссэн ч эс хүссэн ч “Шударга ёс” эвсэл тарж таарах вий. УИХ дахь МҮАН-ын таван гишүүн АН-тай нийлж засагтаа үлдэнэ. АН-ын одоо байгаа 31 гишүүн дээр Өвөрхангайн тойргоос Д.Зоригт, Г.Батхүү нар, Сонгинохайрхан дүүргээс Л.Эрхэмбаяр ороод ирвэл 34 гишүүн болно. Тэд  ИЗНН-ын хоёр, МҮАН-ын таван гишүүн нийлээд Засгийн газраа элбэгхэн аваад явчихна.

Тэгэхээр МАХН Засгийн газраас гарвал Засгийн газарт нэг их хор хохирол учрахгүй нь. Харин МАХН-ын даргыг хэлмэгдүүлсэн үү, хэргийг нь зөвөөр хүлээлгэсэн үү гэдгийг шүүх, хуулийн байгууллага тогтоох биз ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж