Засгаас гарах шийдвэрээ мэдэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Засгаас гарах шийдвэрээ мэдэгдсэн гэв

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж өчигдөр үдэш болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын  шийдвэрийг танилцуулав. Түүний мэдээлснээр Гүйцэтгэх товчооны хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг зүй бусаар долоон сар гаруй хорьж улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байна гэсэн дүгнэлт хийсэн гэв. “МАХН эх орон, ард түмнээ бодож энэ талаар хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч орон нутгийн сонгуулийн явцад бий болсон нөхцөл байдалтай уялдуулан Гүйцэтгэх товчооноос Засгийн газарт МАХН хамтарч ажиллах бололцоо алга гэсэн  шийдвэр гаргахад хүрсэн” гэж тэрээр хэллээ.

Орон нутгийн сонгуульд МАХН-аас 2700-2800 орчим гишүүн нэр дэвшсэн ч олон хүний сонгох, сонгогдох эрхийг хасч хааж боосон гэж МАХН-ын нарийн бичгийн дарга хэллээ. “Хэрэв улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсвэл МАХН түүнийг хариуцахгүй. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа намын даргыг барьж хорьсон нь шударга ёс тогтоохоос айж байгаа үйлдэл” хэмээн МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн мэдээлэв.

Мэдээллийн дараа МАХН-ын нарйин бичгийн дарга Д.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

-Засгийн газраас гарна гэсэн шийдвэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд нийтэд нь хамаатай юу, МАХН-ын шийдвэр үү?

-Эвслийн бус МАХН-аас гаргасан шийдвэр.

-Үүнээс болж эвсэл задрах уу?

-Эвсэл задрахгүй.

-Засгийн газрыг АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн гурван субъект хамтарч байгуулсан. Гэтэл нэг субъектынх нь хагас нь яагаад ийм эрс шийдвэр гаргах болов?

-АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН анх Засгийн газрыг байгуулж гэрээ хийхдээ улс төрийн хэлмэгдүүлэлт хийхгүй байх нь хамтарсан Засгийн газрын нэг зорилт мөн гэж тусгасан. Гэтэл улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох бүү хэл ямар ч үг дуугарахгүй байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Киргиз улсад айлчлахаар мордож байна. МАХН Засгийн газраас гарах шийдвэрийг Засгийн газарт хэзээ хүргүүлэх вэ?

-Шийдвэрийг албажуулсны дараа хүргүүлнэ. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг өгсөн. Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва МАХН-аас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өчигдөр орой албан ёсоор мэдэгдсэн.

-Хэрэв МАХН засгаас гарвал МАН-тай эвсэнэ гэсэн яриа дуулдаж байгааг юу гэж үзэх вэ?

-МАХН МАН-тай эвсэхгүй.

-Хэрэв улс төрийн тогтворгүй байдал үүсвэл түүний хариуцлагыг МАХН хүлээхгүй гэсэн байна. Юунаас болж ямар тогтворгүй байдал Монголд үүсэх гээд байгаа, яагаад МАХН түүнээс хариуцлага үүрэлгүй мултрах гээд байгаа хэрэг вэ?

-Засгийн газар ажиллахгүй байна. Хэрэв үүнээс болж Монголд тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцахгүй.

-Хэрэв хяналтын шатны шүүх хурлаар асуудал Н.Энхбаяр даргын талд нааштай шийдэгдвэл Засгийн газраас МАХН гарна гэсэн шийдвэрээ яах вэ?

-Эргэж харна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж