Хан-Уул дүүргийн шүүгч Мөнхбаяр асуудлыг онцгой ажиллагааны журмаар нэг хоногийн дотор шийдэж, биднийг УИХ-ын анхдугаар чуулганд оролцох эрхийг нь хаасан байдаг. Энэ нь хариуцагчгүй, шүүхийн бус асуудлыг шүүх шийдсэн үндэслэлээр нийслэлийн шүүхэд хүчингүй болсон. Ингэснээр миний тангараг өргөх боломж нээгдсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо нөгөө хоёрын давж заалдах хугацааг харна гэж суусаар байтал 9-р сарын 27-нд Өвархангай аймгийн шүүгч Отгонжаргал С.Чинзориг нар насанд хүрээгүй хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсныг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн гэсэн захирамж гаргасан. Энэ шүүгчийн захирамж хуулийг бас л ноцтой зөрчсөн. Г.Батхүү, Д.Зоригт нар Нийслэлийн шүүхийн шийдвэрийг Дээд шүүхэд давж заалдсан байсан бөгөөд хэргийг хяналтын шүүх хэлэлцэх гэж буй үед Өвөрхангай аймгийн шүүх уг асуудлаар дахин маргаан үүсгэхгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Сонгуулийн маргаан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн асуудал тул хялбаршуулсан журмаар шийдэх асуудал биш юм. Гэтэл маргааныг хялбаршуулсан журмаар шийдсэн төдийгүй С.Чинзориг нар нь хэргийн оролцогч биш тул давж заалдах эрхгүй гэсэн байгаа. Г.Батхүү, Д.Зоригт нарын сонгуулийн зөрчилтөй холбоотой асуудлыг хялбаршуулсан журмаар шийдүүлэх нэхэмжлэл тус аймгийн шүүхэд гаргахаар иргэний журмаар шийдэх асуудал биш гэж буцаагаад байдаг нь сонирхолтой байгаа биз, Ерөнхийлөгч өө.
Энэчлэнгээр миний нэр төрд халдаж, Өвөрхангай аймгийн иргэдийн хаан сонголтыг таслан зогсоохыг оролдсон зарим шүүх, төрийн байгууллагын бусармаг шийдвэр гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд СЕХ 10-р сарын 16-нд С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож, Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг УИХ-д өргөн барьжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцээс миний гомдолд ирсэн хариу албан бичигт “…Өвөрхангай аймгийн шүүхийн 2012 оны 11-рсарын 7-ны өдрийн 1/533 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн тус шүүхийн 2012 оны 10-рсарын 31-ний 06 тоот тогтоолоос үзэхэд УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хорооны өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2012.09.27-ны 1/450, 2012.10.10-ны 1/14 дугаар шүүхийн тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах” үндэслэлтэй эсэхийг Өвөрхангай аймгийн шүүх хянан шалгаж байгаа нь тогтоогдож байна” гэжээ. Асуудал ийнхүү шүүхийн шатанд байхад СЕХ Ардчилсан намаас нэр дэвшиж надаас даруй 3500-6700 хүний саналаар ялагдсан хоёр хүний нэрийг өргөн бариад байна. Миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, асуудалд шударга хандахыг хүлээж өнөөдрийг хүрлээ.
Таны Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амлаж, одоо хэрэгжүүлж байгаа нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэчлэлийг зарим улстөрчдийн бусармаг үйлдэл, мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж байгаа шүүх болон төрийн байгуулагын зарим албан хаагч муухай харагдуулж байна, ард түмэн ч ингэж ярьж байна. Таны хийж буй шүүхийн шинэчлэл зогсоогүй, таны хэлдэг байсан “АРД ТҮМНИЙ СОНГОЛТ-ХААН СОНГОЛТ” гэсэн ардчилсан зарчим алдагдаагүй гэдэгт итгэж байгаа учраас танд ийн хандлаа. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд анхааралтай хандаж, ардчилал, эрх зүйт төрийн үндсэн зарчмыг хамгаална гэдэгт найдаж байна. Таныг гүнээ хүндэтгэсэн С.ЧИНЗОРИГ” гэжээ.