Эмнэлгийг оффис болгохыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Эмнэлгийг оффис болгохыг эсэргүүцлээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын 22 гишүүн хамтарч Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчлөхийг эсэргүүцэх хуулийн төсөл өргөн барьсан тухай тэд мэдээлэв.  Засгийн газраас Төрийн албан хаагчдын эмнэлгийг Цэргийн төв госпиталтай нэгтгэн Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны харьяа оффисийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэн хуулийн төсөл боловсруулсан гишүүд сүүлийн дөрвөн жилд улсын төсвөөс хөрөнгө гаргаж, дээрх эмнэлгийг өргөтгөх шийдвэрийг УИХ-аас гаргасан атал Засгийн газар болон тухайлсан нэг сайд УИХ-ын шийдвэрийг өөрчлөх ёсгүй гэж үзэж байгаа гэлээ. Тэд эмнэлгийг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн тул түүнийг хүчингүй болгох тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд энэхүү төслийг УИХ-ын 22 гишүүн дэмжиж байгаа гэлээ.

Эмнэлгийн өртгөтгөлд зориулж улсын төсвөөс 2010 онд 950 сая төгрөг, 2011 онд 5.5 тэрбум төгрөг, 2012 онд 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2013 оны төсөвт 500 сая төгрөг нэмж төлөвлөн барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Тийм учраас энэхүү барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах боломжтой атал Засгийн газрын шийдвэрээр зориулалтыг өөрчлөх болсныг УИХ-ын 22 гишүүн эсэргүүцэж байна гэж тэд мэдэгдэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж