Энэ жилийн баяр наадмаар хоёр бөхөөс сэргээш илэрснийг тогтоож, сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлахад зарим нэг нь дургүйцэж, хувийн асуудлаа хүртэл дэлгэж орхисон талтай. Р.Нямдорж тэргүүн сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг олон нийтэд мэдээлснийх нь хариуд Х.Мөнхбаатар арслан “Намайг Р.Нямдорж тэргүүн дандаа ингэж дарамталдаг. Тэр ч байтугай Н.Ганбаатарт унаад өгчих 70 сая төгрөг өгье” гэсэн нь бөхийн хүрээнийхний загатнасан газрыг “маажсан” гэдэг. Аварга А.Сүхбат, Д.Сумъяабазар тэргүүтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхийн холбооны үйл ажиллагааг ил тод шүүмжилсэн. Харин Х.Мөнхбаатар арслан “сэргээш хэрэглээгүй”, “Р.Нямдорж надад 70 саяыг өгөхийг завдсан” гэж гүрийсээр өдийг хүргэлээ. Арслан өөрийн биеэр Солонгосоос “чилисэн”, “палисан” гэх эмнийхээ хариуг авчирна гээд Гуулин улсыг зорьсон сурагтай. Энэ ч яах вэ. Хамгийн гол сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхөд ямар шийтгэл ногдуулах нь одоо болтол тодорхой бус байна. Асуудлыг яагаад богино хугацаанд шийдэж чадахгүй байгаа нь энэ жилийн сонгуультай холбоотой гэж учир мэдэх эрхмүүд ярьж сууна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байсан Шадар сайд асан М.Энхболд, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар “Энэ ажил бидэнд хамаагүй. Одоогийн албан тушаалтнууд нь асуудлыг шийднэ биз” гэсээр өнөөдрийг хүртэл олигтой дуугарч өгсөнгүй. Сэргээш хэрэглэсэн бөхөд ногдуулах шийтгэлийг шийдэх гэж явсаар он дамжих нь.
Уг нь бол Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын долдугаар хавсралтад заасны дагуу Шадар сайд үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллах ёстой. Үүний дагуу Шадар сайд Д.Тэрбишдагва уг хороог тэргүүлж таарах нь. Харин орлогч дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Үндэсний бөхийн салбар хорооны дарга БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг шийдэж болох ажээ. Гэвч тэд энэ асуудалд анхаарч байгаа шинж огтхон ч алга.
Өмнө нь 2010 онд Б.Соронзонболд заан, Ц.Сумъяабэйс начин нар чимгээ хураалгаж, 2011 онд Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин нар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан гээд зохих шийтгэлээ хүлээсэн. Харин Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарыг яах нь тодорхой бус байна. Нэгэнт нэрсийг зарласан учраас баяр наадмыг зохион байгуулах хорооныхон бөхчүүдийг хэрхэх асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин.