Налайх дүүрэгт МАХН-ынхан жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт МАХН-ынхан жагсчээ

Налайх дүүргийн МАХН-ын гишүүд дэмжигчид өчигдөр 12.00 цагт дүүргийнхээ Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар МАХН-ынхан Налайх дүүрэгт санал өгсөн нийт сонгогчдын 24,2 хувийн санал авч, намын жагсаалтаар хоёр төлөөлөгчтэй болох болзлыг хангасан гэж үзэж байгаа юм байна.

Гэтэл тус дүүргийн Сонгуулийн хороо жагсаалтын 1, 2-т бичигдсэн Д.Цогоо, Ц.Хатанбаатар нарт түр үнэмлэхийг олгохгүй харин тойрогт нэр дэвшээд ялагдсан Ё.Бямбатогтох, Ц.Минжинхүү нарт түр үнэмлэхийг гардуулж хуулийг санаатайгаар зөрчсөн тул дээрх жагсаалыг зохион байгуулсан гэж байна. Жагсаалд нийтдээ 50 гаруй хүн оролцжээ.

Налайх дүүргийн МАХН-ын хуулийн зөвлөх М.Ганбаатар энэ тухай хэлэхдээ “2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Сонгуулийн хороо биднээс танай намын нэрийн жагсаалтаар Д.Цогоо, Ц.Хатанбаатар нар орох нь зөв биз дээ гэж утсаар асуусан. Бид үүнийн хариуд 59 тоот албан бичгийг явуулсан. Тус албан бичигтээ “Бага хурлын шийдвэрээр жагсаалтад орсон дарааллаар Д.Цогоо нэгд,  Ц.Хатанбаатар хоёрт бичигдсэн. Иймд энэ хоёр нэр дэвшигчид төлөөлөгчөөр сонгогдсон нь зүйтэй гэж үзээд түр үнэмлэхийг олгохыг хүссэн. Сонгуулийн хороо албан бичгийг хүлээж авсан даруйдаа мөн өдрийн 16.00 цагаас ирж түр үнэмлэхээ аваарай гэсэн. Гэтэл тэд гэнэтхэн түр үнэмлэхийг ирэх даваа гаригт нэгдсэн журмаар олгохоор боллоо гээд хагас сайн өдөр хуралдаад жагсаалтад нэр нь бичигдээгүй, тойрогт нэр дэвшээд ялагдсан байсан Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарт түр үнэмлэхийг олгох тогтоолыг гаргасан байсан. Сонгуулийн хороо ийм мэдэн будилсан алдаатай шийдвэр гаргасанд бид гайхаж байгаа. Иймээс энэ бүх алдаагаа засахыг шаардаж хэд хэдэн удаа хандсаны зэрэгцээ тус сонгуулийн хороог шүүхэд өгөөд байгаа” гэв.

Дашрамд дурдахад Налайх дүүргийн МАХН-ын  Мянгатын зөвлөлийн өнгөрсөн аравдугаар сарын 8-нд хуралдсан 5-р Бага хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуульд намын жагсаалтаар 8, тойрогт 17 нийт 25 нэр дэвшигчдийг тодруулахдаа "Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай" хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6.5 дахь заалтаар гулсах заалт байгаа ч МАХН-аас нэр дэвшигчид нь 5-р бага хуралдаанаар гулсаж орохгүй байхаар тогтсон юм байна. Түүнчлэн Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарыг намын бодлого шийдвэрийг зөрчсөн, дүүргийн МАН-ын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалд шунасан гэж үзээд МАХН-ын ёс зүйн хорооноос гишүүнчлэлээс хасах тогтоолыг гаргасан аж. Налайх дүүргийн МАХН-ын хороо намын гишүүнчлэлээс хасагдсан хүмүүс намын нэрийн жагсаалтаар ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж