Акробатын төрлөөр хошой алттай анхны баг

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Акробатын төрлөөр хошой алттай анхны баг

Францын
Гренобль хотод энэ сарын 22-25-нд болсон “Circus Latino” олон улсын
тэмцээнд Монголын үндэсний циркийн “Шидэх банзнаас үсрэгчид” баг тэргүүн
байрын “Алтан од” шагналыг хүртсэн юм. Тус багийн ахлагч, соёлын
тэргүүний ажилтан Б.Золбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Юуны өмнө олон улсын циркийн тэмцээнээс “Алтан од” шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэхүү наадамд хэрхэн оролцох болсон бэ?

-“Шидэх
банзнаас үсрэгчид” баг маань өнгөрсөн гуравдугаар сард Испанийн Фигерес
хотод болсон Олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож “Алтан
заан” шагналыг авсан. Энэ шагналыг дагалдаж Франц улсад зохиогдох
“Circus Latino” тэмцээнд оролцох эрх олгосон юм. Үүний дагуу уг тэмцээнд
багаараа амжилттай оролцож, “Алтан од” шагналын эзэн болсондоо баяртай
байна.

-“Circus Latino” тэмцээнд хичнээн орны циркчид оролцсон бэ?

-Нийт
17 орны 70-80 жүжигчин оролцсон. Сүүлчийн шатанд 12 орны баг үлдсэн.
Хүрэл медалийг Герман, Украин улсын баг, мөнгөн медалийг Бразилын баг
авсан. Манай “Шидэх банзнаас үсрэгчид” баг нэгдүгээр байрт орж, “Алтан
од” шагналыг аваад ирлээ.

-Ямар үзүүлбэрээр “Алтан од” шагналыг авсан бэ?

-“Шидэх
банзнаас үсрэгчид” баг маань олон улсын тэмцээнд хоёр үзүүлбэрээр
оролцдог. Хоёулаа акробатын төрлийнх. Энэ удаад бид шидэх банз,
шидэлттэй акробат гэсэн үзүүлбэрээр оролцсон. Дэлхийн хамгийн хүнд буюу
агаарт тав эргэх, дөрвөн метрийн өндөр сандал руу ямар ч хамгаалалтгүй
гурван эргэлт хийж гарах техникийг үзүүлдэг. “Circus Latino” тэмцээнд
оролцоход багийн нэг жүжигчин маань нурууны гэмтэлтэй байсан болохоор
бид шидэх банз үзүүлбэрээ дундаж хийж, харин шидэлттэй акробатад бүх
зүйлээ зориулсан. Манай баг “Алтан од” шагналыг авснаараа Монголын
циркийн түүхэнд олон улсын тэмцээний акробатын төрлийн хошой алтан
медальтай анхны баг болж байгаа юм.

-Өрсөлдөгчдийнхөө тухай ярихгүй юу?

-Хүрэл
медаль хүртсэн Украин улсын “Акробат-4” багийн тэнцвэрийн үзүүлбэр маш
сайхан болсон. Мөн мөнгөн медаль хүртсэн бразилчуудын далайн гахайн
үзүүлбэр үнэхээр сонин содон байсан. Хаанаас ч бөмбөг шидсэн далайн
гахай хошуун дээрээ тогтоож байсан. Хүнээс дутахгүй ухаантай амьтан юм
билээ.

-Танай багийн бусдаас ялгарах гол онцлог юу байсан бол?

-Мэдээж
олон зүйлээр ялгарч байж өндөр оноо авч, шагнал хүртэнэ шүү дээ. Бид
“Алтан ураг” хамтлагийн дууг үзүүлбэрийнхээ хэмнэлд тааруулж монтажлаад
аваад явсан. Учир нь Монголын язгуур урлагийг гайхуулж, мэдрүүлж чадсан
дуу байсан. Энэ дууны ая нь жүжигчний уран чадвар, үзэгчидтэйгээ
харилцах чадвар, хувцаслалт, нүүр будалт, гэрэлтүүлэг гээд бүх зүйлтэй
төгс зохицсон. Энэ л бусдаас ялгарсан гол онцлог байсан болов уу.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?

-Энэ
жил манай багийн хувьд арвин их амжилттай байлаа. Олон улсын тэмцээнээс
хоёр алт, хоёр хүрэл, нэг тусгай  байрын шагнал авсан. Тиймээс бид ирэх
жил Франц улсад гэрээний дагуу аялан тоглолт хийхээр боллоо. Жилийн
хугацаанд өөр ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцохгүй.

-“Шидэх банзнаас үсрэгчид” багийн мөрөөдөл юу вэ?

-Жүжигчин
болсны хувьд олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн буюу Монте Карлогийн
тэмцээнд оролцохыг мөрөөддөг. Энэ тэмцээн бол спорттой адилтгавал
олимпийн наадам юм. Бид циркчдийн олимпийн наадамд оролцохыг хүсдэг.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж