
Монгол улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажлаа авсанаас хойш тус салбарт эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Энэ нь түүний хийж эхэлсэн ажлуудаас тодорхой харагдана. ТТАХНЭ-ийг өөрийн харъяа байгууллагуудын нэгдсэн офис маягаар зориулалтыг нь өөрчлөн барих гэж байгаа асуудал нь нэг хэсэгтээ шуугиан тарьж байсан ч өвлийн ид хүйтэнтэй зэрэгцэн нам жим болов. Тэрбээр өчигдөр ШШГЕГ-ын удирдлагуудтай уулзаж, тус байгууллагын харьяа хорих ангиудаар орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудын ахуй амьдрал, тэдэнд тохиолддог бэрхшээл, хүндрэлүүдтэй танилцаж, нэлээдгүй үүрэг даалгавар өгчээ. Ямартай ч шахааны чанаргүй гутал, хувцас өмсч хэрэглэдэг байсан хорихын ажилтнууд өөрсдийн хүчээр гутал хувцасаа хийж өмсөх боломжтой тул энэ талын үйлдвэрлэл эрхлэх хүсэлтээ сайдад илэрхийлжээ. Х.Тэмүүжин сайд тархай бутархай хөдөө орон нутагт байгаа жижиг хорих ангиудыг нэгтгэж, 1500 хүний багтаамжтай шорон байгуулахаар зэхэж буй ч цаана нь үлдсэн 4500 хоригдлын асуудал нээлттэй хэвээр байна. Манай улсад нэг хорихын ажилтанд хоёр хоригдол ноогдож байгаа гэсэн мэдээлэл бий. Үүний цаана санхүү мөнгөний асуудал, нарийвчилсан төхөөрөмж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон шинэ шоронд шилжих нь зүйд нийцэж байгаа ч эрхээ хасуулан олон арван жилээр хоригдож буй хүмүүжигч нарын асуудал хөсөр хаягджээ.