-Сайн уу. Сайхан амарч байна уу?
-Сайхан даа. Орост одоо үүрийн 04:50 цаг болж байна. Шөнө унтаагүй ажилласан тул унтах гэж байна. Сайн унтаж амрахгүй бол хоолой амардаггүй юм аа.
-Ямар мэргэжлээр сурч байна вэ?
-Энд оюутан болж ирээд таван жил болж байна. 1962 онд байгуулагдсан Оросын урлагийн анхны сургууль болох Санкт-Петербург хотын Римский Корсаковын нэрэмжит консерваторт дуурийн дуулаач, багшийн мэргэжлээр сурч байна. Энэ жил төгсөнө. Хичээлдээ яваад л сураад л, аж төрөн амьдарч байна даа. СУИС төгсөөд намар нь Орост ирсэн. Дуурийн мэргэжлээр 10 дахь жилдээ сурч байна.
-Таван жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд уран бүтээл туурвисан уу?
-Олон улсын хэмжээний таван уралдаанд орсон. Дуурийн хоёр дүр бүтээж, Оросын театрын жүжигчидтэй хамтран тоглосон.
-Саяхан та Римский Корсаковын нэрэмжит Консерваторын тайзнаа томоохон дуурийн гол дүрийг бүтээсэн байсан?
-Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Консерваторын дэргэдэх театрын тайзнаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд тоглолоо.
-Таныг Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулах нэг уран бүтээлч хэмээн багш нар тань үнэлдэг юм билээ. Ленскийн дүрд дуулсан нь энэ үнэлгээг баталсан хэрэг мөн үү?
-Миний чадварыг ярих нь ч хаашаа юм бэ. Би жирийн л нэг оюутан, хүнээс илүү юм надад байхгүй ээ. Гавьяат жүжигчин П.Ганбат агснаас өөр монгол дуучин Оросын дуурийн тайзнаа дуулаагүй юм. Энэ тайзан дээр дуулсан хоёр дахь дуучин нь би.
-Таныг Ленскийд дуулсны дараа гадаадын сэтгүүлчид ярилцлага авсан гэл үү?
-Орос, Герман улсын сэтгүүлч ярилцлага авсан.
-Хэзээ Монголдоо ирэх вэ?
-Нэгдүгээр сард манай өвлийн амралт болно. Тэгэхээрээ нутаг явна даа. Зун зургадугаар сарын 22-нд нутагтаа бүр очно. Өвөл хоёр том ажилтай очно доо.
-Ямар ажил гэж, сонирхуулж болох уу?
-ОХУ-ын ардын жүжигчин, Марийнскийн театрын гоцлол дуучин мэргэжлийн багш Ольга Кондинадтай хамтран “Made in Russia” гэдэг цомог гаргаж байгаа. Түүнийгээ Монголын ард түмэн, сонгодог урлагийг сонсдог хүмүүст толилуулна. Нөгөөх нь дөнгөж бэлтгэл нь эхэлж байгаа тул удахгүй мэдэгдэх байх. Одоохондоо хэлээд дэмий биз.
-Энэ таны хэд дэх цомог болох вэ. Ер нь бие даасан тоглолт хэр олон удаа хийсэн билээ?
-Анхных нь “Алагхан хорвоод хоёулхнаа” гээд цомог гаргасан. Нийт гурван цомог гаргаж, 64 дуу дуулсан. 16 аймагт бие даасан тоглолтоо хийж, нийслэлд гурван удаа тоглосон юм байна шүү. Бас ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарч тоглолт хийгээд байна.
-Таныг их мөнгөөр хоолойгоо даатгуулсан гэдэг. Яг хэдэн төгрөгөөр даатгуулсныг сонирхож болох уу?
-Энэ талаар яриад яах юм бэ. Тэртэй тэргүй мэдэх нэг нь мэдэж байгаа байлгүй. Тэгээд ч өнгөрсөн асуудал шүү дээ.
-Монголдоо ирээд дуурийн дуучнаараа ажиллах уу?
-Мэдээж номыг нь үзээд ногоотой шөлийг нь уусан хүний хувьд амьдралынхаа 10 жилийг энэ мэргэжилд өгчихөөд эстрад дуулна гэж бодохгүй нь ойлгомжтой биз дээ. Мэдээж цаашид дуурийн урлагаараа нэрд гарч, их амжилт гаргана гэж боддог.
-СУИС-ийг хэн багшийн удирдлага дор төгссөн бэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав багшийн шавь шүү дээ.
-Орост амьдрал ямар байна. Оюутан хүнд гэрээ санаж гэдэс өлсөх үе гарна биз?
-Амьдрал дажгүй шүү. Гэхдээ эндхийн үг байдаг юм. Зочин байх сайхан ч гэртээ илүү сайхан. Гэрээ, ээж аавыгаа санаж байна. Хичээл ихтэй учраас зав зай хомс байдаг юм.
-Танай сургуульд монгол оюутнууд бий юу?
-Янз бүрийн чиглэлээр найман оюутан суралцаж байна.
-Та байрандаа монголчуудтайгаа байдаг уу?
-Миний хэнтэй байх нь уншигчдад нэг их сонин биш байх аа.
-Та эхээсээ хэдүүлээ вэ?
-Дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Манай ээж багш, аав тээврийн жолооч байсан. Одоо тэтгэвэртээ гарсан хөгшчүүл бий.
-Төрж өссөн нутаг хаанах вэ?
-Дуу хуурын өлгий нутаг болох Дундговь аймгийн уугуул.
-Гэр бүлтэй юу?
-Хоёулаа асуултаасаа халиад байх шиг ээ. Яагаад сонирхох болов. Хүний хувийн амьдрал руу хамаагүй өнгийж болдог юм уу. За, за хоёулаа яриагаа ингээд өндөрлөе. Унтаж амрах хэрэгтэй байна.