Сонирхолтой жишээ өгүүлэхэд, 1990 оны үед Монгол улсад ердөө л худалдаа, нийтийн хоол, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан гэсэн салбарт л гаднын хөрөнгө оруулалт орж байж. Харин 1993 онд гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар эдийн засгийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт нэвчих болжээ. Ялангуяа 1994 оноос геологи, уул уурхай, олборлолтын салбарт хөрөнгийн урсгал гэрлийн хурдаар өсөв. Тухайлбал, 2000-2004 онуудад нийт хөрөнгө оруулалт 165 сая ам.долларт хүрсэн нь 1995-1999 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. Үүнээс салбар тус бүрээр нь авч үзэхэд тал хувь нь уул уурхай, 17 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, долоон хувь нь хөнгөн үйлдвэрлэлд, гурав нь банк санхүүгийн салбарт шингэжээ. Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулалтын 68 хувийг уул уурхайн салбар “үйлдвэрлэж” байна гэсэн үг.
Уул уурхайг муулах сонирхол, түүнийг муухай харагдуулах хүсэлд цэг хатгах цаг болчихож. Хүссэн, хүсээгүй Монгол улс хөдөө аж ахуйн салбарт бус уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй болж байна. Хөрөнгө оруулалтын эдийн засгаас уул уурхайн эдийн засагт шилжих гэж байна. ДНБ-ий өсөлт уул уурхайгаас ихээхэн хамааралтай болов. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нүүдэл, суудалтай байна. “Хүний хөгжил сан”, “Их, дээд сургуулийн төлбөр”, “Хүүхдийн мөнгө”, “Оюутны 70 мянга” аль аль нь эрдэс баялгийн салбарын бий болгосон мөнгөн хөрөнгө. Үүнийг захиран зарцуулах эрх нь Засгийн газарт бий.
Монгол улсын төсөв өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын эдийн засагт тулгуурлаж байна. Цаашид ч тус салбараас хамааралтай байх нь дамжиггүй. Өнгөрсөн хугацаанд экспорт саарч, экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурснаар төсвийн орлого тасарч, нэгдсэн төсвийн алдагдал 4.2 хувьд хүрээд байна. Дэлхийн худалдааны хурдац саарсан дүнтэй гарч байгааг Дэлхийн банкнаас сануулж байгаа. Евро бүсийн хямрал сунжирснаас дэлхийн эдийн засгийн төлөв бараантаж, таваарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ савалгаатай болсныг ч санахад илүүдэхгүй.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаар Монголбанкны гадаад валютын нөөц зузаарсан. Тэгвэл, энэ оны тавдугаар сард баталсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн нөлөөгөөр уул уурхайн салбарт цутгаж байсан хөрөнгө оруулалт тасраад байна. Гаднын хөрөнгө оруулагчид монголчуудад эргэлзэж байна. Хууль, эрх зүйн тогтворгүй орчинд нь итгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн салбараас гаднын хөрөнгө оруулагчид зай барьж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн хөрөнгийн урсгал гадагшилж, хөрөнгө оруулалт татрах болов. Зузаарч, түүхэн амжилт тогтоогоод байсан Монголбанкны гадаад валютын албан нөөц дундарсан нь гэрчилнэ. Өнгөрсөн хугацаанд Төвбанкны валютын нөөц 254.4 сая ам.доллараар багасчээ. Үүнээс өмнө нь 2.7 тэрбум ам.долларын дээд амжилт тогтоогоод байсан юм. Нөөц багасах шалтгаан нь гаднын хөрөнгө оруулалт буурч, гадаад валютын нийлүүлэлт зах зээлд багасаж, ам.доллар хомстох болсонтой холбоотой. Тиймээс гадаад валютын захын савлагааг тэгшитгэх зорилгоор Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар 470 сая ам.доллар худалдаад байна. Өнөөдрийн байдлаар Төвбанкны өөрийн ам.долларын нөөц 1.4 тэрбум ам.доллар болтлоо багасжээ.
Өнгөрсөн хугацаанд манай төр, засаг дөрвөн тэрбум ам.доллар буюу ДНБ -тэй тэнцэх мөнгийг бэлнээр иргэдэд тараасан нь инфляцийг өдөөх болов. Дээрх дөрвөн тэрбум ам.долларын 80 гаруй хувь гаднын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээр урьдчилж авсан мөнгө юм. Нүүрсний экспортын энэ оны эхний найман сарын төлөвлөгөө 28 хувиар тасарч, 12 сая тонн нүүрс экспортлоод байна. “Монголын коксжсон нүүрсний экспортын шинжилгээ” бодлогын судалгааг боловсруулсан Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, эдийн засагч А.Энхманлай “Дэлхийн зах зээлд одоогийн байдлаар нүүрсний үнэ бага зэрэг саарч байна. Нүүрсний гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн нөхцлөөс шалтгаалан манай нүүрсний экспорт ч саарах шинжтэй болоод байна. Гэхдээ Монголын эдийн засагт нүүрс, экспортод эзлэх коксжсон нүүрсний жин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт экспортын ихэнхийг коксжсон нүүрс дангаар бүрдүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн. Үүнийг мөнгөн дүнгээр нь аваад үзэхэд 41 хувиар өссөн. Энэхүү үзүүлэлт нь нүүрс эдийн засгийн том хөдөлгөгч хүч хэвээр байгааг илэрхийлнэ” хэмээн онцлов.
Нүүрсний үнэ буурсан ч эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр. Энэ оны эдийн засгийн бодит өсөлт эхний улиралд 16.5 хувиар өссөн бол хагас жилийн байдлаар эдийн засгийн хурд нь бага зэрэг саарч 13.2 хувьд хүрчээ. Монголын эдийн засагт нэвтэрч буй гаднын хөрөнгө оруулалтын 85 хувь нь эрдэс, баялгийн салбарт ногдож байна, энэ оны байдлаар. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг уул уурхайн салбар дангаар хангах аж. Мөн экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Гаднын хөрөнгө оруулалт нь хөрөнгө, технологи, менежмент, маркентинг, соёл, мэдлэгийн “багц” гэж ойлгож болох юм. Энэ зуунд л гэхэд дэлхийн эрдэс, түүхий эдийн хэрэгцээ 25 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн нь бодууштай хэрэг.
“Монгол улсын эрдэс, баялгийн салбарыг дэлхийн гео эдийн засгийн бүтэц болгон хөгжүүлэх боломжтойг” “Discover mongolia-2012” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат онцлон тэмдэглэсэн нь учиртай. Манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар есөн хувиар өсөв. Ойрын хоёр жилд манай улсын эдийн засаг дунджаар 15 хувиар өсөхөөр байгаа гэх. 1990-2004 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 48 хувийг уул уурхай эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 83.4 хувь. Энэ нь эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд амжилт гэж хэлж болохоор үзүүлэлт. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн боломжит бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна” гэж мэдэгдсэн. Энэхүү Засгийн газрын бодлого нь Монгол хөрөнгө оруулалтын эдийн засгаас уул уурхайн эдийн засагт шилжих гарцыг нээж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн баяжуулах үйлдвэр ирэх онд албан ёсоор ажиллах гэж байгаа нь уул уурхайн эдийн засагтай болж буйн илрэл.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, анхны хөрөнгө оруулагчид Төв Азийн Монголд зочилж байсан үеийг саная. Тухайн үед тодруулбал, 1997 онд хайгуулын 514 талбайд хувийн хөрөнгө оруулалтаар анхны хөрсийг хуулж байж. Энэ үед уул уурхайн салбар долоон тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан гэдэг. Тэгвэл шинэ мянганы эхний он тоолол болох 2004 онд эргэлтийн хөрөнгө нь 60 тэрбум төгрөгөөр өссөн байна. Уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1997 онд 222 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, гаднын хөрөнгө оруулалт нь 12 сая ам.долларт хүрээд байсан нааштай цаг. Харин 2004 онд тус салбарт 53 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 753 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл “буцалж” байв. Өнгөрсөн онд л гэхэд 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь нэгийг өгүүлэх биз ээ. Үүний 74 хувь нь геологи, уул уурхайн салбарынх.
Ойрын ирээдүйд Монгол улсыг дэлхийд хамгийн хурдтай хөгжих орны тоонд оруулж байна. Монгол улсын хөгжих, эс хөгжих уул уурхайн салбартай нь шууд холбоотойг энэхүү дүгнэлт нотлох аж. Монголын эрдэс, баялгийн салбарт дэлхийн үндэстэн дамнасан корпорацийн төлөөлөл Рио Тинто, BHP, Америкийн Пийбоди, Хятадын Шеньхуа, Петрочайна, Канадын Сентера гоулд, Австралийн BHP Биллитон, Францын Арева, Оросын Геологоразведка, Германы Тиссен групп үйл ажиллагаа явуулсаар. Монголчууд уул уурхайн дэлхийн хэмжээний өргөн мэдлэгтэй бас чадвартай болж байна.Тэд Катерпиллер, Японы Коматцу, Германы Лейбхер, Оросын Уралын хүнд машин үйлдвэрлэлийн, Новокарматорын уул уурхайн техникийг эзэмших болов. Түүнчлэн Монголын үндэсний уул уурхайн компаниуд дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна. Энэ бидний нэг бахархал биш гэж үү. Хамгийн өөдрөг төсөөллийг хүргэе. Ирэх онд Оюутолгойн зэс, алтны ордын үйлдвэрлэл эхлэхээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдэж, нийт нүүрсний олборлолт өссөх аж. Түүнчлэн төмрийн хүдрийн олборлолт энэ оныхоос 23.3, газрын тосны олборлолт 0.6 хувиар тус тус өсөх Сангийн яамны тооцоо бий. Монгол улс хөрөнгө оруулалтын эдийн засгаас уул уурхайн эдийн засаг руу ийнхүү “нүүж” байна.
Эх сурвалж: mongolianeconomy.mn