-Хүний амьдралын түүх намтар өөр өөр байдгийг та юу эс андах вэ? Мандир багадаа эхээсээ өнчирч, аавтайгаа үлдээд дөрөвтэйдөө зураг зурж, зургаан наснаасаа монгол бичиг сурч номын амтанд орсон гэж сонссон юм байна. Өөрөө ер нь аль нутгийн хүн билээ?
-Би Улаанбаатар хотын уугуул. Хатан Туулын хөвөөний унаган хүү. Үйлдвэрийн районых гэсэн ч болно доо. Миний аав Рэнцэнгийн Тангад Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхий уулын харьяат, ээж Пүрэвийн Бямбаа Баянхонгор аймгийн Богд сумын Их богд уулын харьяат хүмүүс дээ. Намайг багаасаа зураг зурсан гэж ярьдаг юм. Нэг удаа ээжийгээ тогоо дүүрэн хоол хийнэ гэхээр тогоо зураад энэ мөн үү гээд ээждээ зодуулж байсан гэдэг. Ээжийн уурыг хүргэхийг бодоход ёжилсон санаатай юм зурсан байх л даа. Харин монгол бичгийн багш маань яахын аргагүй аав минь байгаа юм даа. Хоёрдугаар ангид ордог жил аав надад монгол бичиг зааж өгсөн юм.
-Тэгэхээр Мандир гэдэг хүн өөрөө зураг зурах авьяастайгаа хэдийд мэдэрсэн бэ?
-Миний багад Хятадын зурагт ном олон байдаг байлаа. Түүнийг дуурайлгаж зурдаг байсан.
Арван хоёр мөнгөний дэвтэр дүүрэн зураг зурж, ангийнхнаа шавуулаад голдуу байлдаантай зураг зурдаг байлаа. Зураг миний төрөлхийн юм болов уу даа. Харин монгол бичиг сурснаар “Гурван улсын үлгэр”-ийг уншиж эхэлсэн. долдугаар ангид “Үндсэн хууль” гэдэг хичээл орно. Аав тоохгүй. Монголын түүх үзнэ. Аавдаа ирж гайхуулахад “Монголын түүх биш” гэнэ. Харин аавд маань А.Амар гуайн бичсэн түүх чухал байсан юм билээ. Түүнийг уншуулдаг байсан.
-Таны аав аргагүй л эрдэмтэй хүн байж дээ?
-Одоо бодоход тийм юм байна л даа. Шүй хү буюу “Мөрний хориг” /дэлхийд алдаршсан нэр нь Хүйтэн уулын бичиг/ зурагт ном, Автономит Монголын түүх, “Хөх судар” гурамсан роман зэргийг уншиж байхыг минь аав хараад их чамладаг байсан юм.
-Мандир гэдэг хүний бичсэн түүхэн адал явдалт зохиол, “Нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчилж бүтээсэн “Хорин нэгэн зул” хөрөг таталбар гээд бодохоор, та Боорчи, Мухулай нарын зүүн баруун талд явж байсан хүн шиг л санагддаг юм. Энэ түүхийн их хүмүүс хаад хатдыг хэрхэн хөрөглөж дуусгав?
-Аав бид хоёрын амьдардаг бага таван ханатад Дундговийн Хайдавын Шараа (Номунхаан нэрт), Цэдэнбалжир гэдэг гавж зэрэг хүмүүс ирнэ. Тэгэхээр би хотын хөдөөний хүү байсан байж таарна. Олон сайхан өвгөчүүл манайхаар орж гардаг байсан. Тэд нам засгаа муулна, Зовлон жаргалаа ярина. Чингис, Зэлмэ, Хубилайг магтана. Энэ бүхэн намайг ухаан тэлж, ном ойлгох болсон үед тохиож байсан болохоор Га багш (Ш.Гаадамба) “Нууц товчоо”-ны нууц руу нэвтрэхэд нөлөөлсөн хэрэг л дээ. Цэрэгт байхдаа би анх “Хорин нэгэн зул”-ыг бичих, зурах бодолд ээрэгдэж, номын санд суух, аавын найз өвгөдийн бяцхан ухаанд минь үлдээсэн яриа хөөрөөг тунгаан бодох өөрөө урлаж бүтээх их мөрөөдөлд автчихсан байлаа. Үнэхээр миний аав тэр өвгөчүүл өөрсдөө түүхэн хөргүүд байсныг даанч хожуу ухаарсан. Тэр үед Орос, Хятадын түүхийг харахад үндэсний баатруудаа сурах бичигтээ оруулаад таниулчихсан байхад манайд бага оруулсан байдгийг олж мэдээд би “Хорин нэгэн зул”-аа бүтээх санааг анх олсон. Үнэхээр миний бичсэн түүхэн адал явдалт зохиолууд бол яахын аргагүй олон жилийн эрлийн минь том олз байсан даа. Намайг Боорчи, Мухулайн зүүн баруун гар талд явж байсан аятай санагдуулсанд л гол сэжим байгаа байх л даа.
-Та судалбар хөргүүдээ хэнээс нь анх эхэлсэн бэ?
-Би “Өүлэн эх”-ийг анх бүтээсэн. Тэгээд л “Хорин нэгэн зул”-аа бүтээгээд түүнээ хэнд үзүүлж харуулахаа сайн мэдэхгүй байлаа. Хөгжмийн зохиолч Л.Галмандах, түүхч Н.Нагаанбуу хоёр бол яахын аргагүй надтай нэг жилийн цэргийн андууд. Тэгээд л Галмандахаараа дамжуулж хөгжмийн зохиолч Б.Цогоотой танилцсан. Намайг Барилгын үйлдвэрийн эрдэм шинжилгээний институтэд туслах ажилтан байхад хүүхдийн хөгжмийн зохиолч Б.Цогоо (Манай Л.Галмандахын дуу хөгжмийн багш) “Хөдөлмөр” сонинд оруулж зохиолч Ч.Алагсайн гарт атгуулсан энэ үеэс хүүхдийн зохиолч сонины ах Б.Төмөртогоо (Амбаа)-тойгоо үерхэж эхэлсэн. Бид хоёр Сэлбэ зусланд уран бүтээлийн томилолттой очно. Амбаа ах хүүхдийн зохиолоо бичээд би “Хорин нэгэн зул”-аа бичиж зураад суучихна. Мань хүн миний юмыг тоохгүй. Тэгтэл нэг өдөр С.Удвал гуай ирдэг юм байна. Урьд нь хөргүүдээ эхэлчихсэн Чингис хаан, Жамух хоёроо бичиж байсан. Зориг гаргаж Удвал гуайд хийж байгаагаа үзүүлбэл “Ингээд бичээд бай” гэсэн. Их ч баярласан даа. Өмнө нь мөн Монголын нэрт сэтгүүлч Амбасалмаа гуайд харуулж урмын үг сонссон байсан. Ингэж л хоёр нэртэй хүнээр хөргүүдээ адислуулсан даа.
-Таны энэ бүтээл тэгээд хэдийд үүх түүхээ дэлгэв дээ?
-1981 онд М.Горбачевийн өөрчлөн байгуулалтын шинэчлэлийн нөлөөгөөр миний их хаад, хатдын хөрөг таталбар олон түмэнд танигдах эхлэл замаа тавьсан. Намайг хөдөө ажлаар явсан хойгуур “Хорин нэгэн зул” бүтээлийг одоо “Чингис хаан” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа доктор Х.Лхагвасүрэн “Улаан-Од” сонины сэтгүүлч Х.Шагдарсүрэнд аваачиж өгөөд сонинд гаргасан байдаг. Хүмүүс “Хорин нэгэн зул”-ыг сонинд гарснаас нь эхлээд сонирхож эрэл сурал болж байсан тухай сонссон. Тэр үед Өвөрхангай аймгийн Сант сумын Дамбажанцан гэдэг хүн надад захиа бичсэн байсан. Тэрбээр захиандаа “Чингис хааныг дунд нь оруулаад баатруудыг нь тойруулаад зурвал ямар вэ гэсэн утгатай зүйлийг бичиж байлаа. Чингис хааны бүрэн цадигийг энэ хүний захиан дээр тулгуурлаж бүтээсэн юм. “Хорин нэгэн зул” бүтээл “Нууц товчоо”-нд гардаг баатруудын таталбар хөрөг л дөө. Тэднийг л тодотгож гаргасан маань тэр. Чингисийн найз нөхөд болон Даян, Тоорил хаан нар бол түүний дайсан биш. Нэг баг болж явсан түүхэн гавьяатай. Монголын төрийг барьсан эрхэм хүмүүс гэж би үзсэн. Даян хааны хүү Хүчүлүг дайнд оролцоогүй гэж аавыгаа зэмлэсэн байдаг. Үүнээс үзэхэд Даян хаан зөөлөн сэтгэлтэй хүн гэдэг нь сэтгэлд төсөөлөгдөж байсан.
-Та “Хорин нэгэн зул”-ынхаа хөргүүдийгээ зурахдаа түүхэн ямар материалыг үндэслэсэн бэ?
-Би судрын бичээч Тата тунгааг зурахдаа Ш.Гаадамба багшийг бодож бүтээсэн. Миний зургууд түүхийн бодит хэрэглэгдэхүүн дээр голдуу тулгуурласан. Зарим нэг олдворыг биеэр очиж үзэж байсан. Энэ хөргүүдийг зурахдаа Дарьгангын хүн чулуудыг очиж харж байлаа. Тухайн үед түүхч эрдэмтэн Д.Наваан, Н.Сэр-Оджав, Ч.Далай, хүн судлаач Д.Баяр нартай уулзаж мэдээлэл авч байв. Эрдэмтэд миний бүтээлийг түүх, сэтгэлзүй, дүрслэх урлаг гурван салбарыг хамарсан гэж үздэг. Мөн түүх археологийн олдворын болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн бүтээл гэж дүгнэдэг юм билээ. Ингэж бүтээлүүдийг урлахад тухайн үед хүмүүсийн хэрэглэж байсан эмэгтэй хүний бортог малгай болон 200 орчим булшнаас гарсан эд өлгийн зүйлс зэрэг түүхийн олон баримтыг биеэр үзсэн минь гол нөлөө үзүүлсэн. Жамух, Чингис хоёрын талаар хөрөг бичихэд Жамух сэргэлэн авхаалжтай, Чингис нь тайван амгалан аливаа юмны ард үлдэж чаддаг төрх байдлаараа зүрх сэтгэлд бууж байсан. Чингис хааны хөргийг эрүүндээ урт сахалгүйгээр зурсан. Энэ бүтээлүүдийг урлаж байхад бүх найздаа дурсан бодож байлаа. Түүхийн ном судруудыг уншиж байхад баатруудын дүр төсөөлөгдөөд ирдэг. Нэг зүйлийг дурсахад, манай байгалийн нэрт зураач М.Цэмбэлдорж гуайтай хоёр жил Хархоринд сүм дуган сэргээхээр ажилласан. Түүний хийсэн бүтээлүүд надад их нөлөө үзүүлсэн.
-Таны их хаад хатдын хөргүүд “Хорин нэгэн зул” бүтээлээс чинь юугаараа ялгаатай юм бэ?
-“Хорин нэгэн зул” бол бие даасан тусгай бүтээл. Харин би саяхан Төрийн ордны голомтын өргөөнд Чингисээс Лигдэн хүртэлх 37 хааны хөргийг бүтээж байрлуулсан. Зургийн гүйцэтгэлийг Бадамрагчаа хийж УИХ-ын гишүүн Д.Батбаярын санаачлагаар бүтсэн. Анх 1992 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайд доктор С.Нямзагд миний бүтээлүүдийг үзүүлж санал тавиад үнэлүүлж 6000 төгрөгийн хөлс өгч байсан түүхтэй. Тэгээд хаадын хөргийг Засгийн газрын ордны Гал голомтын өргөөнд есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10-ны хооронд заллаа.
-Таны энэ бүтээл хэд дэх удаагаа хэвлэгдэж байгаа билээ?
-Энэ бүтээл 22 жилийн дараа хоёр дахь удаагаа хэвлэгдэж байна. Өмнө нь би хар зургаар дагнасан ном гаргаж байсан. Харин энэ жил миний “Хорин нэгэн зул” бүтээлийг “Эзэн сүлд” хэвлэлийн компанийн захирал Лутбаяр ивээн тэтгэж өнгөтөөр хэвлэж олон түмэнд хүргэж байгаад баярлаж сууна даа.