Р.Болд: Автсрали, Монгол хүмүүс хэнэггүйгээрээ адил

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Р.Болд: Автсрали, Монгол хүмүүс хэнэггүйгээрээ адил

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болдыг урьж ярилцлаа.

-Сайн байна уу. Та Австрали улсад Элчин сайдаар ажиллаж эхлээд нэлээд хэдэн сар боллоо. Ажил аль хэр жигдэрч байна?

-Ажил жигдэрч байна аа. Би ирээд дөрвөн сар илүү боллоо. Энэ хугацаанд Австралийн Засгийн газрын, орон нутгийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай танилцсан. Мөн мужуудаар албан ёсны айлчлал хийгээд амжлаа.

-Монгол, Австрали улсын хооронд өнөөдөр эдийн засгийн харилцаа эрчтэй хөгжиж байна. Хоёр орны хооронд адилхан талууд юу байна гэж та анзаарч харж байна вэ?

-Сонин асуудал л даа. Энэ хоёр улсын хооронд ижил төстэй юм юу  байна гэж асуухаар зарим хүн гайхдаг. Харин австралиудаас асуухад гайхахгүй байгаа юм. Тэд надад “Та газрын зураг дээр хар л даа. Монгол бол хоёр улсаар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон. Харин Австрали бол тал талаасаа далайгаар хүрээлэгдсэн тусгаарлагдсан улс. Тэгэхээр хоёр тусгаарлагдсан улсын иргэдэд сэтгэлгээний хувьд ойролцоо зүйл байж болох юм,  судлах ёстой шүү” гэж хошин байдлаар ч болов хэлдэг. Энэ бодох асуудал. Хоёрдугаарт статистик, бүтцийг нь аваад үзэхэд Австрали нь уул уурхай, хөдөө аж ахуй хоёрт тулгуурлаж буй улс. Манай хувьд ч гэсэн хөдөө аж ахуй эдийн засгийн тулгуур, уул уурхай мандан гарч ирж буй салбар. Хэлбэрийн хувьд шүү дээ. Агуулгыг нь аваад үзвэл өөр. Гуравдугаарт хүмүүс хооронд зан төлөвийн тухайд ойролцоо тал байна аа. Зарим талаар хэнэггүй. Гэхдээ хэнэггүй байдал нь бидэнтэй адилхан биш юм. Цаанаа бодлоготой хэнэггүй гэж бас байна. Ер нь төлөвлөгөө тооцоотой боловч олон жил арал дээр энэ том тив дээр амьдарч ажиллаад ирсэн хүмүүс өөрөө өөрийгөө хэнээр ч хэлүүлэхгүй аваад явчихдаг юм шиг санагдсан.

-Хоёр улс ашигт малтмал, уул уурхайн талаараа адил. Эдний экспортын 55 хувь ашигт малтмал уул уурхайн бүтээгдэхүүн байх шиг байна. Манайд бол 90. Түүн дотор нүүрс томоохон хувийг эзэлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Австралид уул уурхайн эдийн засаг сүүлийн 10-аад жилд хөгжиж байгаа. Ялангуяа 2005, 2006 оноос хойш уул уурхайгаар үсрэнгүй эрчимтэй хөгжиж ирсэн юм билээ. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, бүс нутгийн гол зах зээл болсон БНХАУ-ын эрчим хүчний хэрэгцээ эрчимтэй өссөн. Тиймээс Австралиас  экспортлох нь ихэссэн. Хоёрдугаарт, Австрали төмрийн хүдрээ БНХАУ-ын зах зээлд ихээр нийлүүлдэг. Гуравдугаарт алт их гаргаж байна. Мөн ураны түүхийн эд гаргадаг. Гэхдээ ийм богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн энэ салбарын менежментийг австраличууд сайн хийсэн. Өөрөөр хэлбэл энэ үсрэнгүй хөгжил бол түр зуурын буюу үүрдийнх биш гэдгийг эхнээсээ тооцоолж гаргасан. Үүний дараа бид яах вэ гэдэг бодлого чиглэлээ ерөнхийд нь гаргачихсан. Нарийвчлаад яриа хэлэлцээ хийгээд явж байгаа. Мөн эрчим хүчний асуудал байна. Австрали бол эрчим хүчнийхээ бараг 70 гаруй хувийг зөвхөн нүүрс, сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Хүмүүстэй уулзаж ярилцахад ирээдүйд 15 жил цөмийн эрчим хүчээ ашиглах тухай яриа байхгүй, бодлого ч гаргахгүй гэж байна. Энэ их нөөцтэй, дэлхийд хоёрт байна уу, гуравт орж байгаа орон шүү дээ. Бас нэг манайхтай ижил төстэй зүйл ажиглагдаж байгаа. Монгол Улс 1993 оноос эхлээд цөмийн зэвсэггүй улс гээд зарлачихсан. Австрали бол өөрсдийгөө 1983 оноос цөмийн зэвсэггүй орон гэж зарласан байдаг. Тэгэхээр цөмийн эрчим хүчийг ашиглах ямар нэг бодлого байхгүй. Цөмийн шаарыг ч өөр дээрээ хадгалах ямар нэг бодлого байхгүй. Ер нь бол хэтдээ бусдын гар харахгүй гэсэн бодлоготой. Яагаад гэвэл сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй нь гэсэн лоозонтой.

-Тэгэхээр ашигт малтмал уул уурхайг нээж хөгжүүлэх бодлоготой юм байна. Үүнтэй цуг байгалаа хамгаалах, аварч үлдэхийг чухалчилдаг. Энэ талаараа австраличууд онцгой ажил хийгээд байх шиг байна уу?

-Австралийн компаниудын тал орчим хувь нь газар орноо ухаж, сэндийлснийхээ дараа яаж нөхөн сэргээх вэ гэдэг тухайд ярьж байна. Үүгээр манай компаниудаас ялгаатай. Манайд бол 0,5 хувь нь ингэж бодож байгаа юм уу, үгүй юм уу. Байгальтай шууд харьцаж байгаа компаниудын тухайд олборлож буй бүтээгдэхүүн, гаргаж байгаа баялаг хэр байна гэхээс илүүтэй байгаль орчноо нөхөн сэргээхийн тулд хэчнээн хэмжээний хөрөнгө гаргав, ажиллах хүчин хэр дайчлав гэдгээр ажлын үр дүнг хэмжих шалгуураа Засгийн газар нь тавьсан байдаг юм байна.

-Монголчууд бид эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьж байгаа шүү дээ. Эднийд уул уурхай, ашигт талтмалаас гадна аж үйлдвэрийн ямар том салбар хөгжиж байна вэ?

-Бид эдийн засгийн шилжилтийн үе дууслаа гэж хэдийнэ зарласан. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн үе маань дууссан. Өдийд бид тогтсон бодолтой, баримжаалсан чиг зүгтэй, зүг чигээ хэрэгжүүлэх арга хэрэгсэлтэй, өөрийн бололцооны хэрээр арга хэрэгсэлдээ түшиглээд амжилтад хүрэх хөрөнгө мөнгөө тооцчихсон байх ёстой улс. Тэгэхээр энд ирээд хөрсөн дээр нь буугаад харахад Австрали улс уул уурхайн салбарын дараа мэдээллийн технологи, хөдөө аж ахуйгаа орчин үеийн технологид суурилуулж хөгжүүлэх шинэ бодлого гаргаж тавьж байгаа хандлага байна. Гуравдугаарт, газартай харьцах харилцаагаа цаг уурын өөрчлөлт гарч буй өнөө үед хүн, байгалийн хоорондын харилцаа сайнгүй байгаа үед яаж авч явах вэ гэдэг асуудал тавигддаг юм байна. Тэгэхээр эдийн засаг гэдэг маань зөвхөн бүтээгдэхүүн гаргах биш, байгалиа хамгаалах, байгальтайгаа харилцах, ирээдүйгээ яаж хамгаалж, хадгалах вэ гэдэг асуудал болж ирдэг юм байна. Энд ирэхэд эдийн засгийн бодлого ингэж харагдлаа. Бидний мэдэх нь эдийн засгийн төлөвлөлт гэдэг маань огт өөр ойлголт болжээ гэдэг бодолтой болоод байна.

-Энд газар хувь хүний, эсвэл аль нэг субъектийн эзэмшилд байдаг гэдгийг хэрхэн бүртгэлжүүлж, ашигладаг юм байна?

-Австрали бол том газар нутагтай улс. Тив шүү дээ. Улс зургаан мужтай. Мужийн Засгийн газрын эрх мэдэл өндөр. Газар сайн бүртгэгдсэн  байдаг юм байна. Бүртгэлийг мужууд дээр төвлөрүүлдэг. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж чаджээ. Гэхдээ амар байгаагүй гэдгийг өөрсдөө хэлж байна. Өнөөдөр нийт газар нутгийн 11 орчим хувь хувьчлагджээ. Түүнээс зургаа орчим хувь нь гадаадын хүмүүсийн эзэмшилд байдаг. Одооноос  гадаадынхны эзэмшилд байдаг газрын бүртгэлийг нарийсгах гэж байгаа юм билээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан зөвлөл гэж байх юм. Энэ зөвлөл сонирхолтой нь дөрвөн л гишүүнтэй. Тэдний гурав нь хувийн хэвшлийн ажлын туршлагатай, энэ талаарх ойлголт сайтай, бизнес эрхлэгчдийг дэмждэг сэтгэлгээ, бодолтой хүмүүс байх юм. Дөрөв дэх нь Засгийн газрын төлөөлөл буюу Сангийн яамны гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан газрын дарга байдаг юм байна. Энэ зөвлөлийн дор 34 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, түүний дотор Австралиас газар худалдаж авах хүсэлтэй бүх хүн энэ ажлын хэсэгт өргөдлөө өгнө. Ажлын хэсэг өргөдлийг судалж үзээд нэг сарын дотор, бүр нарийн судлах шаардлагатай гэж үзвэл хоёр сарын дотор хариу өгнө. Зөвлөл хэлэлцэж зөвлөмж гаргадаг, Сангийн сайд эцэслэн шийднэ. Ернь их түргэн шийддэг юм билээ. Энэ бүх асуудал ил тод.

-Манайх тавдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаад, стратегийн гэж нэрлэсэн тодорхой салбаруудад 51 хувиас илүү хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт хийвэл Засгийн газраас зөвшөөрөл авна гэж хуульчилсан.  Энэ бүх агуулгыг уг  зөвлөл шийддэг гэж хэлж болох уу?

-Хэлбэрийн хувьд ижил төстэй гэж хэлж болох юм. Гэхдээ Австралид гадаадын төрийн мэдлийн хувьцаа бүхий компаниуд үйл ажиллагаа явуулах бол заавал Засгийн газраас нь зөвшөөрөл авдаг юм байна. Мөн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт хийгдэхэд 244 сая австрали доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх бол Засгийн газраас нь зөвшөөрөл авна. Өөрөөр хэлбэл түрүүний хэлдэг зөвлөлийн зөвшөөрөл гэсэн үг.

-Монгол компаниуд Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байна. Тэр мөнгө саяын хэлсэн түвшнээс илүү гарах хамаагүй юу?

-Энэ бол тодорхой тогтсон салбаруудаар гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхэд үйл ажиллагааг нь хязгаарлах эсвэл дэмжих үйл ажиллагаа явуулдаг зөвлөл. Харин Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцдоггүй.

-Та бүхэн, манай Элчин сайдын яам Австралийн үндэсний их сургуультай хамтарч Монгол институт гэж байгуулж байгаа юм байна, тийм ээ. Анхны арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ талаар яриач?

-Австралийн үндэсний их сургуульд 2001 онд Монгол судлалын төв байгуулагдсан. Энэ төв өргөжөөд Монголын хүрээлэн гэдэг байгууллага болж байна. Үндэсний их сургуульд Монголын нэлээд тооны оюутан суралцдаг. Өмнө нь ч бас сурч байсан. Австралийн үндэсний их сургууль нь зөвхөн Азид төдийгүй, дэлхий даяар аваад үзэхээд хамгийн олон монгол судлаач, энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн доктор цугларсан газар юм билээ. 200 илүү орчим ази судлаач байдаг. Үндэсний их сургууль Австрали улсынхаа  эдийн засгийн эрх ашгийг бодолцоод энэ салбарын хүрээнд Азийн томоохон орнуудаар тусгайлсан хурал сүүлийн 20-иод жилд он дараалан зохион байгуулж иржээ. Япон, Хятад, Филиппин, Сингапур гээд. Энэ онд Монголын сэдвээр анх удаа хурал зохион байгуулж байгаа юм. Австрали улсын зүгээс манай оронтой эдийн засгийн чиглэлээр харилцах сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийнх нь Монголыг гэсэн сонирхол нэмэгдэж байна. Эдгээр хэрэгцээг хангаж Монголын сэдвээр хурал зохион байгууллаа. Үүнд манай Элчин сайдын яам хамтарч дэмжлэг үзүүлж оролцлоо. Хуралд Монголын талаас өөрийн гэсэн бодолтой, биеэ даасан судлаачдыг урьж ирүүлэхэд дэмжээрэй гэсэн. Баабар, Ганболд, Жаргалсайхан гуай та, Мөнх-Очир, Цогтбаатар гэсэн судлаачид оролцлоо. Энэ хүмүүсийн хэлсэн үг, байр суурь, монголын тухай мэдээлэл хуралд оролцогсдод маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг зохион байгуулагчид санал сэтгэгдлээ хуваалцахдаа хэлсэн. Энэ бол анхны ажил. Анхны ажил үр дүнтэй болбол маш их амжилт дагуулдаг. Тэр утгаараа их сайхан хурал болсон гэж үзэж байна.

-Австрали-Монголын харилцаа боловсролын салбарт тодорхой байр суурь эзэлдэг. Ер нь манайхаас хэчнээн хүн энд сурч байна?

-Сүүлийн 15, 16 жилд 150 гаруй монгол иргэн дипломын дараах сургалт дүүргэсэн. Одоо бол Австралийн Засгийн газрын тэтгэлгээр, төрийн сангийн шугамаар, эсвэл хувиараа зардлаа даагаад ирсэн 300 гаруй монгол оюутан суралцаж байна. Сиднейн их сургуульд олонх нь байдаг. Энэ бол оюуны том хөрөнгө оруулалт. Австралийн Засгийн газраас ердөө хоёр долоо хоногийн өмнө “Австрали ба Азийн зуун” гэсэн цагаан номыг зарласан. Түүнд 2025 он хүртэл хэрэгжүүлэх 25 дэд зорилт дэвшүүллээ. Түүний нэг зорилт нь дэлхийд боловсролоор тэргүүлэгч 10 орны нэг нь Австрали байна, түүний дотор дэлхийн шилдэг 100 сургуулийн 10 нь Австралид байх юм гэсэн зорилт дэвшүүлсэн. Мөн Австралийн бүх сургууль Азийн нэг сургуультай холбоо  тогтооно, Азийн аль нэг хэлийг их, дээд сургуульд заана ч гэж байгаа. Одоо шинэ он эхлэнгүүт монгол хэлний түргэвчилсэн курс зохион байгуулах гэж байна. Мэргэжилтэн багш урихад Элчин сайдын яамыг туслаарай гэж байгаа. 

-Байнга оршин сууж байгаа хэдэн монгол иргэн байна?

-Бусад оронтой харьцуулахад цөөн, 80 орчим хүн бий. Оюутан, докторын сургалтынхан гээд нэмбэл нийт 800-гаад монгол иргэн Австралид байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж