
Эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н шинэхэн захирлууд өмнөх Засгийн газрын урагшгүй бодлогоос болж Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас зээлж авсан 350 сая ам.долларын өр барагдаж дуустал гараа хумхиад суухыг хүсээгүй бололтой. Мөн эх сурвалжаас авсан мэдээллээр тус компанийнхан Баруун Цанхийн уурхайгаас гарах бүтээгдэхүүнийг худалдан борлуулах гэрээ хэлэлцээрийг “Чалко”-той бус Хятадын төрийн өмчит “Шенхуа” болон бусад орны худалдан авагчидтай хийх талаар гарц хайж байгаа гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хүний хөгжил санд мөнгө зээлүүлээгүй бол компанийн нөхцөл байдал арай өөр байх байсан. Өөрөөр хэлбэл, олборлолтоо нэмэгдүүлчихсэн, дэд бүтцийн төслийнхөө аль нэгийг эхлүүлчихсэн байх байлаа. “Чалко”-гоос зээлж авсан 350 сая ам.доллар буюу 418 тэрбум төгрөг их мөнгө шүү дээ. Гэтэл үүнийг сонгуульд зарцуулчихсан. Нэн даруй хүндрэлээс гарах хэрэгтэй. Гарцууд ч харагдаж байна” гэж ярьсан нь эх сурвалжийн мэдээллийг бататгаж буй аж.