Мэргэжлийн тамирчин найз бүсгүйгээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн тамирчин найз бүсгүйгээ хөнөөжээ

Шинэ сар эхлээд удаагүй байтал Америкт, тэр тусмаа спорт сонирхогчдыг сэрдхийлгэсэн аймшигт хэрэг гарлаа. Хойд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн “Канзас Сити Шифс” багийн тоглогч Йован Белчер найз бүсгүй Касандраг буудан, хөнөөсөн байна. Энэ аймшигт хэрэг өнгөрөгч ням гаригт гарсан бөгөөд гэрчүүдийн мэдээллээр өглөөний 08.00 цагийн орчимд буун дуу гарсан, хэсэг хугацааны дараа дахин буудах чимээ гарсан гэнэ. Одоогоор хэргийн талаарх мэдээллийг цагдаагийнхан нууцалж байгаа юм.

Харин Белчер коллежид байх үед түүнийг дасгалжуулж байсан Жейк Косгроув хэргийн талаар болон хуучин тоглогчийнхоо талаар бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Эмгэнэлтэй хэрэг гарлаа. Талийгаач болон түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Йован залуу хүн, хэт түргэн зантай, магадгүй түүнд таагүй том дурсамж байсан байх. Би Йован болон түүний гэр бүлийн төлөө залбирах болно. Үнэхээр санаанд оромгүй, олныг цочирдуулсан хэрэг байлаа” гэжээ.

Йован Белчерийн найз бүсгүй Касандра Перкинс 22 настай байсан бөгөөд хосууд өнгөрсөн есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан аж. Белчер “Канзас Сити Шифс” багийн хамгаалан тоглогч бөгөөд Нью-Йоркийн Баруун Бабилоноос гаралтай юм байна. Тэрбээр 2005 онд Косгроувын удирдлага дор Мэйнийн их сургуулийн багт тоглож байгаад 2009 оны драфтаар “Канзас Сити” багт ирж, NFL-ийн тамирчин болсон түүхтэй.

Йован Белчер найз бүсгүйгээ буудаж, хөнөөсний дараа гэрээсээ гарч, багийн бэлтгэлд очсон гэнэ. Тэрбээр багийн менежер Скот Диоли руу буугаа чиглүүлж байхыг харсан дасгалжуулагч Греннэл түүнийг зогсоожээ. Дээрх хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Белчерийн хэргээс болж, хүнд байдалд ороод байсан баг нь “Каролина Пантерс”-тай тоглож, 27:21 харьцаатай хожсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж