Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Эрүүл
мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгдөг жишгээр Улаанбаатар хотын
ерөнхий менежер Ч.Бат ажлаас чөлөөлөгдөхөө хүсэж өргөдлөө бичжээ.
Тэрбээр МАН-ын угшилтай албан тушаалтнуудын сүүлийг мушгиж ийнхүү ажлаа
өгөв. Түүний оронд Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн
хэлтсийн дарга Б.Бадралыг томилсон байна. Тэрбээр зөвлөлтийн хоёрдугаар
дунд сургууль төгсөж, 1980 онд Политехникийн дээд сургуулийн Инженерийн
бэлтгэл ангид суралцаж, хожим нь ОХУ-ын Урлалын политехникийн дээд
сургуулийн цахилгааны инженерийн ангийг төгсчээ. Мөн Австралийн UNSW-д
суралцаж, техникийн ухааны магистр цолоо хамгаалжээ. Ажлын гараагаа 1986
онд Төвийн эрчим хүчний системд ээлжийн диспетчерээс эхэлж байсан.
Дараа нь 1990-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын
депутат, 1992-1994 онд АНУ-ын “Олон улсын хөгжлийн Агентлаг”-т Эрчим
хүчний төслийн менежер, 1994-1996 он Японы “Марубени” корпорацийн
Улаанбаатар дахь төв газрын дэд бүтцийн менежер гэх мэт ажлыг хариуцаж
байжээ. Б.Бадрал 2003 оноос эхлэн даргын ажлыг хийдэг болж. Тэрбээр
2003-2004 онд “Энержи Интернэшнл” ХХК-ийн захирал, 2004-2006 онд
“ТЭХЯ”-ны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга, 2006 оноос
одоог хүртэл “Энержи Интернэшнл” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар
ажилласан байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Эрчим хүчний
салбарын орон тооны бус шинжээч болсон аж. Энэ бүгдээс дүгнэхэд тэрбээр
ажлын арвин туршлагатай хүн бололтой. Улаанбаатар хотын төлөвлөлтийг
шинэчилж, бүтээн байгуулалтын олон ажил хийхээр зэхэж буй Э.Бат-Үүлийн
баруун гар болж ажиллах шинэ менежер ямартай ч ажлаа хүлээн авлаа.

 Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж