Умард Ирландийн Белфаст хотын зөвлөлөөс өчигдөр Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант улсын төрийн далбааг жилийн 365 хоногийн турш мандуулдгийг өөрчилж, тусгай тэмдэглэлт 15 өдөрт л мандуулж байх саналыг баталжээ. Гэвч хотын зөвлөлийн энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хотын төв болон зүүн хэсэгт жагсаал зохион байгуулсан байна. Энэхүү жагсаалын үеэр эсэргүүцэгчид хотод олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, үүний улмаас цагдаагийн таван ажилтан, хотын зөвлөлийн байрны хоёр хамгаалагч, нэг зураглаач зэрэг найман хүн гэмтэж, бэртжээ. Мөн олныг хамарсан үймээний үеэр замаар явж байсан автобус, зогсоолд тавьсан автомашинууд руу халдсанаас гадна Сайнт-Матайн сүмийг эвдэж, сүйтгэжээ. Белфастын цагдаа нар уурлаж бухимдсан эсэргүүцэгчдээс хотын удирдлагын байрыг хамгаалахын тулд төмөр хашлагаар хамгаалалтын бүс байгуулсан бол эсэргүүцэгчид цагдаа нар болон хамгаалалтын албаныхны эсрэг лонх шидэж, гольфын цохиур барин дайрчээ.
Б.АНХТУЯА