Роберто Ди Маттеог халсан үнэн түүх

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Роберто Ди Маттеог халсан үнэн түүх

Тэр Абрамовичийн төлөө Аваргуудын лигт түрүүлсэн юм. Гэвч үндсэн бүрэлдэхүүнд Торресийг гаргахыг түүнээс байнга шаардсаар иржээ.

Мягмар гаригийн үд дунд Турины тансаг “Голдэн Пэлас” зочид буудалд Роберто Ди Маттео үндсэн бүрэлдэхүүнд гарах тоглогчдын нэрсийг зарлахдаа өөрийнхөө буруугүйг нотлох гэсэн эцсийн шийдвэрээ гаргасан юм.

Фернандо Торрес өнгөрөгч бямба гаригт “Вест Бромвич”-ийн эсрэг тун тааруу тоглосныхоо шанг хүртэх л ёстой байлаа. Харин Ди Маттео ийм шийдвэр гаргаснаараа өнөө шөнө дахиад нэгэн сэлгээ хийгдэнэ гэдгийг мэдэж байжээ. Энэ бол тодруулж хэлбэл “Челси”-гийн ахлах дасгалжуулагчийг солих сэлгээ байсан юм.

Гэхдээ өөрийнхөө удирдаж буй 42 дахь буюу хамгийн сүүлийн тоглолтоосоо өмнө аль хэдийнэ Роберто төгсгөл ойртсон гэдгийг мэдэрч байж. Тэр Аваргуудын лигт багаа түрүүлгэсэн дасгалжуулагчийн хувьд зун Торресийн “Челси”-д цаашид амжилттай тоглох чадвар боломжид эргэлзэж буйгаа зүрх гарган хэлсний дараагаар хэн “Бридж”-д эзэн нь вэ гэдгийг удирдлагын үгнээс айхавтар сайн ойлгож авчээ.

Мюнхений “Альянц Арена”-д түүхэн ялалт байгуулснаас хойш 25 хоногийн дараа түүнийг “Ахлах дасгалжуулагч”-аар албан ёсоор томилоход худалдан авахыг хүсч буй хөлбөмбөгчдийнхөө нэрсийн жагсаалтыг Абрамовичт танилцуулсан байна. Испанийн Ла лигт тоглосон эхний улиралдаа л “Атлетико”-гийн төлөө 50 тоглолтод гарч, 36 гоол оруулсан Радамель Фалькао тэрхүү нэрсийн жагсаалтын эхэнд бичигджээ.Гэвч итали эр энэхүү довтлогчийг сонгож буйнхаа учрыг үндэслэлтэйгээр тайлбарлаж эхлэх гэтэл үгийг нь бүдүүлгээр таслах нь тэр. Абрамович үгийг нь таслахдаа дэлхийн тэргүүн зэрэглэлийн довтлогч багт нь аль хэдийнэ байгааг сануулсан аж. Энэ нь Торресийг шууд цохсон үг бөгөөд түүнийг тоглуулах ёстой гэсэн тушаал шахуу зүйл гэдэг нь тодорхой байв. Цаашид энэ тушаалыг чихэнд нь өдөр бүр хүргэх болсон юм.

Торресийг үндсэн бүрэлдэхүүнд багтаалгүйгээр “Ювентус”-т 3:0-ээр хожигдох хүртэл Ди Маттеогийн “Челси” дэх амьдрал ийм л тэвчимгүй хүнд байлаа. Багийн эзэн Торресийг довтолгоонд байнга харахыг хүсч буйг тэр мэдэж байсан ч Фернандог ашиглах хүнд гэдгийг сайтар мэдэж байжээ. Учир нь өнгөрсөн зун Абрамовичийн авсан хөлбөмбөгчдийн тоглолтын хэв маяг испани довтлогчийн тоглолтын арга барилтай огт нийцэхгүй байсан юм.

Ди Маттео гэхдээ зүгээр суусангүй. Тэр “Ливерпуль”-ийн төлөө 81 гоол оруулж гялалзсан Торрес Лондонд ирмэгцээ гоол оруулахаа больсны учрыг олохын тулд ажилтнуудтайгаа хамтран нарийн судалгаа шинжилгээ хүртэл хийж үзжээ.

Ди Маттео судалгаа хийснийхээ дараагаар Торресийг дахиад гялалзтал тоглуулж чадахаар хөлбөмбөгч “Челси”-д байхгүй гэсэн түгшүүртэй зүйлийг ухаж мэдэх нь тэр.

“Энфилд”-ийн багийн төлөө оруулсан нийт гоолынх нь 56 буюу 69 хувь нь Стивен Жеррард, Хаби Алонсо нарын талбайг бүрэн хэрчсэн алсын дамжуулалтын үр шим байж. Гэтэл “Челси”-гийн Хуан Мата, Фрэнк Лампард, Рамирес, Жон Оби Микел болон шинэхэн тоглогчид болох Оскар, Азар нар өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг арай өөрөөр сэтлэхийг зорьдог хөлбөмбөгчид. Тэд өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг алсын дамжуулалтаар хэрчихийг илүүд үздэггүй тул Ди Маттео “Челси”-д цаашид Торрес тохирох эсэхэд эргэлзэх болов.

Ди Маттео техникийн асуудал эрхэлсэн захирал Майкл Эменалотой эхнээсээ л таарамжгүй хүйтэн харилцаатай байж. Харин удирдлагын зүгээс Торресийг дахиад гоол оруулуулж эхлэх тухай тушаал заавар өгөхөд байдал улам хурцджээ. Хэдхэн жилийн өмнө дэлхийн шилдэг довтлогч гэгдэж явсан хөлбөмбөгчийн төлөө зарим нь харуусч байсан бол дасгалжуулагчийн хувьд энэ нь дарангуйлал шиг үнэртэж эхлэх нь энэ.

Ингээд Кобхэм дэх бэлтгэлийн баазын дээд давхарт орших албан ажлынхаа өрөөнд Ди Маттео өөрийн туслах Эдди Ньютон, Стив Холланд нартайгаа Торресийн бэлтгэл хэр хангагдаж буй талаар ярилцан, тамхи баагиулан суух нь олширчээ. Гэвч юу ч тус болсонгүй. 50 саяын үнэтэй залуу нь Аваргуудын лигт багаараа түрүүлсэн баярт орой Испанийн нэгэн сэтгүүлчид аз жаргалгүй байгаа тухайгаа хүртэл өчиж зүрхлэв. Гэвч шинэ улирал Ди Маттеогийн хувьд шинэ гараа болох байлаа. Абрамович түүнд бусад дасгалжуулагчдаас шаардаж ирсэн шигээ дор хаяж Аваргуудын лигт хэсгээсээ шалгарах шаардлага тавьжээ.

Аваргуудын лигийн Е хэсгийн эхний тоглолтоо “Ювентус”-тай хийж, Артур Видаль, Фабио Квальярелла нарын гоолын ачаар италичууд 2:2-оор тэнцэж, оноо салгаж дөнгөмөгц Абрамович огт урьдчилан мэдэгдэлгүйгээр багийн хувцас солих өрөөнд ороод явчихжээ. Тэр ормогцоо дасгалжуулагч болоод багийн тоглогчид дунд дахиад тэмцэх, ялах хүсэлтэй хүн үлдсэн эсэхийг лавласан байна.

Турин хотоос ялагдал амсаад ирснээсээ хойш гурван цагийн дараагаар шөнийн 3 цагт багийн удирдлага Брюс Бак, гүйцэтгэх захирал Рон Гурлей нараас зэмлэлийн үг сонссоныхоо дараагаар Ди Маттео албан өрөөндөө явахдаа сэтгэл зүйгээ бэлдэн сууж.

Тэр гарцаагүй халагдана гэдгээ мэдэж байсан тул “Ювентус”-тай хийсэн тоглолтын дараагаар багийнхаа хувцас солих өрөөнд орж, “Баяртай” хэмээн багийнхантайгаа гар бариад амжсан юм.

Түүнийг ийнхүү салах ёс хийхэд сэтгэлийн хөдөлгөөнөө олон тоглогч илэрхийлж, Английн цом, Аваргуудын лигт түрүүлүүлсэн дасгалжуулагчийнхаа төлөө зүтгэж, ялалт байгуулж чадаагүйдээ олон хөлбөмбөгч уучлалт гуйжээ. Үүнээс гурван хоногийн өмнө “Вест Бромвич”-т 2:1-ээр хожигдсоны дараагаар “Хоуторнс”-ийн хувцас солих өрөөнд хөлбөмбөгчид хожигдсоны бурууг нэг нэгэн рүүгээ чихиж, хуруугаараа чичиж, бүр нударга зөрүүлэхэд бэлэн байсан юм. Тэр үед л байдал маш хурцтаж, мөдхөн дэлбэрэх гэж буй мэт нөхцөл үүсчихсэн хэрэг.

Туслах дасгалжуулагч Холланд бэлтгэлийн баазад хөхөрсөн нүд, шалбарсан уруултайгаар ирлээ. Тоглолтын дараагаар үүссэн хурцадмал байдлын дараагаар хэн нэг нь үүнээс илүү шархтаагүй нь л их юм болоод өнгөрч.

“Челси” улирал эхэлснээс хойш нэг их удалгүй амжилт нь саарч эхэлмэгц байдал авралгүй хэмжээнд хүрчихээд байжээ. Абрамовичийн тойрон хүрээлэгчид бямба гаригт “Вест Бромвич”-т хожигдсоны дараагаар эзнээ ятган Ди Маттеог халуулалгүй үлдээсэн ч Аваргуудын лигт “Ювентус” –т хожигдсон нь тэвчээрийг нь бүрэн барчих нь тэр.

Ням гариг, даваа гаригт Кобхэмд бэлтгэл хийлгээд, Ди Маттео дасгалжуулагч нарынхаа албаныхантай сайтар зөвлөлдөөд Турин руу хойшлуулсан нислэгээр одсон байна. Туринд очиход Ди Маттеогийн шаналал хөлбөмбөгчдөд ч нөлөөлж байлаа. Тиймээс “Ювентус”-ын стадионд хийлгэсэн даваа гаригийн бэлтгэл ч огт үр шимтэй болсонгүй. Дасгалжуулагчийгаа тактикаа солино, өөрчилнө гэдгийг хөлбөмбөгчид нь мэдэж байв. Гэхдээ тоглогчдын дунд өөртөө үл итгэх байдал газар авч, сэтгэлээр унацгаасан тул зочид буудалд том ширээний ард хоол идэхдээ хүртэл сул дуугаар шивнэлдэж байж.

Мягмар гаригийн үдийн хоолны үеэр Ди Маттео өнөөдрийн тоглолтод Азар Торресийн оронд довтлогчоор тоглоно гэж мэдэгдэхэд хөлбөмбөгчид дуугүйхэн дэмжив. Гэхдээ тэд талбайд удаан, хурц бус тоглолт үзүүлсэн. Хожигдсоныхоо дараагаар итали зөвлөгчтэйгээ цэнгэлдэхийн нэгэн буланд 45 минут орчим ярилцсаны дараагаар Ди Маттео бүх зүйл дуусгавар болсныг ойлгожээ.

Titan Airways нислэгийн компанийн бэлгэ тэмдэг бөөрөн дээрээ наалгасан автобусаар зорчиж, дараа нь 1:45 –ийн үед Италийн хойд нутгаас Будант Альбион руу нисэхэд багийн доторхи уур амьсгал маш хүнд байлаа. Саарал хүрмээр ижилссэн Ди Маттео, Ньютон хоёр өөрсдийг нь хүлээн зогсоо Брюс Бак, Рон Гурлей нарыг хараад таагүй мэдрэмж төрсөн биз.

Онгоц газардах үест Эшли Коул хэд хэдэн удаа мушилзав. Петр Чех тун боловсон эр атлаа үйлчлэгч рүү хэд хэдэн удаа үг хаяад амжлаа. Харин Торрес Турин руу ирэх, буцах бүхий л зам зуураа “Домог” хэмээх ном уншиж, гартаа гар утсаа эргүүлж тойруулан атгаж суух аж.

Ди Маттео энэ улирал эхэлсээр Английн Премьер лигт ердөө дөрөвхөн гоол оруулсан довтлогчийг дахиад гялалзтал нь тоглуулж чадаагүй гэдгээ ойлгож, түүний хувьд бүх зүйл шийдэгдснийг мэдэрч байлаа.

Үнэндээ Торресийн Аваргуудын лигт Андрей Пятовын хаалганд оруулж, “Шахтер”-ийг 3:2-оор хожиход хүргэсэн гоол ч хачир авч, азтай хазайсан л бөмбөг байсан шүү дээ.

Ди Маттео эзнийхээ зан чанар, том ялалт байгуулах, цом хүртэх гэсэн тэр их улайрлыг бүрэн мэдрээгүй нь эргэлзээгүй. 2007 онд “Челси” Английн цомын аварга болоход Жозе “Уэмбли”-д өмнө нь Лондоны багийн хүртсэн бүх цомын тоог хэдхэн хуруугаараа илэрхийлснийг ч Абрамович өдий хүртэл мартаагүй л яваа.

“Челси” энэ улирлыг эхлэхдээ долоон тэмцээнд түрүүлэх боломжтой байсан. Гэвч Аваргуудын лигийн аварга хэрнээ Коммьюнити Шилдийг “Манчестер Сити”-д алдаж, тивийн Супер цомыг Монакод “Атлетико”-д өгчихсөн.

Абрамович албаны хүрэм өмсөхийг тэвчдэггүй тул багийнхаа зочлон тоглох тоглолт бүрийг очиж үзэхдээ ихэд төвөгшөөдөг зантай нэгэн. Тэрээр Тивийнхээ супер цомыг Ди Маттеогийн зун худалдан авахыг сануулаад байсан Фалькаогийн гайхалтай хет-трикт алдчихсандаа тэвчиж суухад ч хэцүү байсан биз. Фалькао тэр орой дэндүү гайхалтай байсан даа.

Ди Маттеогийн баг сая л нарийн схем рүү шилжиж, Петр Чехийг бөмбөгөө өрсөлдөгчийнхөө бүс рүү хүчээр өшиглөх бус харин ойрхон зогсоо хамгаалагчдаа дамжуулахыг сургаж эхэлж байв. Мөн Жон Терригийн Антон Фердинандыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан асуудалтай холбоотой шуугианд димломат хариулт өгч, бүх зүйлийг багийнхаа эрх ашигт нийцэхээр байлгах гэж Ди Маттео их хичээсэн. Гэхдээ энэ асуудал уг нь Ди Маттеог бус Виллаш-Боашийг алхах дасгалжуулагч байхад үүссэн. Гэлээ ч итали мэргэжилтэн бүхий л чадлаараа багаа хамгаалсан билээ.

Өнгөрсөн ням гаригт Турин явахын өмнөх бэлтгэл нь хүртэл тасалдсан. Учир нь Эшли Коул шүүгч Марк Клаттенбургийг буруутгасан хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгөх хэрэгтэй болсон юм.

Гэнэт л Английн хөлбөмбөгийн холбооныхон яг л жоом шиг энэ тэрүүгээр гүйлдэж, бэлтгэлийн баазаар хэсүүчлэн, Микел, Рамирес, Хуан Мата нарыг булан тохойд хэдэн цагаар байцааж, мэдүүлгийг нь диктофонд бичиж өнжсөн.

Эхэндээ Ди Маттео энэхүү өргөдөл гомдолд төвийг сахьсан байр сууринаас хандсан юм. Харин дараа нь багийнх нь тоглолтын уналт энэ өргөдөл гомдол барьж гүйсэнтэй холбоотой гэж дүгнэхэд хүрсэн байлаа. “Манчестер Юнайтед”-д хожигдсноос хойш ердөө гурван цагийн дараагаар “Цэнхэрүүд” өргөдөл гомдлоо Английн хөлбөмбөгийн холбоонд мэдүүлсэн юм. Энэ тоглолт “Бридж”-д болсон ч Торрес, Иванович нар хөөгдөж, тэд есүүлээ тоглосоор 3:2-оор хожигдсон билээ.

Үүнээс хойш “тэтгэврийнхэн” Премьер лигт хүртэж болох 12 онооноос ердөө 2-ийг л авч /энэхүү нийтлэл “Вест Хэм”-тэй тоглохоос өмнө бичигдсэн байна. Р.Гэгээ/, Аваргуудын лигийн хэсгээс шалгарахын төлөө ид шидэд итгэж, зөвхөн залбирахаас л өөр аргагүй байдалд хүрчихээд байна.

Энэ бүх ширүүн хэрнээ бодит байдал Туринаас “Челси”-гийнхэн шөнө дөлөөр нисэн ирэхэд Ди Маттеог хүлээж байлаа.

Торрес автобуснаас түрүүлж буусан хэдэн хүний нэгд багтжээ. Тэрээр автобуснаас буумагцаа машиндаа үсрэн ороод хүйт дааж буйг мэдэрмэгцээ спорт курткынхаа цахилгааныг дээш нь татан, хоолойгоо салхинаас хамгаалав.
Харин Ди Маттео пальтогоо өмсөөд тэндээс одох цаг ирснийг сайтар ухаарчээ.

Итгэмгүй статистик:

86 сая: “Челси” 2004 оноос хойш дасгалжуулагчтай урьдчилан гэрээ цуцалсны төлбөрт 86 сая паунд зарцуулжээ. Энэ нь “Эвертон”-ийн Премьер лигт байх хугацаандаа зарцуулсан нийт наймааны мөнгөнөөс ч их юм.

8 сар: Энэ бол Абрамовичийн гар дор ирсэн дасгалжуулагчдын хувьд дундаж хугацаа. Зөвхөн Моуриньо, Анчелотти хоёр л үүнээс удаан тэссэн юм.

9: Абрамович “Челси”-г авснаас хойш есөн жил өнгөрч буй шигээ яг есөн дасгалжуулагчийн нүүр үзжээ. Энэ нь 1937 оноос хойш “Манчестер Юнайтед”-ийг удирдаж буй дасгалжуулагчдын тоотой тэнцэж байна.

7: 2005 оноос хойш “Челси” долоон дасгалжуулагчийг халж, долоон цом хүртжээ.

Орчуулсан Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж