Эвслийн задрал Засгийн задралаас холуур байг

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Эвслийн задрал Засгийн задралаас холуур байг

“Шударга ёс” эвслийг урт наслахгүй гэдэгт мөрий тавьсан олон арван иргэн МАХН, МҮАН-ыг ажигласан шигээ сууж буй. “Хагарсан чулуу эргэж нийлдэггүй” гэдгээр зүйрлэвэл Монголд эв­лэж нэгдээд хол явсан улс төрийн эвсэл төдийгөөс өдий хүртэлх хугацаанд нэг ч гараагүй. Дээр нь, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын хувь улстөрчдийнх нь араншин эвслийг сонгуульд зориулсон бизнесийн гэрээ төдийхнөөр харж байгааг нь батлаад өгсөн. Их удалгүй М.Энхсайхан даргын зүгээс “МАХН-д итгэхээ байсан” хэмээн мэдэгдсэн бол МАХН-ынхны зүгээс “Хэний нэрээр эвсэл суудал авлаа” гэж заналхийлэх болсон. Тэд үүнийхээ төлөө “Эрт урьдын цагт буюу Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхад” гэх маягийн үлгэр ярьсан нь ч бий. Тэр ч бүү хэл шинэчлэлийн Засгийн газрын хувь заяанд олс углаж, хэзээ мөдгүй амь бөхөх тавилан хүлээж байгаа гэдгийг ч удаа дараа сануулсан. Сайдын томилгоог албан ёсоор зарлахаас өмнө баахан улстөржүүлсэн.

Дэд сайдын албыг ч тэр адилхан. Дундуур нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай “Үхэж байна” гэх зохиомол мэдээллийг тараахаа ч мартаагүй. Энэ бол Н.Энхбаяр гэгч хувь хүний улс төрийн тоглолт монголчуудыг сэхээрч амжаагүй байхад олон мянган нүүдлээр урагшилж болохыг илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр ч нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна. Ерөнхийлөгч асан маань 25 настай хонгор хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилуулж чадсан. Нөгөө томилгоо бүрийн хойноос үг дайж, тоймгүй олон асуулт асуудаг гишүүд ганц ч үг ган хийсэн нь үгүй. Амжилт, ерөөл хоёрынхоо алихан дундаар нь хараал урсганыг ч тааварлашгүй. Учир нь, тэд “Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд зөвхөн Э.Батшугар гэдэг энэ нэг залуугаар Монголбанк дутаж байсан юм шүү” хэмээн гөлөлзөх шиг болсон. Ерөнхийлөгч асны улс төрийн нөлөөний илэрхийлэл нь энэ. Харамсалтай нь, тэр ханаж задсангүй. Өөрөөсөө хамааралтай хэсэг нөхдийг өөр намаас урвуулж, дэргэдээ бат бөх гэгч нь наачихаад ч санаа сэтгэл нь тайвшрахгүй байна. Ч.Улааныг Д.Тэрбишдагватай, О.Чулуунбатыг Н.Удвалтай наагаад ч хүсэл нь биелсэнгүй. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяны амьтны элэг доог болгон барин Интерпол руу төрсөн дүүг нь эрэн сурвалжилж буй ажиллагааг зогсоох хүсэлт бичүүлээд ч шуналаа татсангүй. Тэр аймшигтай шуналтай бас аймшигтай хорлонтой хүн юм. Эцэг хүнийхээ  хувиар төрсөн үрээ улс төрийн бохир толголтод татан оролцуулж, түүнийхээ нэр төрийг золиослоно гэдэг яаж ч бодсон сайн аавын хийх үйл биш.

"Ерөнхийлөгч асны улс төрийн нөлөөний илэрхийлэл нь энэ. Харамсалтай нь, тэр ханаж задсангүй"

Хар л даа. Одоо “Миний хүүд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн алба багадаад байна. УИХ-ын гишүүн болго” гэж шахаад байгааг нь. Гэхдээ бүр Сүхбаатарын талбай, төрийн ордон, МАХН-ын байрнаас биш. Тэр шоронгоос ингэж шахаж, дарамталж байна. Уг нь жирийн хоригдлын хувьд сонгуулийн талаар байр суурь илэрхийлэх нь битгий хэл сонгуульд санал өгөх эрх ч эдэлдэггүй. Нэгэнт санал өгөх эрх эдлэхгүй юм чинь хүүгээ албан тушаалд томилно гэдэг бүр ч байж боломгүй зүйл. Гэтэл Н.Энхбаярын хүсэл улаан шугмаар бүтэж, Монголын улс төрийг жинхэнэ утгаар нь хөгжөөж байна. Наад зах нь, шадар сайд Д.Тэрбишдагва Н.Энхбаяр хийгээд түүний хүүгийн төлөө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “Би, чи”-дээ хүрчихлээ. Хөөрхий тэр Ц.Оюунбаатар гэдэг хүн өнгөрсөн таван сарын хугацаанд төрийн ордонд гоёлын хослолоо өмсч, “Төрийн сүлдэндээ би тангаргаа өргөнө дөө” гэсээр хэдэн ч удаа ирэв. УИХ-ын Тамгын газраас байсгээд л “Та бэлэн байгаарай. Маргааш тангаргаа өргөнө шүү” гээд л залгадаг гэнэ. Нөгөөх нь ч бэлтгээд л маргааш нь ирдэг аж. Харамсалтай нь, эцэс сүүлдээ МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан санаатайгаар тасалж, Ц.Оюунбаатараар ёстой л нэг тоглосон шиг тоглож байна. Ц.Оюунбаатарын тухайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай энэ асуудлаар чамгүй маргалдсаны эцэст “Таныг шүүх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээе” гээд амлачихаж. Айлын тал амлалтыг нь ашиглаж байгаа гэж жигтэйхэн. Үүнийг нь анзаарсан УИХ-ын дарга З.Энхболд сүүлдээ Ц.Оюунбаатараар тангараг өргүүлэхээр эрс шийдэж, “Ирцийг нь тасаар авч байгаа” хэмээн хэвлэлээр даналзав. Ардчилсан намын хувьд Э.Батшугар бус Ц.Оюунбаатар нь УИХ-ын гишүүнээр сонгогдох нь ашигтай учраас тэр. Чих зөөлөнтэй гэдгийг нь харгалзаж үзээд шүү дээ.

Үндсэндээ нөхцөл байдал эвгүй тийшээгээ хандаж байна. МҮАН-ынхан ямар ч тохиолдолд МАХН-ын дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн урвалтаас үүдэн харилцаа нь хачин эвгүй болчихсон улс. Тийм ч учраас тэд ч Ардчилсан намын нэгэн адил УИХ-д Э.Батшугарыг бус Ц.Оюунбаатарыг оруулж ирэхийг илүүд үзэх нь гарцаагүй. Энэ бол Н.Энхбаярын өдүүлсэн дайн. Д.Тэрбишдагва Н.Алтанхуягийн өөдөөс арсалдаж байна гэдэг бол арын фронтоос даалгавар өгсний илэрхийлэл. МАХН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд чуулганд суухгүй байна гэдэг Ерөнхийлөгч асны хүсэл сонирхолд хүлэгдэж орхисны баталгаа. Хамгийн гол нь М.Энхсайханыг хаана томилох вэ гэдэг эрх ашгаас эхэлсэн МҮАН хийгээд МАХН-ын зөрчил өдрөөс өдөрт хурдцаж байгаа нь энэ. Уг зөрчил дээр Ц.Цолмон гишүүний урвалт, ухралт гал дээр тос нэмэхийн дайтай хурцатгасан. Хэрэв дараагийн удаад УИХ дахь МҮАН-ын гишүүн МАХН-ыг дагаж шалтгаангүйгээр хурал таслахгүй бол тэр өдөр нь “Шударга ёс” эвслийн сүүлчийн өдөр байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Иймд Э.Батшугар гэх эрх танхи залуугийн ашиг сонирхлыг эвслийн хувь заяанаас дээгүүр тавилаа, тавилаа гэхэд засгийг задралд хүргэх бий гэдгээс болгоомжилж алхахыг нэр бүхий улстөрчдөөс хүсье. Задарсан эвсэл эргээд нийлэхгүй байж болно. Харин засаг задрахад улс л хохирох болохоор тэр ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж