Увсад мал бэлчээрлэх боломжгүй болсон

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Увсад мал бэлчээрлэх боломжгүй болсон

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Орон нутагт өвөлжилтийн байдал ямар байна вэ?

-Манай орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа. Түүний 30 орчим хувьд нь цасны зузаан 10 см-ээс дээш байна. Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Завханы Идэр, Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнз үйл, Уянга, Хархорин, Хужирт, Увсын Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Хяргас, Сэлэнгийн Ерөөл, Төв аймгийн Дэлгэрхаан, Чандмань суманд цасны зузаан 20-50 см хүрсэн.

Увс аймгийн зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болсон. Тиймээс ОБЕГ-ын дэд дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Мөн ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай өнгөрсөн баасан гаригт бүх аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай видео хурал хийж, чиглэл өгсөн.

-Мал бэлчээрлэх боломжгүй газар нутагт өвс тэжээл олгох ажил ямар шатанд байна?

-Улсын нөөцийн өвс тэжээлээс Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгийн малчдад бэлтгэсэн үнээр нь худалдаж эхэлсэн.

-Шатахууны нөөц хомсдож байгаа аймгуудад ямар арга хэмжээ авав?

-Аймагт бүрт өвс тэжээл, шатахуун, хүнс зэрэг нөөцийн салбар ажиллуулж байгаа. Шатахууны хомсдолтой байгаа Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхан олон удаа хүсэлт ирүүлсэн. Баян- Өлгийд 120 тонн шатахуун, Увсад 300 тонн дизель түлш, мөн тооны шатахуун, Ховдод тус бүр 100 тонн дизель түлш, шатахууныг тус тусын боомтоор татаж авсан.

-Хаагдсан зам даваа байгаа юу?

-Одоогоор хаагдсан зам даваа байхгүй. Орон нутгийн 49 цэгт Шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Тэд өдөрт орсон цасыг тэр дор нь арилгаж, зам давааг нээх зэргээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Цагаан даваа, Завханы Бургастайн даваа хаагдсан байсныг Шуурхай ажлын хэсгийнхэн нээсэн.

Б.ЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж