Хамгийн эхнийх нь болох Ёкохама хотын нэгэн бага сургуульд аллага хийх тухай бичлэг 6 сард интернетийн зарын сайтад байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар 19 настай оюутанг сэжиглэн баривчилав. Сэжигтэн эхлээд хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан боловч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, улмаар шүүхээр таслагдан тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ.
Олон хүнийг хамарсан аллага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай бичлэг энэ оны 7 сард Осака хотын веб хуудсанд хийгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар 2 дах эрэгтэйг сэжигтнээр татаж баривчилав. Сэжигтэн бичлэгт өөрийн жинхэнэ нэрийг бичсэн байсан нь, кибер гэмт хэргийн илрүүлэлтэд онцгой хүчин чармайлт гаргаж, жилд 100-аас олон тооны хэргийг илрүүлж буй тус хотын мөрдөн байцаагч нарт эргэлзээ төрүүлж байв.
Токио хотын нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдийн амь насанд халдана гэсэн бичлэг 8-р сард интернетэд байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар Фүкүока хотын оршин суугч эрэгтэйг сэжиглэн баривчилжээ. Тэрээр хэргээ хүлээсэн боловч яг ямар шалтгаанаар тухайн цэцэрлэгийг сонгож авсан тухайд тодорхой зүйл мэдүүлж чадахгүй байсан зэрэг нь мөн л эргэлзээ төрүүлж байв.
Олон хүнийг хамарсан аллага, дэлбэрэлт хийх тухай бичлэг 10 сард интернетэд байрлуулагдаж, 4 хоногийн дараа Миэ мужийн 28 настай эрэгтэй баривчлагдав. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хэргээ хүлээгээгүй байна. Харин бичлэг хийгдсэн өдөр тэрээр файлын нэр өөрчлөх нэгэн програмыг интернетээс татаж авсан тухай мэдүүлжээ. Мөн татаж авсан програм ажиллагаагүй байсан боловч түүний компьютерийн процессор их хэмжээгээр ачааллаж байгааг анзаарсан гэжээ.
Мэдүүлгийн дагуу нарийвчлан шинжилсэн цагдаагийн мэргэжилтнүүд сэжигтний компьютерээс IESys хэмээх урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусыг илрүүлэв. Уг вирус хэн нэгний компьютерийг алсаас удирдах боломжоор хангадаг байв. Өөрөөр хэлбэл таны компьютерийг дэлхийн хаа нэгтээгээс хэн нэгэн өөрийн мэт дураар удирдаж, интернет сайтуудад бичлэг хийх боломжтой ажээ.
Эндээс дээрх сэжигтнүүдийн хийсэн гэгдэх гэмт үйлдлүүд вирусны тусламжтайгаар хөндлөнгийн хүний хийсэн хэрэг байж болох талаар анх сэжиглэж эхэлжээ. Компьютерээс вирусыг устгасан тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүй бөгөөд интернетэд хийгдсэн гэмт хэргийн чанартай бичлэгүүдэд зөвхөн тухайн компьютерийн IP хаяг л үлдэх болно. Харин 10 сарын сүүлчээр интернет гэмт хэргээр мэргэшсэн нэгэн өмгөөлөгчид нэр үл мэдэгдэх нэгэн хүнээс мэйл ирсэн байна.
Мэйлд өөрийгөө өмнөх бичлэгүүдийг хийсэн жинхэнэ хэрэгтэн гэдгээ илчилж, сүүлийн сэжигтний компьютерт вирусыг устгалгүй зориуд үлдээсэн гэх мэтээр зөвхөн жинхэнэ гэмтний мэдэж байж болох мэдээллүүдийг дурдсан байв. Мөн цагдаа, шүүхийн байгууллагаар зугаацаж тоглоом хийх зорилгоор энэ бүхнийг хийсэн, хэргээ хүлээсэн сэжигтнүүдийг суллах эсэхийг мэдэх зорилготой гэсэн байжээ.
Эцэст нь цагдаагийн байгууллага уучлалт гуйж сэжигтнүүдийг сулласан түүхэнд байгаагүй үйл явдал болоод байна. Харин жинхэнэ гэмт хэрэгтэн вирусуудыг суулгах, өөр хүмүүсийн өмнөөс интернетэд бичлэг хийх, мэйл илгээхдээ мэдээллийг гадаад улсуудын хэд хэдэн сервэрүүдээр дамжуулан, өөрийн ул мөрийг чадамгай нууж чадсан учир түүнийг илрүүлэх боломжгүй хэмээн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм.
Эхний буюу Ёкохама хотын сэжигтэнг мөрдөн шалгах явцад хэргээ өөрөө хүлээвэл шоронд орохгүй, бараг шийтгэлгүй өнгөрнө хэмээн цагдаа нар дарамт шахалт үзүүлж байсан нь тодорхой болоод байна. Харин Фүкүока хотын сэжигтэн өөрийн хамтан амьдрагч эмэгтэйн хийсэн үйлдэл хэмээн ойлгож, түүнийг хамгаалах зорилгоор хилс хэрэг хүлээснээ мэдэгджээ. Буруугүй хүмүүсийг хилсээр хэрэг хүлээлгэж, заримыг нь шүүхээр ялласан явдал нь хэдийгээр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах ажиллагааны алдаа дутагдлаас шалтгаалсан боловч нөгөө талаас гэмт этгээдүүд интернет орон зайг ашиглан буруугүй хэнийг ч буруутан болгох боломжтой гэдгийг энэ хэрэг харуулж байгаа юм.
Шүүх, цагдаагийн байгууллага ч зөвхөн IP хаяг мэтийн техник технологид чиглэсэн мөрдлөгөд тулгуурлах бус, тухайн хүнийг буруутан эсэхийг тодорхойлох хүнд чиглэсэн мөрдөн байцаах ажиллагаа явуулах шаардлагатайг харуулж байна. Энэ удаагийн хэрэгт ашиглагдсантай адил вирусыг хэн нэгэн онцгой чадвартай хүн бус, програм хангамжийн тодорхой хэмжээний мэдлэг бүхий ямар ч хүн зохиох боломжтой гэгдэж байна.
Мөн энэ удаад гэмт хэрэгтний үйлдэл зөвхөн интернетэд бичлэг хийгдэх төдийгөөр хязгаарлагдсан боловч интернет банк, интернет худалдаа зэргээр их хэмжээний мөнгө кибер орчинд эргэлдэж байгаа, мөн жижиг хэмжээний комьютер болох ухаалаг утас олон тоогоор түгэн дэлгэрч, түүгээр гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээ удирдахаас авахуулаад өргөн хүрээнд ашиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд адил аргаар ямар ч хүнд хэлбэрийн гэмт үйлдэл хийгдэхийг тааварлахад ч бэрх юм.
Нөгөө талаас интернет ашиглагч хэн бүхэн энэ талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэг, хамгаалалттай байхгүй бол өнөөдөр ч гэмт хэрэгтэн болин хувирахад амархан гэдгийг сануулж байна. Ийм төрлийн гэмт үйлдлээс бүрэн хамгаалах нь одоогоор бараг боломжгүй гэгдэж байгаа боловч, вирусны эсрэг програм ашиглаж вирусны мэдээллийг тогтмол шинэчилж байх (апдэйт хийх), сэжиг бүхий элдэв програмыг интернетээс татаж авахгүй байх, компьютерээ хэрэглээгүй, мөн шаардлагагүй үед интернет холболтыг салгаж байх нь тодорхой хэмжээгээр сэргийлж чадна гэдгийг хамгаалалтын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Дашрамд дурдахад интернетийн цахим гэмт хэргийн талаархи аюултай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа тухай Дусал блогийн нийтлэлийг уншаад түүнд дурдагдсан гэмт хэргийн тухай өмнө нь бичиж өөрийн блогийн Draft-д хадгалж байсан бичлэгийг гаргаж ирэв. Интернет, нийгмийн сүлжээ олон хүний өдөр тутмын хэрэглээ болж, интернет орчин хүмүүсийн хоорондын харилцааны ихээхэн хэсгийг бүрдүүлэх болов.
Энэ утгаараа манайд интернетийн орчинд зориулсан хууль зайлшгүй шаардлагатай боловч түүнийг боловсруулахын тулд олон талаас нь судлах шаардлагатайг, мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй, кибер гэмт хэргийн эсрэг тэмцэх арвин тушлагатай япончуудыг хүртэл барьц алдуулсан дээрх жишээ тод харуулж байна.