“Ирцээ бүрдүүлэх нь эрх баригч намын ажил”

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

“Ирцээ бүрдүүлэх нь эрх баригч намын ажил”

УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаараа өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг авч хэлэлцжээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт УИХ-д үүссэн гацааг авч хэлэлцсэн байна. Тэр тусмаа өнгөрсөн долоо хоногт саатсан УИХ-ын гишүүдийн тангараг өргөх асуудал хийгээд бусад асуудлыг хэлэлцэх зэрэг нь МАН-ын гишүүдээс болоогүй, парламент дахь олонхийг бүрдүүлж байгаа, Засгийн газрыг хамтран барьж байгаа хүчнүүдийн өөрсдийнх нь ур чадвар, ажлын дадлага туршлагагүйгээс болсон хэмээн үзжээ. УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрсэн бас нэг шалтгаан нь Ардчилсан намын бүлгийн 10 -аад гишүүн гадаадад явж байсан нь ирц хүрэхгүйд нөлөөлсөн хэмээн тэд хэлэв.

Хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай байв. МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялалт байгуулсан нь амжилттай оролцсоныг илтгэж байна гэж намын гишүүд үзэж байгаа ажээ. Тиймээс “Хавтгайд нь ялалт байгууллаа хэмээн мэдэгдэж байсан Ардчилсан намынханд Ардын намынхан хавтгай цохилт өгсөн гэж хэлж болно” хэмээн бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдэв.

Гурав дахь асуудал нь Засгийн газраас гаргаж байгаа бондод цөөнх хяналт тавьж, үр дүнг нь нягтлах ёстой хэмээн үзэж, Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан явдал байв. “Бондыг үр дүнгүй ашиглавал ирээдүй хойч үед өр болж үлдэнэ. Тиймээс  Засгийн газраас эхний ээлжинд гаргахаар төлөвлөсөн 1.5 тэрбумын бондыг тодорхой бүтээн байгуулалтын ажилд зарцуулах жагсаалтыг УИХ –аас гаргах нь илүү хяналттай болно” хэмээн тус бүлэг үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол онцлов.

Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

-Орон нутгийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо үндсэнд нь танилцуулж байна. Цаашид анхаарах асуудал юу байна гэж танай бүлэг үзсэн бэ?

-Д.Оюунхорол: Орон нутгийн сонгуулийн үр дүнг харвал Монголын ард түмэн МАН, Ардчилсан нам хоёрт саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа болон эрх барьж байсан хоёр том намд л саналаа өгдөг юм байна гэдэг нь ийнхүү УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиар давхар батлагдлаа. Мөн хоёр нам тэнцүү шахам суудал авч байна. Энэ нь Монголын ард түмэн энэхүү хоёр улстөрийн хүчинг төлөвшөөсэй, сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрч, ард түмнийхээ итгэлийг дааж хамтарч ажиллаасай гэсэн сонгуулийн дүн гарлаа гэж үзэж байна. Одоо Засгийн газрын хувьд МАН-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд олонхи болж ялалт байгуулсан аймгууд дээр Засаг даргыг томилж ялалтыг нь баталгаажуулж өгөх явдал. Энэ асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцоно гэж намын бүлэг дээр ярилцсан. Хоёр дахь анхаарах асуудал нь автомат машины тооллогын дүнг гараар нягталж шалгаж үзье гэж МАН-ын дарга өнгөрсөн намар УИХ-ын даргатай санал солилцсон байдаг. Тиймээс үүнийгээ одоо ажил хэрэг болгох ёстой.  Тэр дүн сонгуулийн дүнд нөлөөлөх ёсгүй. Гол нь автомат санал тооллогын машин болж байна уу гэдгийг нягтлах нь эргэлзээтэй асуудлыг тайлна. Олон нийтийн дунд бас их эргэлзээ байна. Тухайлбал, сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймагт 575 саналын хуудас хүчингүй болж нэр дэвшигч нь тухайн суманд ялагдал хүлээж байна гэдэг харамсалтай байна, Хан-Уул дүүрэгт бас ийм зүйл яригдаж байгаа учраас асуудалтай байна. Тиймээс нягтлах хэрэгтэй.

-МАН бүлэгтэй болох асуудал энэ долоо хоногийн чуулганаар эцэслэгдэх боломжтой юу?

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуулийг манай намын бүлэг дэмжиж байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ бол зөвхөн бүлэг байгуулах хүсэлтийг хэлэлцэх гэж байгаа юм биш, цаашдаа Монгол Улсын Их хурал хугацаатай завсарлага авдаг байх юм уу, УИХ-ын даргыг сонгохдоо анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь даргалж, томилдог байх юм уу гээд маш олон асуудал бий. Энэ бүхнийг өргөн баригдсан хүрээнд нь дэмжиж байгаа. Гол нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч ирцгүйгээс болж чадаагүй. Үндсэндээ Ардчилсан намын бүлгийн гишүүд тус хуралдаанд ирээгүйтэй холбоотой. Гэтэл нөхцөл байдлыг харахаар сөрөг хүчний дуу хоолойг сонсох хэрэгтэй байна, ард иргэдийн 40 хувь нь саналаа өгсөн шүү дээ, МАН-ынханд итгэл хүлээлгэж… Тэгэхээр энэ долоо эл асуудлыг хэлэлцэх байх аа гэж бодож байна.

-Гэхдээ танай намын гишүүд Өвөрхангайгаас орж ирэх хоёр нэр дэвшигчийн тангаргыг өргүүлэхгүй байхын тулд УИХ-ын чуулганы хуралдааныг тасалж, ирц бүрдүүлэхгүй байх талд “бойкот” хийгээд байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-д олонхи болж байгаа намууд өөрсдийнхөө хүлээсэн үүргээ биелүүлээд явах ёстой. Ардын намынхан УИХ-ын чуулганд орохгүйгээс болж төрийн ажил гацаж байна, Ардын нам хурлыг гацааж байна гэж хэлж байгаа нь өрөөсгөл. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа намууд маань 46 суудалтай. Тэр утгаараа 46 суудалтай намынхан ирцээ бүрдүүлээд, ачааныхаа хүндийг үүрээд явах ёстой. Бид гацаасан, цааргалсан юм байхгүй. Айл гэрийн эзэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хоол ундтай байлгахаа хариуцдаг. Түүнтэй адилхан эрх барьж байгаа юм бол хамтарсан Засгийн газар байгуулсан юм бол өөрсдөө ажлаа сайн хийх ёстой. Өөрсдөө сайн ажлаа хийгээгүй байж, хариуцлагаа хүүхэддээ үүрүүлээд байх нь буруу. МАН бол цөөнх, зөвд зөөлөн, бурууд хатуу хурц байна.  Яаж ирцээ бүрдүүлэх, яаж асуудлаа авч явах нь эрх барьж байгаа намуудын удирдаж байгаа удирдлагуудын менежмэнт ур чадвартай л холбоотой асуудал. МАН-д бурууг тохох гэж муйхарлах нь өөрөө өрөөсгөл.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж