Энэ үеэр Ерөнхий захирлын орлогч Д.Мохамад Хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх Хэлэлцээрийн эх хувийг гардуулж, төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэгдэв. Мөн тэрбээр хорт хавдартай тэмцэхэд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэхэд Монгол Улс үргэлж анхаарч ирснийг тэмдэглээд энэ чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ОУАЭА-д талархал илэрхийлжээ. Хорт хавдрын эмчилгээний чиглэлээр манай улс ОУАЭА-тай сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааг эрчимжүүлж, тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь уг төсөл юм. Төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх тасгийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийх юм.
Цөмийн технологийг иргэний зориулалтаар ашиглах, чингэхдээ хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ус, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт нэвтрүүлэх нь ОУАЭА-ийн үйл ажиллагааны чухал чиглэлийн нэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт, түүний дотор хорт хавдартай тэмцэх ажилд нийт 800 мянга орчим ам.долларын өртөг бүхий төслийг ОУАЭА-ийн шугамаар хэрэгжүүлээд байгаа бөгөөд манай эрүүл мэндийн салбарын 50 гаруй мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгааны ажилд хамрагдаад байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.