Гурван түрээслэгч өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Гурван түрээслэгч өлсгөлөн зарлана гэв

“Хүчит шонхор” захад түрээслэдэг байсан лангуугаа үл мэдэх шалтгаанаар хураалгаж, лацдуулсан гурван түрээслэгч өнөөдөр өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Тэд өнөөдөр үдээс өмнө Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд гэр барьж эхлээд байлаа. “Хэрвээ захын удирдлага тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол эдгээр хүмүүс дээр өлсгөлөн зарлах өөр хүмүүс нэмэгдэнэ” гэж өлсгөлөн зарлахаар шийдсэн гурван хүний нэг, түрээслэгч Ц.Сайнзаяа хэллээ. Тэрээр “Хүчит шонхор” захын түрээслэгчдийн Үйлдвэрчний холбооны тэргүүн юм байна.

Үйлдвэрчний холбооны зүгээс захын удирдлага болон түрээслэгчдийг хоёр талт ямар нэг хөдөлмөрийн гэрээ хийж, ажлын байраа баталгаажуулахыг шаардаж байгаа аж.  “Түрээслэгчдийн асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт байхгүйг захын удирдлага овжиноор ашиглаж байна. Ажлын байрны баталгаа байхгүй. Худлаа хэлдэг хүнд бол нэг муухай харахад л маргааш нь лангуугаа лацдуулж алддаг. Тийм болохоор байнгын дарамтад ажилладаг бид ажлын байр, санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулж авахаар тэмцэж байгаа юм” гэж тэрбээр өлсгөлөн зарлахаар шийдсэн шалтгаанаа тайлбарлав. 
 

Тэдний ярьснаар, өнгөрсөн жил захын удирдлага лангуу түрээслэгчдээс гурван сая төгрөг хурааж авчээ. “Лангууны эрэлт их байна. Гурван саяыг өгөхгүй бол дараагийн хүн орууллаа” хэмээн сүрдүүлж, нийт 156 сая төгрөг хурааж авсан гэнэ. 10-20 жил лангуу түрээсэлж, амьдралаа залгуулж ирсэн түрээслэгчид аргагүйн эрхэнд тэр мөнгийг өгсөн байна. Түрээслэгчид одоо ямар ч үндэслэлгүйгээр өгсөн мөнгөө буцааж авахыг шаардаж байгаа юм. Тэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт гомдол мэдүүлж, Засаг даргын зүгээс захын удирдлагад Хамтын ажиллагааны гэрээ хийх үүрэг өгсөн ч байдал дээрдээгүй байна.  “Үндэслэлгүйгээр торгодог, дуртай цагтаа түрээсээ нэмдэг, шаардлага тавьсаных нь төлөө ажлын байрыг нь лацдана гэж сүрдүүлдэг энэ байдлыг зогсоохын тулд эцэстээ өлсгөлөн зарлахаас өөр арга байхгүй байна” хэмээн түрээслэгчид ярьж байлаа.

“Хүчит шонхор” захын захирал нь Т.Сайнхүү гэж хүн байдаг ажээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж