кёрлингийн холбоо өвлийн спортын шинэ төрлийг эх орондоо хөгжүүлэхээр
2011 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд
гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр түлхүү ажилласны үр дүнд одоо
Монголын кёрлингийн холбооны шигшээ багийн тамирчид олон улсад зохиогдох
бүхий л тэмцээнд оролцох боломжтой боллоо. Тодруулбал, өнгөрсөн
дөрөвдүгээр сард Швейцарийн Базель хотод Дэлхийн кёрлингийн холбооны
Ерөнхий ассамблей болж, Монголын кёрлингийн холбоо 49 дэх гишүүнээр
элссэн байна. Харин энэ удаад Шинэ Зеландын Насеби хотод Ази Номхон
Далайн Орнуудын Кёрлингийн Холбоо /АНДОКХ/-ны Ерөнхий Ассамблей болсон
бөгөөд тус ассамблейд Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч
С.Нацагдорж оролцож, албан ёсны гишүүнээр элсчээ. Мөн Монголын
кёрлингийн холбооны шигшээ багийн тамирчид Азийн орнуудад хамтарсан
бэлтгэл сургуулиалт хийх, гадаад мэргэжилтэнг урилгаар эх орондоо
ажиллуулах, дасгалжуулагчийн сургалт семинар зохион байгуулах зэрэг ач
холбогдол бүхий олон асуудлыг ярилцаж тохиролцсон байна. Ийнхүү
АНДОКХ-ны гишүүн болсноор Монголын кёрлингийн баг тамирчид тив, дэлхийд
зохиогдох бүхий л тэмцээнд оролцох үүд хаалга нээгдэж байна.
Шинэ Зеландын Насеби хотод кёрлингоор амьсгалсан өдрүүд үргэлжилсэн
гэхэд болно. Ассамблейгаас гадна жил бүр зохион байгуулагддаг Ази номхон
далайн орнуудын кёрлингийн аварга шалгаруулах тэмцээн давхар зохион
байгулагджээ. Эрэгтэй 7, эмэгтэй 6 нийтдээ 13 баг оролцсон байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд Австрали, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Шинэ
Зеланд, Казакстан гэсэн 6 орон, 2013 оны 3-р сард Латвийн Рига хотод
болох эмэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөө өрсөлджээ.
Казакстаны шигшээ багийн хувьд анхны олон улсын тэмцээн нь байсан бөгөөд
ганц ч хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгасан байна. Харин олимпийн
хүрэл медальт тамирчнаар хүчээ зузаатгасан Хятадын эмэгтэй шигшээ баг
Японыг 10-4 харьцаатай ялснаар алтан медаль хүртэж, 2004 оноос хойш 9
дахь жилдээ дараалан тус тэмцээний финалд шалгарсан гэх амжилтаараа Ази
тивийн шилдэгийн шилдэг гэдгээ баталгаажуулж байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд Австрали, Хятад, Тайвань, Япон, Өмнөд Солонгос,
Шинэ Зеланд, Казакстан гэсэн 7 орон оролцсон байна. Эрэгтэйчүүд мөн л
адил 2013 оны 3-р сард Канадын Викториа хотод зохиогдох ДАШТ-нд оролцолх
эрхийн төлөө өрсөлдлөө. Финалд мөн л Хятадын шигшээ баг Японыг 6-2ийн
харьцаатай ялснаар тус тэмцээнээс дараалсан 6 дахь цомоо хүртжээ. Харин
хүрэл медаль Австралийн шигшээ багт очсон байна. Тэд Өмнөд Солонгосыг
10-7ийн харьцаатай буулан авчээ.