“Төмөр зам, нефтийн үйлдвэрийг санхүүжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

“Төмөр зам, нефтийн үйлдвэрийг санхүүжүүлнэ”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас гаргаж гадаад зах зээл дээр амжилттай арилжаалсан 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийжээ.

“Чингис бонд”-ыг тойрсон зарим асуудлаар сэтгүүлчид Сангийн сайдаас тодруулсан юм.

-Бондоор эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлнэ гэжээ. Эдгээр нь ямар төсөл байх вэ?

-Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл гэдэг бол эдийн засгийн өндөр үр ашиг авчрах, авсан зээлээ төлөөд эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх төслүүд юм. Юуны өмнө төмөр замын төслүүд байна. Төмөр замаар дамжиж далайд хүрэх ёстой. Төмөр зам бол өндөр үр ашигтай салбар. Монголын нутаг дэвсгэр дээр 1800 км төмөр зам тавих ёстой. Үүнийг санхүүжүүлнэ. Эрчим хүчний төсөл бий. Цахилгааны тавдугаар эх үүсвэр, дулааны эх үүсвэр, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийг эрчим хүчээр хангах, гаднаас авдаг эрчим хүчийг нөхөх төсөл юм. Нүүрс, нефтийг боловсруулж, дотооддоо шатахуун үйлдвэрлэх төсөл байна. Өөрийнхөө боломжийг үүнд ашиглана. Металлургийн үйлдвэр байгуулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийг тэргүүн ээлжийн ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа. Түрүүч нь бэлэн болсон. Эдгээрийг Засгийн газраар хэлэлцэнэ.

-Бондын хүү 3,5 хувиас дээш гарвал Монголд ашиггүй гэсэн яриа байгаа. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Уг нь гурван хувь дээр байж байвал үр ашигтай. Засгийн газрын шийдвэрээр урьд өмнө авч ашиглаж байсан зээлүүдийг ихэвчлэн нийгмийн асуудал, дэд бүтэц, төр, төсвийн үйл ажиллагааг хангахад зориулж байсан. Энэ удаагийн бондын хөрөнгийг дээр хэлсэн эдийн засгийн өндөр үр ашигтай төсөлд зарцуулах юм. Тэгэхээр зарцуулалт нь урьд өмнөхөөс өөр. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгт өгдөг зээлтэй ижил үзэж дүгнэж болохгүй. Зээл уг нь хүүгүй шахам байвал бүр сайн. Гэхдээ бусад улс оронтой харьцуулах хэрэгтэй. Сая Шри-Ланк улс бас бондоо зарлаа. Таван жилийн хугацаатай, 5,88 хувийн хүүтэй арилжсан. Украины нэг тэрбум ам.долларын бонд 7,8 хувийн хүүтэй боллоо. Сая бид 1,5 тэрбум ам.долларын бондыг 4,125 хувийн хүүтэй гаргалаа. Үр дүнтэй ашиглавал үүнээс илүү өгөөжтэй байж болно. Хятадын банк 3,8 хувийн хүүтэй бонд зарлаа. Хятад бол шингээх чадвар сайтай, олон жил бонд гаргасан туршлагатай орон. Үүнтэй ойролцоо хүүтэйгээр Монгол Улс бондоо арилжсан нь амжилт.

Энэ удаагийн бонд гаргахад Засгийн газар хоёр ажлын хэсэг гаргаж Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулан Ази, Европт ажиллуулсан. Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, яамдын ажилтнууд ажлын хэсэгт орсон. 14 хоногийн хугацаанд өдөр тутам 50-60 гаруй уулзалт, арваад хурлыг хөрөнгө оруулагчидтай хийж байсан. Хөрөнгө оруулагчид Монголыг их сайн судалсан байна. Мэргэжлийн өндөр төвшинд хэлэлцүүлэг болдог юм байна. Маш том сургамж болж сайхан эхлэл тавигдлаа. Авсан хөрөнгөө зөв, сайн ашиглавал илүү өндөр нөхцөлтэйгөөр цаашид бонд борлуулах боломжтой. Хэрэв амжилтгүй ашиглавал тийм боломжгүй болно. Тэр бүр улс орнуудын борлуулах бонд амжилттай болдоггүй. Сая ОХУ бондоо зарж чадалгүй цуцаллаа. Улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн чадавхийг шалгах том зүйл болдог.

-Бондын эх үүсвэрээ хаагуур дамжуулж авах вэ?

-Төрийн сангаар дамжиж орж ирнэ. Хөгжлийн банкаар дамжуулж гүйцэтгэнэ. Бас ажлын хэсэгт орон ажиллаж байгаа Худалдаа хөгжлийн банк үнэт цаас гаргаж байсан туршлагатай, хөрөнгө оруулагчидтай харилцаатай. Дөрвөн том банк буюу АНУ-ын банк, Дойче банк, Хон Конг, Шанхайн банкны корпорац зэрэгтэй хамтарч ажилладаг банк юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж