-Дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийг гаргасан уу?
-Хуульд дахин санал хураалтын ирцийг харгалзана гэж заагаагүй, ирсэн ирцээр нь тооцно гэсэн заалттай тул албан ёсны ирцийн мэдээ гаргаагүй.
-Дахин санал хураалтын дүнгийн тайланг аймаг, дүүргүүд тус тусдаа гаргаж ИТХ-даа танилцуулах хуулийн заалттай. Одоогоор манайд санал хураалтын дүн нь ирснээс санхүүгийн тайлан нь ирээгүй байна.
-Орон нутгийн сонгуультай холбоотойгоор гомдол санал Сонгуулийн тойргийн хорооноос ирсэн үү?
-Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргээс нэг гомдол ирсэн. Тэр нь автомат машины цагны батерей дууссан тул санал хураалтыг хүчингүй болгосон гэсэн гомдол. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо дээрх шалтгаанаар ийм шийдвэр гарсан юм байна. Хуульд автомат машины цагны батерей дууссан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох тухай заалт байхгүй. Хуульд автомат машины дүн нь сонгуулийн дүн байна гэж заасан. Саналыг хүчингүйд тооцох хэд, хэдэн үндэслэл бий, энэ нь сонгогчийн ирц хүрээгүй, хуурамч саналын хуудсаар санал өгөх гэж оролдсон тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог.
-Хөвсгөл аймагт сонгуулийн дүнтэй холбогдуулан Ардчилсан намынхан нь гомдол гаргаад байгаа гэсэн, танайд энэ асуудал ирсэн үү?
-Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүрэг дэх Ардчилсан намынхан аймгийн сонгуулийн хороо, дүүргийн Сонгуулийн хороондоо гомдол гаргасан юм билээ. Энэ гомдол нь эхлээд цагдаагаар шалгагдаж тогтоогдоод, шүүх хянан шийдвэрлэх юм болдог. Хэрвээ цагдаа гомдлыг нь тогтоохгүй, шүүх шийдвэрлэхгүй бол тухайн шатны тойргийн хорооны тогтоол нь хүчин төгөлдөр үйлчлээд явчихдаг. Бидний авсан мэдээллээр Хөвсгөл, Сонгинохайрхан дүүрэг дээр орон нутгийн сонгуультай холбоотой гомдол шүүхээр явж байгаа юм билээ.